Алтны үнэ энэ сард уналаа
АНУ-ын Холбооны нөөцийн банк хоёр дахь удаагаа хүүгээ өсгөх нь гэсэн түгшүүр ихэссэнтэй уялдан нэмэгдсээр ирсэн алтны үнэ энэ сард анх удаа буурав. Үнэ уналт нь шар металлын арилжаанд тулгуурлагч биржийн сангуудад даруй 13 тэрбум ам.долларын алт хуримтлагдах шалтгаан болж өглөө. Хөрөнгө оруулалтын SPDR Gold Shares санд арилжих алт ихэссэн нь энэ онд үнэ 26 хувь өснө хэмээн таамаглаж буй хөрөнгө оруулагчдын түгшүүртэй холбоотой хэмээн шинжээчид таамаглаж байна.
Дэлхийн алтны гол хоёр хэрэглэгч Энэтхэг, Хятадад эрэлт суларсан нь ч нөлөөллөө. Швейцарийн алт цэвэршүүлэгчдээс Энэтхэгт экспортлох алтны хэмжээ долдугаар сард 76 хувиар багассан. “Өрнөдөд хөрөнгө оруулалтын сангуудын арилжаа удааширч, Азид эрэлт муудсан нь алтны үнэ унахад нөлөөлсөн. Гэхдээ хамгаас нөлөөлсөн нь Холбооны нөөцийн банкны хүү өсөх тухай таамаг ” хэмээн брокерийн Natixis компанийн шинжээч Бернар Дада өгүүллээ.
Вайоминг муж улсын Жэксон Хоул хотноо Холбооны нөөцийн банкуудын удирдлагын жил тутмын уулзалт энэ долоо хоногт болох гэж байгаатай уялдан АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөх нь гэсэн түгшүүр ихсэв. Уг уулзалт дээр Холбооны нөөцийн системийн тэргүүн Жанет Иеллэн үг хэлэх ёстой. АНУ-ын эдийн засгийн байдал бодлогын хүүг хоёр дахь удаа өсгөх түвшинд ойртоод байгааг Нью-Иоркийн Холбооны нөөцийн банкны захирал Билл Дадли, Холбооны нөөцийн системийн дэд тэргүүн Стэнли Фишер нар энэ долоо хоногт анхааруулсан. Төв банк арванхоёрдугаар сард бодлогын хүүг өсгөх магадлал 50 хувьтай хэмээн хөрөнгө оруулагчид үзэж байна.
Үүнтэй уялдан алтны үнэ энэ сард 0.9 хувиар буурлаа. Их Британийн санал хураалт Европын холбоог орхих дүнтэй гарсан долдугаар сарын эхээр үнэмлэхүй өндөр буюу унци нь 1.339 ам.доллар байсан алтны үнэ эргээд унаж эхэллээ. Энэ удаагийн уналт нь дэлхийн эдийн засагт сэтгэл зовнисон хөрөнгө оруулагчид биржийн сангаар дамжуулан жилийн өмнөхөөс даруй 66 хувиар их алт худалдан авсан 2016 оны эхний хагасын нөхцөлөөс эрс зөрөөтэй байгааг Вank of America-гийн судалгаа харууллаа.
Алтны араас хошуурах нийтлэг уур амьсгал ч намжиж эхлэв. Soros Fund Management өнгөрсөн улиралд шар металлын гол олборлогч, Торонтогийн биржид бүртгэлтэй Barrick Gold-оос эзэмшдэг хувьцааныхаа 90 хувийг эргүүлэн зарсан. Долдугаар сард сүүлийн гурван жилийн үнэмлэхүй үзүүлэлттэй байсан Barrick-ийн хувьцааны үнэ даруй 13 хувиар унав.
Оны эхний хагаст алтны арилжаа эрхлэгч биржийн сангуудад таваарын урсгал их байсан.
Харин Bloomberg-ийн тооцоогоор энэ сард АНУ-ын газрын тосны арилжаа эрхлэгч сангууд ашигтай ажиллажээ. SPDR Gold Shares-ийн нөөц долдугаар сарын эхээр 31.6 сая унци байсан бол 30.81 сая болж буурлаа. Нью-Иоркийн Сотех бирж дээр алтны фьючерс үнэ унана гэсэн таамагт суурилсан урт позицийн тоо их байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг мөн зовоож байна.
Хэнри Сэндерсон /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/
URL: