Ингэхийг нь мэдсэн бол…
Сангийн сайдын өргөн барьсан хуулийн төсөл шуугиан тариад байна. Шуугиан ч гэж дээ, олон нийтийг шоконд оруулчихав. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн чадамж сүрхий доройтсоныг АН-аар төр бариулснаас боллоо гэцгээгээд энэ жил МАН гэсэн сонголтыг монголчууд хийцгээсэн. Учир нь олон нийт улс төрийн намуудыг үзэл баримтлалынхаа хүрээнд Засгийн газраа ажиллуулдаг гэдэгт итгэснийх. Энгийнээр АН бол барууны буюу чадалтай нь амьдарна гэсэн үзэл баримтлалтай. Харин МАН зүүний буюу бүгдээрээ сайхан амьдаръя гэж үздэг. Тиймээс МАН-аар төрөө бариулж цалин тэтгэврээ нэмүүлж, амьжиргаагаа сайжруулъя гэдэг ганцхан шалтгаанаар сонголт хийсэн гэвэл худлаа болохгүй.
Тэгвэл Сангийн сайдын өргөн барьсан төсөл энэ итгэл үнэмшлийг нэгмөр дуусгаж байх шиг байна. Үнэндээ олны талархал хүлээгээд сүрхий эзэндээ хүрч байсан оюутны 70200 төгрөгийн тэтгэмж, 0-16 насны хүүхдүүдэд олгож байсан хүүхдийн мөнгөнд хүртэгсдэд хязгаар тогтоож, ажилгүй болсны тэтгэмжийг 50 хувиар хасч, нэг үгээр халамжийн бодлогыг үгүй хийж орхив.
Яг үнэндээ зөвхөн уржигдрын өргөн барьсан төслөөс болоод олон нийт ийм дүгнэлтэд хүрээд байгаа юм биш. Ерөөс засгийн эрхэнд 65 суудал авч хүрснийхээ маргаашаас эхлээд л хэмжээ хязгааргүй ноёлоод эхэлсэн, МАН-ынхан. Энэ нам 2000 онд Н.Энхбаярыг намын дарга байхад 72 суудал авч байлаа. Түүнээс хойш байнга уруудаж ирсэн УИХ дахь суудлын тоо нь АН-ын арчаагүй байдал, дэлхий нийтээр өрнөсөн эдийн засгийн хямралын ачаар 65 болтол өссөнийг ажиглагчид, тулхтай улстөрчид хэлээд байгаа нь үнэний ортой.
Гэтэл засаг бариад удалгүй Төвбанкны бодлогын хүүг 15 хувь болгож нэмсэн нь хасах оноо авчирсан үйлдэл. Үүний оронд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Оюутолгойн санхүүг гадны банкуудад бус Монголын банкинд, тэр дотроо Төвбанкинд байршуулах шаардлага өгчихсөн бол монголчууд браво гэж хүлээж авах байлаа. Ингэсэн бол эдийн засаг учиргүй сайжрахгүй ч банкуудын чадамж дээшлэх байв.
Өнөөдөр хийгдэж байгаа томилгоонуудын тухай дуугарахаас дотор муухайрмаар жишээг Улаанбаатар даяар ярьж байна. Боловсон хүчнүүдийг “нас, шүд”-ээр бус хэн, хэний хэдэн хүн гэдгээр нь бөөндөж байгаа гэх. Бас төсөв зарлага ихтэй албан тушаалд тэрбум тэрбумаар нь барьж очоод сууж байна гэнэ. Бүр сүүлийн жишээ гэвэл удахгүй болох яамдын Төрийн нарийн бичгийн даргын суудал хүртэл эзнээ аль хэдийнэ олсон байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь сэтгүүлч мэргэжилтэй хүн байх ёстой гэсэн шалгуур тавиад зарлачихаж. Бодвол мэргэжил нэгтэн маань л энэ албан тушаалыг захиалсан бололтой юм.
Орон нутгийн сонгуулийн өмнө АН-ын угшил бүхий даргатай сум, дүүрэгт дарамт, шахалт гэдэг жинхэнэ утгаараа очиж байгааг ил биш далд шогшрон ярьцгааж байна.
Ийм нөхцөлд төрийн залгамж чанарын тухай ярих нь илүүц гэдэг тодорхой. Мэдээж хэрэг, эдийн засаг сайнгүй байна. Бүсээ чангалах шаардлагатай гэдэг ч үнэн.
Гэхдээ чухам юугаа танаж, алийгаа хэмнэх вэ гэдгийг МАН-ынхан л мэдэхгүй байв гэж. Оруулж байгаа төслийг нь ажвал төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хассанаар 500 гаруй сая төгрөг хэмнэнэ гэжээ. Харин хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмж зэргээс олон олон тэрбум төгрөг хэмнэхээр тусгасан байна. Ялгааг нь хар даа. Хатуухан хэлэхэд цалин аваад байх ч шаардлагагүй нөхдийн хашдаг албан тушаалыг нэр заагаад цалин хаслаа гэж сүржигнэх. Тэгээд тэр хэмнэлт 500 гаруйхан сая төгрөг болж байна. Тал еэвэнгийн үлгэрийг санагдуулам энэ хэмнэлтийг 65 гишүүн нь гар өргөөд л батална.
Уг нь хэмнэлтийг хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмж бус өөр зүйлээс гаргах ёстой байсан юм. Дарга, сайд нарын өндөр хангамжаас, тухайлбал жолооч, туслахын тоо, эсвэл зочин гийчин дайлдаг мөнгө, гадаад дотоодод явдаг зардал зэргийг танасан бол нэг биш нэлээд хэдэн 500 саяыг хэмнэх байлаа. Бас нэг ноцтой юм гэвэл эдийн засаг ингэтлээ доротойтож, төр нь иргэнийхээ халаасыг тэмтрэхээс аргагүйд хүрчихсэн юм бол арайхийн цомхотгоод байсан 13 дэд сайдыг яах гэж гаргаад ирэв гэдгийг асууя. Өмнөх засгийн үед дэд сайд шиг хэрэггүй юм алга, төсөв үргүй зарж байна гэж хамгийн их ярьж, эсэргүүцэж байсан хүмүүс бол энэ намынхан шүү дээ. Дэд сайд бүр туслах, жолооч, өрөө тасалгаа, элдэв зардалтай. Ингэхээр тэдэнд зориулсан төсөв саяар биш тэрбумаар хэд хэд тоологдох нь лавтай.
Уг нь хоёрхон сарын өмнө МАН-ынхан Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна. Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг бид хэрэгжүүлнэ гэсэн уярмаар сайхан үгийг ухуулсаар олны саналыг цуглуулсан байдаг. Тэд сонгуулиар “…Төлбөрийн дарамтгүй оюутан”, “…Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлнэ”, “…Ахмадаа ачилна”, “…Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэж мөн ч их ярьсан даа. Гэтэл өнөөдөр бүхнийг эсрэгээр хийгээд эхлэв. Тэд ард түмнийг, сонгогчдоо мартсан байна. Ингэхийг нь мэдсэн бол ч…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.ҮЛ-ОЛДОХ
URL: