Ц.Батбаяр та эхлээд ялтайд тооцогдох хугацаагаа дуусгачихаад, Хил хамгаалах газрын удирдлагын суудалд санаарх!
“Гараа зөв бол бариа сайн” гэх үгийг Монголчууд зүгээр ч нэг оромдож хэлдэггүй л болов уу. Тэрчлэн шинэ засгийн нөхдүүдийн тухайд энэ үг тун ч хамаатай л харагдаж байгаа. Төр улсын хариуцлагатай албан тушаалуудад хамаг л баахан асуудалтай хүмүүсээ аваачиж томилох гээд байгаа нь хэн хүний зэвүү дургүйг хүргэж байгааг хэлэх хэрэгтэй биз. Төрийн албыг төгөлдөржүүлж, үр шимийг нь ард иргэдийнхээ амьдралд наана гэх ухааны юм яриад байсан МАН хэрэг дээрээ бол жинхэнэ утгаар нь албан тушаалын бялууны донтон гэдгээ ямартай ч үгээрээ биш үйлдлээрээ баталгаажуулж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.
Нэгэнтээ МАН-ын толгой нөхдүүд нь бялууны хэрчмийн төлөөх дайныг өдөөгөөд байгаа тул өөрсдийгөө голохгүй нөхдүүд албан тушаал өөрт нь өгсөнгүй энэ тэр гэж агсам тавьж дөвчигнөцгөөх нь ч байх болжээ. Тухайлбал, хотын экс дарга Ц.Батбаяр “Надад албан тушаал өгсөнгүй. Намайг албан тушаалгүй үлдээлээ” хэмээн гомдол тавьж, баахан агсамнасан талаар нь намынх нь нөхдүүд хэлж ярьцгааж байгаа юм. Хотын экс дарга Хил хамгаалах Ерөнхий газрын дарга болох хүсэлтэй байгаа аж. Уг нь юманд нэг хэмжээ дамжаа баймаар даа. Хүн ер нь өөрөө өөрийнхөө хэр хэмжээг мэддэг л байх учиртай. Нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, улсад 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2.1 жилийн хорих ялаар шийтгүүлж Мааньт дахь 415 дугаар ангид нэг жил ял эдэлж байгаад гарч ирсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд нэр хийгээд үйлдэл цэвэр явсан бол өдийд ингээд албан тушаал өгсөнгүй гээд уурлаад явж байж бас болох. Бас болоогүй яг хуулиараа бол түүний ялын хугацаа энэ сард дуусах байсан аж. Гэхдээ өнгөрсөн онд тэнсэнгээр суллагдсан юм. Тэгэхээр Өршөөлийн хуулиар тэнсэн харгалзах ял нь өршөөгдсөн ч ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй байж Хил хамгаалах Ерөнхий газрын даргын албан тушаалд санаархаж байгаа нь төрийн албаны тухай хуулийн 16 зүйлийн 16.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа явдал юм.
Тэгэхээр хууль журам зөрчиж байж, түүнийг Хил хамгаалах Ерөнхий газрын даргаар томилчихгүй байлгүй дээ гэж МАН-д найдах хэрэг гарах нь. Мэргэжлийн засаг байгуулна гэх МАН-ын амлалт мэргэжлийн луйварчдыг төрд гаргасан хулхидалт болоод таарах вий дээ. Ер нь бол хил хамгаалах салбар бусад салбарыг бодоход мэргэжил, ур чадвараа системтэйгээр хамгийн сайн дээшлүүлсэн, ажлын арвин туршлага, сургамжтай, бүрэн хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй газар гэдгийг хаа хаанаа мэддэг. Тэр ч утгаараа энэ салбарыг ингэж бялууны хэрчим болгож харах нь зохисгүй баймаар. Энэ салбарт мэргэжлийн нэр цэвэр, шударга, цэрэг эрсдээ үлгэр дуурайл болох хүнийг дэмжиж, зөв томилгоо хийгдэж гэмээ нь Монгол улсын аюлгүй байдал, торгон хил маань амар амгалан оршино гэдгийг ч хэвлэлийнхэн бичиж байгааг тэмдэглэе.
Ц.Батбаярын үнэн төрх!
Ер нь Ц.Батбаяр гэдэг хүнд эрх мэдэл их л хэрэгтэй байдаг бололтой юм. Хотын мэрийн суудлаас буусныхаа дараа баахан хэрүүл хийж, шүүхээр зарга хийж явсан Ц.Батбаярт Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломжийг нам нь найман онд олгосон билээ. Харин тэмцлийнхээ үр дүнд тойрогтой болоод авсан Ц.Батбаяр түшээгийн суудалд суухын тулд ёстой л түмний хулхин дээр хэчнээн арван цэцгийг өөрийнхөө гараар ургуулсан юм. Энхрий хайрт намаасаа тараасан нэг сая таван зуун мянган төгрөгийн батламжийн хамт,өөрийн амлалт болох “Амьдралын босго” гурван өрөө байрны анкетийг тойргийнхоо өрх бүрийн тэргүүнүүдээр бөглүүлж, хашааны газраа гурван өрөө байраар солиорой хэмээн шүлсээ үсчүүлэн ярьж явсан хүн бол тэр. Мөн тэрээр “Монгол өрхийн амьжиргааны доод босго гурван өрөө байр түүнтэй адилтгах орон сууцны нөхцөлтэйгээр байх бүхий л бололцоог бүрдүүлэхийг зорино” гэсэн урт өгүүлбэр бүхий батламжийн цаасыг тарааж явахдаа лав баг зүүсэн байлгүй дээ.Тэрнээс улаан нүүрээрээ бол арай ч тэгж увайгүй зүйлийг угсруулан ярьж, инээд алдаад сууж байхгүй л байсан болов уу. Хэдийгээр тэрээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ургах наран” хорооллыг өөрийнх нь амлалтын нэгээхэн хэсэг гээд сууж байж болох ч, тус хорооллын чанарын асуудлаас гадна оршин суугчид нь өөрсдийгөө Ц.Батбаярт хууртагдсан хэмээн нийтэд мэдээлж байсан. Ер нь бол Ц.Батбаяр “Амьдралын босго” гэх гурван өрөө байрны амлалтаа улстөр, бизнесийн хослол болгосон гэсэн үг л дээ.
Түүний бас нэгэн амлалт бол эрчим хүчний V дахь эх үүсвэрийг барих явдал байв. Үнэндээ бол түүний хийж дийлээд гарчих юм биш л дээ. Мань эр ичихгүй худалчдаа л ийм амлалт өгсөн болохоос биш, Ц.Батбаяр байтугай Монгол Улсын Засгийн газар нь гүрийгээд ч ард нь гарч дийлэхгүй байгаа асуудал. Бүр станцыг барьж босгох газрын асуудал нь хүртэл хулхи маягаар шийдэгдсэн байж байгаад өнгөрөгч оны сүүлээр нэг юм Засгийн хуралдаанаар тодорхойлогдлоо. Тэр нь ч бас үлгэр болж жаргахыг үнэндээ хэлэхэд хэцүү. Тэгэхээр Ц.Батбаяр эрхэм тийм л багцаагүй, баримжаагүй худалч болж таарч байгаа юм л даа.
Уг нь Ц.Батбаяр гуай шинэ эх үүсвэрийг л барихгүй бол улсын хөгжил 5-10 жилээр хоцрох болно гээд байсан. Гол нь тэр энэ амлалтынхаа төлөө хэдэн ширхэг хүчтэй үг амнаасаа унагасан бил үү. Иргэн та сонссон уу?
Түүний амлалтуудын нэгээхэн хэсэг нь Баянзүрхийн Есөн хороонд цэцэрлэг, дөрвөн хороонд сургууль барьж өгөх байсан. Уг нь зарим сүйхээтэй гишүүдийг хараад байхад төсөвт яаж ийж байгаад тойргийхоо сургууль цэцэрлэгийн асуудлыг хавчуулчихсан байдаг.Харин Ц.Батбаярын тухайд бол үлгэр. Тэр анхнаасаа худлаа хэлсэн болохоор ч тэр үү, хийж хэрэгжүүлье гэдэг талаас нь яваагүй, сэтгэл гаргаагүй гэж гомдоллох хүмүүс экс тойрогт нь олон байдаг юм билээ. Уг нь тэрбээр өрөвч юм шиг байгаа юм. Учир нь тойргийнхоо хэд хэдэн цэцэрлэгийн аж байдалтай танилцах үеэрээ жигтэйхэн уулга алдаж “Би гишүүн болвол есөн хороонд хүүхдийн цэцэрлэг барина” гэсэнсэн. Гэвч бараагүй дээ, зайлуул.
Мөн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл хурдны зам тавина гэсэн амлалтаа өөрөө бол санадаггүй юм шиг байгаа юм.
Ер нь бол Ц.Батбаяр эрхэмд хийж гавьсан зүйл тун бага юм билээ. Ямартаа л Багахангай дүүргийн даргаар ажиллаж байхдаа дүүргээ хоёр ч удаа хөлдөөсөн “арчаагүй” удирдлага гэгдэж байхав. Харин хотын даргаар 24 сар суухдаа эфирийн өмнө хүүхэд шиг зан гаргаж, түмний хайрыг нэг татахаа шахаж билээ. Гэвч тэр нүүрээ халхалсан худалч нэгэн гэдэг нь тодорхой болсон. Арванхоёр онд Баянзүрхчүүдийг орхиод, Хан-Уул руу гүйсэн ч гарч чадаагүй юм. Тэгэхээр улстөрийн ийм л намтартай хүн өнөөдөр ХХЕГ-ыг удирдах гээд уурлаж нэг улайрч нэг давхиж явна.
Эх сурвалжийн линк: http://www.shuurhai.mn/123115
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Estoi xulxidana gedgiig vzvvlsen xvn de