Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр Бага хурлаас гарсан шийдвэр Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

2252

 

Улсын Их Хурал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийг 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, уг конвенцийг хэрэгжүүлэх Киотогийн протоколыг 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус соёрхон баталжээ. Одоогийн байдлаар тус конвенцид 197 улс, Киотогийн протоколд 192 улс нэгдэж ороод байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенци нь агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох аюултай түвшинд хүрэхээргүйгээр тогтворжуулахад чиглэсэн конвенцийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилготой юм.

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд бүх улс орон дагаж биелүүлэх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталжээ. Энэ баримт бичигт улс орнууд гарын үсэг зурах Дээд хэмжээний ёслолын арга хэмжээг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдаж, НҮБ-ын гишүүн 175 орон нэгдэн орж, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Одоогийн байдлаар 16 орон уг хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

 

 

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн суурь конвенцийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалсан байна. Мөн агаарын хэмийн өсөлтийг бууруулах урт хугацааны дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалжээ.

 

Концессийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байна. Одоогоор энэ санд нийт 10 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг 2016 оны эхнээс хүлээн авч эхэлсэн талаар хуулийн төслийн танилцуулгад тусгажээ.

 

Иймд газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү хэлэлцээрт цаг алдалгүй нэгдэн орж, олон улсын дэмжлэг туслалцаанд хамрагдах зайлшгүй шаардлагатай гэж үзэж ийнхүү хуулийн төслийг өргөн мэдүүлж байна гэдгээ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих