Хятадууд Улаанбаатарт нэгдсэн эмнэлэг, сургуулиуд барихаар болжээ
Манай улсад эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудал дутуу гучуу байсаар, улстөрчид уг асуудлаар сонгуулийн шоу хийдэг байдал хадгалагдсаар өдийг хүрч байгаа гэхэд болно. Тэгвэл Хятад улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатарт нэгдсэн эмнэлэг барихаар болсон байна.
Хотын дарга С.Батболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминтай уулзах үеэрээ “Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг учир сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барихад анхаарал хандуулж, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг тавьжээ. Харин элчин сайд Шин Хаймин “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр, Туул гол, Баянзүрх, Сонсголонгийн төмөрбетон гүүрийг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих ажил эхлээд явж байна. Мөн Манай улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Улаанбаатар хотод айлчлах үеэрээ гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсонг Та мэдэж байгаа байх. Эдгээр ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ажиллах болно. Түүнчлэн БНХАУ-ын Элчин Сайдын яамнаас Улаанбаатар хотод нэгдсэн эмнэлэг барина” гэсэн байна. Мөн тэрээр Хятадын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотод олон сургууль барихаар төлөвлөж байгаа гэдгээ хэлжээ.
URL: