Ипотекийн зээлийг зогсоох нь зөв үү, буруу юу

147200032957bcf14919d41Улс эх орны эдийн засаг бүр хэцүүдэж, хорт хавдрын дөрөв дэхь үе шатруугаа буюу хасах 1-рүү хүчтэй явж байгаа энэ үед улс орноо аврахаар, эдийн засгаа эмчлэхээр эдийн засагчид болон мэргэжлийн судлаачид нэгдэж “хэвтэрт орсон бүр авслагдахад” бэлэн болсон эдийн засгаа аврах гарц, шийдлийг хайж хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр гэхэд мэргэжлийн 30 гаруй эдийн засагчид өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, түүнээс гарах гарц гаргалгааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, тодорхой үр дүн гаргав. Тэд Монгол банкны нийт зээлийн багцийн 1/5-ээс хэтэрсэн ипотекийн зээлийг зогсоох нь эдийн засгийг аврах нэг хувилбар гэж тодорхойлж байгаа ч нөгөөтэйгүүр хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэн ярилцав. Эдийн засгаа аврахын тулд дахин гадаадаас их хэмжээний өр зээл тавих уу, эсвэл хэмнэлтийн горимд шилжиж засаг төр гэлтгүй ард түмэн нь бүсээ чангалах ёстой юу гэдгийг тэд ярилцав.

Харин Засгийн газраас тодорхой шалтгааны улмаас түр хугацаагаар зогссон байгаа ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжүүлэн олгоно гэсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан байгаа юм. Ийнхүү хэрэгжээд гурван жил өнгөрсөн ипотекийн хэрвээ одоо үргэлжилбэл, эмзэг болж шархалсан байгаа банкны секторыг эрсдэлд оруулах юм. Энэ зээл өрх гэрийн амьдралд хүндээр буюу сөргөөр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид хэлж байна. Харин Монголбанк бонд босгож, өр тавин эхлүүлсэн ипотекийн зээлийг Монголын ипотекийн корпораци руу шилжүүлэх журмаар ажиллах ёстой гэдгийг эдийн засагч Б.Түвшинтөгс зөвлөв.

МУИС-ийн багш Б.Алтанцэцэгийн ярьснаар бол “Эдийн засгийн бодит тооцооллыг харвал ипотекийн зээлийг үргэлжлүүлэх асуудлыг Засгийн газар хөндөх учиргүй” гэлээ. Өмнөх зээлийн хүүгийн алдагдлыг нөхөхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэн өгч байсан банк одоо үргэлжүүлэх боломж, хөрөнгө ч байхгүй болсон гэдгээ ний нуугүй ярьсан удаатай. Ипотекийн зээлийг төв банк анхлан хэрэгжүүлэхдээ ирээдүйд учрах эрсдэлээ тооцож, болгоомжтойгоор хариуцлагатай хэрэгжүүлсэн бол өнөөдөр тус зээлийг зогсоох асуудал яригдахгүй байх боломж байжээ.

Нийгмийн бодлого талаасаа ипотекийн зээл иргэдийн хүсэн хүлээсэн зээл ч, цаанаа худалдан авах чадвартайг эдийн засагч Н.Энхбаяр тодотголоо. Өөрөөр хэлбэл, энэхүү зээл нь мөнгөний бодлого болоод нийт эдийн засагтаа сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч, даац нь хэтэрчээ. Ийм үед макро эдийн засаг, банкны системийнхээ аюулгүй байдалтай уялдуулан ипотекийн зээлийг сааруулах, түр зогсоох гарц нь эдийн засгийнхаа хувьд хамгийн зөв зам юм байна. Энэ зээлийн ард бүхэл бүтэн айл өрх, иргэдийн амьдрал бий. Эдийн засаг хямарсан энэ үед ажлын байрны хомсдол бий болж, залуус нь ажилгүй орлогогүй болчихвол энэ зээлээ эргэн төлөх нөхцөл байдал улам хүндэрч хугацаандаа хийж чадахгүй хүрэх эрсдэл хүлээж байна. Наад зах нь идэж уух, өмсөж зүүхээс өгсүүлээд иргэд бүр ядуурч туйлдаж, өрд баригдаж зээлийн доороос өндийхгүй байдал үүснэ. Тиймээс энэ зээлийг гурван жил зогсоож иргэдийн амьдрал, эдийн засгийг сэргэтэл түр хугацаагаар хязгаарлах нь зөв алхам гэдгийг эдийн засгийн доктор Б.Мөнхзаяа учирлав. Өөрөөр хэлбэл, энэ зээл эдийн засагт асар их дарамт үзүүлж байгаа гэсэн үг юм.

Харин ипотекийн зээлийг зогсоох нь зөв үү, буруу юу гэдгийг иргэдээс асуумаар байна. Гэхдээ нөгөө өнцгөөс нь хараад үзэхээр баригдаад ашиглалтад ороогүй барилгуудыг эргэлтэд оруулах нь ипотекийн зээл юм.

Ер нь зах зээл дээр байрны эрэлт маш их байгаа ч нийлүүлэлт нь түүнээс олон байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, урьчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой хүмүүс бүгд хэрэгцээгээ хангаж хүслээ биелүүлсэн бол одоо байранд орохыг хүсч байгаа хэдий ч урьдчилгаа мөнгөгүй хэсэг үлдсэн гэсэн үг. Гэтэл 15-20 мянган айл яг ийм хэрэгцээтэй байгаа гэх судалгаа ТОСК хийжээ.

Ипотекийн зээл зогсвол барилгын эрэлт намжина, үүнийг дагаад барилгын компаниудын идэвх болон ажил суларна, энэ салбарын ажлын байрууд багасна, цөөрнө гээд, нөгөө талд зээлээ хүлээж буй иргэд яах вэ гээд олон л асуудал гарч ирж байна.

Барилгын нийлүүлэлт их байгаа бол хувийн компаниуд төртэй зөвшилцөөд түрээс хэлбэрээр ирээдүйд 30 хувиа төвлөрүүлэх, байраа авах систем рүү шилжих нэг боломж гаргалгаа харагдаж байгаа юм. Чухам тэгээд энэ зээлийг үргэлжүүлэх үү, эсвэл эдийн засгаа сэргэтэл түр хугацаагаар зогсоох уу гэдгийг Засгийн газар болон Монголбанк хоёрын хоорондын мэдэх асуудал л болж байна даа.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих