Хүдэр голоо амь тавихыг харж чадахгүй нутгийн олон Д.Оюунхоролыг ажлаа хийхийг шаардлаа

 

Мэргэжлийн тодотголтой Засгийн газар гарч ирснээс хойш олон нийтийн зүгээс ажлаа эрчимтэй хийхийг алхам тутамд нь шаардах боллоо. Сайд нар томилогдоод эхэлмэгц иргэдийн зүгээс хууль бус үйлдэл, бусдын эрх ашгийг хохироож буй асуудлуудыг ил гаргаж ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Дүүргүүдийн Засаг дарга нарыг хийгээд шинэ сайд нарыг ажилдаа идэвхийлж, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц зүйл хийхийг нийгэм шаардаж, шахаж эхэллээ.

Иргэд зүгээр хараад суух аа больжээ. Зөнд нь хаяхаа ч урьтал болгохооргүй болж.  Та нарыг бид сонгосон. Тиймээс та бүхэн одоо бидэнд үйлчилж, ажлаа сайн хийх ёстой гэдэг үзэл дээр тэд хатуу зогсож.  Ард иргэд эрхэм түшээд, эрх бүхий албатуудыг юу хийж бүтээхийг анхааралтай ажиглаж байна.

Дөрвөн жилийг хий дэмий аргацааж өнгөрөөхийг түмэн олон одоо тэвчихгүй. Эрх баригчдын хийж буй мэт үзэгдэл, дүр эсгэлтийг ч харж ханасан. Одоо тийм зүйл хэрэггүй.  Бодит үр дүн, нүдэнд харагдахуйц ахиц дэвшил л чухал.

Яамдын сайд нар, энд тэндэхийн агентлагийн дарга нар томилогдоод хөөрхөн хугацаа өнгөрлөө. Одоо тэд ажилтайгаа аль хэдийнэ танилцчихсан, их ажлын төлөө ханцуй шамлан орчихсон байхаар цаг үе. Тиймээс ч иргэд хүсэх хэрэгтэй.  Анхааралтай ажиглаж, алхам тутамд нь хариуцлагыг нь сануулж байх ёстой. Энэ бол зүй ёсны хэрэг.

Өчигдөрхөн Баянгол дүүргийн оршин суугчид хүнд суртал гаргаж, үл тоогоод буй Засаг ноёноосоо болж Хотын дарга С.Батболдод хандаж байх юм.

Хууль бус, газрын зөвшөөрөлгүй байж барилга байгууламж барих, хүүхдийн тоглоомын талбайг булаана гэдэг яахын аргагүй асуудал болгох зүйл. Засаг ноёдын анхаарал хандуулах ёстой ажлуудын ч нэг.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргад үүнээс ч том бас чухал ажил байгаа бололтой. Өргөдөл гомдлоо барьсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүй явсаар Хотын даргатай уулзаж учирлаж суугаа нь энэ.

Гэтэл өөр нэг хэсэг иргэд мөн л газар нутаг, уул усаа аврахын тулд БОНХЯ-ны сайд Д.Оюунхоролоос аврал эрэн хашгичиж сууна.

Аврал эрэх ч гэж дээ ажлаа хийхийг л шаардаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр голоос өдгөө 3000 гаруй хүн ундаалж, амьдрал ахуйгаа авч явдаг. Гэтэл энэ гол өнөөдөр ширгэх аюулд хүрээд байна. Сайд үүнийг мэдэж байгаа болов уу. Нутгийн болоод аймгийн төр захиргаа нь ч үл тоосон энэ асуудалд Д.Оюунхорол сайд хүрч ажиллаж чадах болов уу. Эсхүл голыг ширгэхэд хүргэсэн алтны уурхай илүү хүчтэй байх юм болов уу.

Салбарын сайд нь энэ бүхэнд ямар шийдлийг авчирж, юу хийхийг ард түмэн мөн л  ажиглаад сууж байна. Гэхдээ голынхоо амийг тасрахыг хүлээж байгаа аятай тийм ч удаан хараад сууж байхгүй  л байх.

 Энэ мэт асуудлууд мундахгүй их байна. Салбар салбарын сайд нар ажлаа хий. Ард олон хараад суухаас залхаж байна. Тэдэнд бодит үр дүн, шийдэл, гарц хэрэгтэй.

 

 Д.Дуулим

zuvsongolt.mn


URL:

Сэтгэгдэл бичих