Ардчиллыг гайтуулсан М.Энхсайхан
Хэлгүй, дүлий байсан хүн гэнэт л хэн нэгнийг өмөөрөн “үгүй” гэсээр хэлд орчихлоо. Асуусан асуултанд хариулаад байгааг нь бодвол бас чих нь юм дуулдаг болсон бололтой. Энд би нэгэн бяцхан хүүгийн тухай биш Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы тухай хэлж байна.
Монголд ардчилалыг хөгжүүлэх гээд өчнөөн жил олон хүн хүч хөдөлмөр, амь биеээ хайрлахгүй олон хүн хичээсэн боловч үл мэдэгдэх шалтгаанаар ардчилал нэг л сайн төлөвшиж өгөхгүй байна.
“Чиний юу гэж хэлсэн, юу үйлдэж байгаа чинь чамайг яг хэн бэ гэдгийг чинь тодорхойлно” гэж К.Маркс хэлсэн байдаг. М.Энхсайхан гавъяат маань яг хэн бэ гэдгээ хэрхэн илэрхийлж байсан тухай энд цөөн хэдэн өгүүлбэрээр сийрүүлье.
“Ард баян бол улс баян”. Энэ бол манай намын барууны бодлогын эрхэм чухал зүйл та нар бүү март” гэж өчигдөрхөн сургаж байсан гавъяат маань өнөөдөр алсын Америкад байдаг барууны бодлого Монголд идээшихгүй гэж хэлж байх юм. Би буруу ойлгоогүй бол барууны үзэл л Монголд тохирно гэж хэлж байснаа маргааш нь тохирохгүй юм байна гэж хэлж байна. Энэ чинь одоо юу болоод байна аа? Зориуд Монголчууд биднээр даажигнаад байгаа юм уу? Эсвэл хэлсэн, хийснээ мартчихдаг хөгжлийн бэрхшээлтэй нөхөр юм уу? Өнөөдөр хэлсэнээ маргааш нь мартаж нөгөөдөр нь буцдаг нь хаанахын ёс бэ? Лав л Монголын ёс биш.
М.Энхсайхан: “Хэн нь “гадаад” нам бэ, хэн нь “монгол” нам бэ гэдгээр ялгарах цаг болж байна” гэж “Монцамэ”-д өгсөн 2011 оны 9-р сарын 21-ний ярилцлагандаа хэлжээ. Үнэн хэрэгтээ улстөрийн шинжлэх ухаанд барууны үзэл баримтлалтай нам, зүүний үзэл баримтлалтай нам гэж л байдаг болохоос биш “Монгол нам”, “Гадаад нам” гэсэн ойлголт байхгүй. М.Энхсайханы хийж буй үйлдэл, хэлж буй үг өгүүлбэр нь бүгд “би мэдлэггүй, би мэдлэггүй, би мэдлэггүй” гэж хэлж буйтай яг адилхан сонсогдож байна.
М.Энхсайхан та 2011.10.12-нд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагандаа: “Эвсэлдэхийн утга нь оюун ухаан, өөр өөртөө байгаа бололцоогоо нэгтгэх явдал юм” гэсэн байсан. Эвсэж болноо. Гэхдээ улстөрийн шинжлэх ухааны үүднээс зүүний нам барууны намтай нэгдэж эвсэл болно гэдэг бол улс төрийн тухай мэдлэг өчүүхэн төдий байхгүй гэдэг нь харагдаж байна. Улс төр гэдэг үгийг хэлэхэд хамгийн түрүүнд барууны үзэл баримтлал, зүүний үзэл баримтлал хоёр толгойд бууж байх ёстой. МАХН бол зүүний буюу социал демократ үзэл баримтлал бүхий нам гэж зарласан. МҮАН үндэстнээ дээдэлсэн барууны үзэл баримтлал бүхий нам гэж та мэдэмхийрсэн.
Энэ хоёр нийлэх нь онолын хувьд ч, олон улсын практикд ч байж боломгүй үзэгдэл юм. Энэ тухай сонссон Монголын улстөр судлаач нар “ийм аймаар онигоо энэ насандаа сонссонгүй” гэж элэг нь хөших шахаж байсныг би тод санаж байна.
Ардчилсан намын барууны үзэл баримтлал бол улс эх орноо хөгжлийн цоо шинэ замд гарцаагүй хөтлөн оруулах болно” гэж хэдэн жилийн өмнө та боломж гарвал л хэлж байсанг чинь Монголчууд бид мартаагүй. Харин өнөөдөр “Ардчилсан намаас гарсандаа би туйлын баяртай байна. Барууны үзэл баримтлал Монголд тохирохгүй. Монголд Үндэсний л бодлого хэрэгжвэл илүү үр дүнтэй. Монголыг үндэсний бодлого л аварч чадна” гэж байх юм. Та өөрөө өмнө хэлсэнгээ мартчихаад ингэж хэлж байна уу? Эсвэл Монголчууд биднийг хоёр гуравхан жилийн өмнөх юмаа мартчихдаг тийм оюуны хомсдолтой хүмүүс гэж доромжлоод байгаа юмуу?
Энэ хэдэн үйлдлээс нь харахад М.Энхсайхан та улстөрийн ямар ч байр суурьгүй, улстөрийн ямар ч мэдлэггүй гэдгээ батлан харууллаа.
Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга болсонд тань баяр хүргэе. Гэвч таны үндэсний үзэлтэй намын чинь мөрийн хөтөлбөрт үндэсний гэх үнэр алга. Үндэсний гэсэн үзэл баримтлалд чинь Монголыг зугуухан мэрэхдээ шарын шашныг ашиглаж байсан Манжийн бодлогыг шигтгэсэн нь таныг зүгээр л хөөгдсөн улс төрдөө эргэн орох гарц хайсан арчаагүй нэг бодлого л байна. Манжийн бодлогыг ашиглан Монголын ард түмнийг сүсэг бишрэлээр нь далимдуулж масс татах хамгийн атгаг бодол буй нь илт. Та хөгжлийг олон сүм дуган барьснаар нь үнэлбэл таны зөв болно. Хүн ардыг нь ядууруулж, өсөлт хөгжлийг сааруулсан Манжийн бодлогоыг ашиглана гэснээрээ Монголыг үгүй хийх гэж үзсэн Манж чин гүрний гүйцэлдүүлж чадаагүй тэр бодлогыг үргэлжлүүлэгч, залгамжлагчаас ялгаагүй байна.
Эндээс харахад та Монголын түүхээс хол хөндий хүн ажээ. Эндээс харахад Монголчуудын сүсэг бишрэл итгэл үнэмшлийг нь далимдуулж улс төрд гарах гарц хайсан явцгүй үзэлтэн л болж таарч байна. Шашиныг улстөрийн арга хэрэгсэл болгон ард түмнийхээ санаа бодлыг барих гэсэн атгаг санаа чинь эргээд ардчилал Монголд төлөвшихөд гай болж байна.
Хэрээ хэрээнийхээ харыг харж гайхав гэдэг шиг МАНАН-д байгаа нөгөө хэдийгээ олигархиуд гэж нэр зүүж хуруугаар чичлэх хэрэг байсан юм уу? Та ч бас олигархийн том төлөөлөл гэдгээ мартаж болохгүй. М.Энхсайхан таныг Ерөнхий сайд байхад Эрэл компанийн Б.Эрдэнэбат орон сууц нууцаар өгсөнийх нь (авилгынх) хариуд та Зүүн дөрвөн замаас Нарантуул захын баруун урд уулзвар хүртэлх ганцхан км шахам замд тэрбум төгрөг төсөвлөж, Эрэл компаниар зам тавиулсан. Уг нь та “Ерөнхийлөгчийн сонгуульд орж байхдаа “Авилгачдыг цээрлүүлнэ” гэсэн уриатай оролцож байсан санагдана.
Авилгал ардчиллыг булшилдаг. Та бас авилгал авдаг, өгдөг байсан учраас ардчилал Монголд төлөвшихөд гай болоод байна.
Чив чимээгүй байсан та гэнэт гарч ирчихээд бэлдсэн үгнүүдээ уншиж байгаа мэтээр баахан ярилцлага өгөөд уналаа. Яг ямар хүсэл, зорилго өвөртлөөд эргээд улстөрд орж ирэх гээд улстөрийн хаалга тогшоод байна? Та өмнө нь ямархуу ажил Монголын төлөө бүтээсэн билээ?
М.Энхсайхан та Ерөнхий сайд байхдаа “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр эцсийн дүндээ Монголд нинжа хэмээх нэгэн нийгмийн давхаргыг бий болгосон ба нинжа нарын үхэл нохой үхсэнтэй ялгаагүй болсон. “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээс хойш хэдэн зуун Монгол залуус нас барлаа. Үүнээс гадна Монголын байгаль маань сүйрч, экологийн тэнцвэр алдагдаж, унаган төрхөө гээж, хүн байтугай амьтан амьдрах нөхцөлгүй болсон. Үүний эхлэлийг М.Энхсайхан таны хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөр тавьсан гэдэгт хэн ч маргахгүй.
Хэдхэн жилийн өмнө МИ-8 нисдэг тэрэг осолдож олон сайхан залуучууд маань ид хийж бүтээх насандаа амь насаа алдаж байхад тэр цагийн Засгийн газрынхан та нар ямарч арга хэмжээ аваагүй цаг алдсан нь үнэн. Олон хүний амь насыг аварч чадаагүйнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой. Нисдэг тэрэг сүйрч байхад Чингис зочид буудалд У.Хүрэлсүхийн төрсөн өдөрт авгай хүүхдүүдтэйгээ тансаглаж байсан нь ч бас үнэн. Энэ тухай хэвлэл мэдээллээр шуугиад л өнгөрч байсан.
Өнгөрсөнд та ийм юм хийсэн юм байна. Харин одоо юу хийхгээд байна?
“Монцамэ”-д 2011 оны 9-р сарын 21-нд өгсөн ярилцлагандаа та “Шинэ үндсэн хууль гаргаж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгомоор байна” гэж хэлсэн байсан. Дараа өдөр нь өгсөн ярилцлагандаа “Би одоо ч гэсэн Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөө гэж хүндэтгэн дууддаг” гэж их л бахдалтайгаар хэлсэн байх юм. М.Энхсайхан таны тэгээд хүсээд байгаа зүйл чинь Ерөнхийлөгчийн засаглалтай болоод ерөнхийлөгчөөр нь Н.Энхбаярыг сонгох юм байна тиймүү.
Ардчилсан намынхан хаяа муутай гэж хэлдэг боловч үнэндээ М.Энхсайхан таныг далдуур хэлдэг байсан юм. Таньтай нөхөрлөсөн бүхэн тийм ч удаан амьдраагүй нь үнэн. Дархан-Уул аймгийн АН-ын дарга Д.Мөнхбат агсан, Хөвсгөл аймгийн АН-ын дарга УИХ-ын гишүүн асан О.Энхсайхан агсан, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт агсан гээд бүгд л ид хийж бүтээх насандаа хорвоогийн мөнхбусыг үзүүлсэн. М.Энхсайхан таны сүүлийн үед их л сүжрэн “Шийп”-ийн харилцаа тогтоогоод байгаа намын дарга нь нас барлаа гэх эмгэнэлийн бичиг тун удахгүй гарах вий дээ.
Та Ардчилсан намын олон мянган гишүүдийн туслалцаатайгаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын суудал хүртэл дэвшиж байсан. Харин одоо Ардчилсан намаас гарсандаа, ардчилсан намын гишүүдээс холдсондоо их л баяртай яваа юм байна. Ханилж яваад нөхрөө гээдэг хаанахын ёс вэ? Монголд лав тийм ёс байдаг гэж би дуулаагүй юм байна.
“Хүний сайныг ханилан байж танина, хүлгийн сайныг унаж байж мэднэ” гэдэг ардын үг байдаг. М.Энхсайхан та хүнтэй хамтраад тууштай, хариуцлагтайхан шиг ажилчихаж чаддаггүй, ядаж найзалж ч чаддаггүй хүн гэдгээ та энэ хэдэн үйлдлээрээ л харуулчихлаа.
Энэ хүн Монголд ардчиллыг төлөвшүүлэхдээ хариуцлагагүй хандсан учраас л Монгол улсад маань ардчилал төлөвшиж чадсангүй. Хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байж чаддаггүй хүн ардчиллыг Монголд авчирч хэзээ ч чадахгүй. Ардчиллыг Монголд авчрах замд гай болсон хүн. Дахиад битгий ардчиллыг гайтуулах гээд бай. Гай болохоор зай бол.
Б.Үнэнбат
URL: