Хар тамхины хар зах: Диллер, хассл, дэлгүүр…

527-14719995608-24-4_700x700Залуусын дунд тахал мэт түгэж буй хар тамхины хэрэглээ, түүний аюулын талаар манай сонин хөндөн бичиж байгаа билээ. Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон залуусын тоо жил ирэх тусам хурдтай өсч, тэднийг хуулийн байгууллага хяналтаасаа алдаад байна.

Тийм атал хар тамхи хэрэглэдэг залуусын нэг өдрийн хэрэглээний мөнгөөр л Монгол Улс бүтэн жилийн турш энэ төрлийн гэмт хэрэгтэй “тэмцэх” бодлогыг санхүүжүүлдэг нь нийтлэлийн явцад харагдсан.
Нийтлэлийн дараа залуусын ирээдүйд санаа зовнисон, цагаан тахлын аюулыг жигшсэн, хар тамхитай тэмцэх Монгол Улсын бодлогыг шүүмжилсэн олон уншигч сонины редакцитай холбогдож байр сууриа илэрхийлж байна. Тэдний дундаас нэгэн уншигчийг энэ онцолж ярилцлаа.
Тэрээр “ice” буюу “мөс”-ний хэрэглэгч байж. “Мөс” хэрэглэснээс болж бараг амь тавихын даваан дээр түүнээс татгалзаж, аюулт эмгэгээс өөрийгөө ангижруулж яваа нэгэн ажээ. Эмгэг гэж онцолсон нь учиртай. Манай улсын хувьд хар тамхи хэрэглэгчдийг гэмт хэрэгтэн гэж үзэн хариуцлага тооцдог хуультай. Тэр нь ч зөв.
Гэхдээ хариуцлага тооцохоос өмнө хар тамхины донтолтыг өвчин, эмгэг гэж харж, эмчилгээг түлхүү хийх ёстойг тэрээр онцолсон. Монгол Улс хар тамхинд донтогчдоос торны цаана суулгаж ангижрах уу, эсвэл эмчилж зөв замд нь оруулах уу. Энэ тухай тэрээр бас судалжээ.
Түүнтэй адил хар тамхинаас ангижрах хүсэл зорилготой олон залуус байгаа. Тэд ч бас дуу хоолойгоо гаргаж, нийгэмд тархаж буй чимээгүй тахлыг илчлэхийг хүсч байгааг ярилцлагч тэмдэглэсэн юм. Өмнөх нийтлэлүүдэд онцолсноор хар тамхины аюулыг зөвхөн хөрөнгөтэй айлын хүүхдүүд “түгээгч” байхаа больж, нийгмийн бүхий л давхаргыг хамарсан.
Тэдний дунд хар тамхины ямар наймаа өрнөдөг, бидний төсөөлөөгүй ертөнц, “хар зах” бий болсныг нэрээ хэлэхийг хүсээгүй зочин маань илэн далангүй ярьсан юм. Энэ ярилцлага уншигч танд муугаар үлгэрлэх сэдэл болохгүй гэдэгт найдаж байна.
Гагцхүү хар тамхи гэгч цагаан тахал цөөхөн монголчуудыг мөдхөн залгих мангас бүү болоосой, бодит байдлыг төр, засаг анхааралдаа авч хүчтэй тэмцээсэй гэсэн үүднээс энэхүү ярилцлагыг бэлтгэлээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та “мөс” хэрэглэдэг байсан гэлээ. “Мөс” бол хар тамхины төрлүүд дундаас хамгийн аюултай нь гэж үнэн үү?
-Би анх гурван жилийн өмнө найзынхаа санал болгосноор “мөс” хэрэглэж үзсэн. Түүнээс хойш сарын дараа дахиж татсан. Эхлээд сардаа нэг удаа татдаг юм шүү гэж өөртөө амалсан. Дараа нь долоо хоногт нэг удаа болсон. Бүр болиод хоногтоо нэг удаа татахыг хичээсэн. Гэвч миний хүссэнээр болоогүй.
Хар тамхи хэрэглэснээс хойш би маш хурдан турсан. Бараг нүднээс гарсан. Хүмүүс хар тамхи татсан хүмүүсийг мансуурч, биеэ хянах чадваргүй болдог гэж ойлгодог. “Мөс” бол тийм биш, эсрэгээрээ. Геройн, морфин энэ тэр бол мансууруулах, өвчин намдаах үйлчилгээтэй бол “мөс” сэргээш гэсэн үг.
Бид ямар нэг зүйлээс таашаал авдаг шүү дээ. Хоол идэж, ажлаа бүтээсний дараах тэр мэдрэмж. Тархинд тэр мэдрэмжийг ялгаруулдаг бодисын хэмжээг “мөс” ихэсгэчихдэг. Хүний биед байгаа бүх чадал тэнхээ, нөөцийг шавхаад гаргачихдаг гэж ойлгож болно. Өвчин мартагдана, сэтгэл санаа өөдрөг болно.
Унтаж, ядрахаа мэдэхгүй. Хоол ч идэхгүй хэд хоногоор явна. Би хувьдаа гурав хоног унтахгүй, хоол идэхгүй явж үзсэн. Бүр тав хоног унтаагүй, хооллоогүй яваа нэгэнтэй ч таарч байлаа. Сүүлдээ тэр хий зүйл харж, өөртэйгөө ярьж эхэлсэн гэсэн.
“Мөс” бол хүнийг физиологийн хувьд маш их ядраадаг. Унтахгүй, хоол идэхгүй удаан хугацаанд байхад огцом хэмжээгээр булчингийн массаа алдаж эхэлнэ.  Ингэхээр мэдээж дархлаа суларч өвчлөмтгий болно. Дараа нь бүр яс арьс болдог. Муухай ааштай болно, худлаа ярьж хийхгүй гэснээ хийнэ. Бүх зүйлээс айна. Гэр бүл, бүхий л орчноос тасарчихдаг. Хэрэглэдэг хүмүүс шөнө ер унтдаггүй. 00:00 цагаас хойш дэлгүүр нээгдэж, наймаа эхэлдэг.
-Хар тамхи худалдаалдаг дэлгүүр байдаг хэрэг үү?
-Үгүй хасслуудыг хэлж байгаа юм.
-Хассл гэж?
-Хассл гэж диллерээс эцсийн хэрэглэгчид хүргэдэг зуучлагч. Диллер гэдэг нь урдаас бөөнөөр бараа оруулж ирж хасслд өгдөг хүмүүсийн нэршил. Хассл эцсийн хэрэглэгчид худалдана. Хар тамхины наймаа ийм шат дараатай явдаг.
Хятадад нэг гр “мөс” 40-60 мянган төгрөгийн үнэтэй. Диллерүүд түүнийг бөөнөөр оруулж ирээд, дундаас нь ашиг хүртэж нэг граммыг хасслуудад 300 мянгаар зарна. Хассл түүн дээр 100 мянган төгрөг нэмж хэрэглэгчид зарна. Ингэж нугардаг бизнес болохоор диллерүүд хэзээ ч олддоггүй. Олдсон ч хасслууд нь диллер болчихдог. Хассл баригдвал эцсийн хэрэглэгч хассл болох жишээтэй.
Таны нийтлэлүүдэд дурдсанаар хар тамхины бизнесийг зөвхөн баян, чинээлэг хүмүүс дэлгэрүүлж байгаа гэдэг өнгөц ойлголт. Хэрэглэгчид бол хөрөнгөтэй, чинээлэг айлын хүүхдүүд мөн. Харин хамгийн аюултай хэсэг нь хассл. Тэд ямар ч мөнгө гаргадаггүй. Гаргах ч чадваргүй, ажилгүй, мэргэжилгүй хүмүүс байдаг.
Тэд ямар ч зарлагагүйгээр диллерээс хэрэглэгчид бараа зуучлаад ашиг олдог хэсэг. Диллерийг тойрсон маш олон хасслын бүлэг бий. Хасслгүйгээр наймаа хийхгүй. Диллер хэзээ ч хэрэглэгчтэй холбогдохгүй. Хасслууд ч өөрсдөө хэрэглэгч. Анх ашиг олохын тулд тэд наймаа хийж эхэлдэг. Санаанд оромгүй хүмүүс хассл байдаг.
Банкны теллер охин, багш залуу, бөө гээд. Тэд дараа нь яалт ч үгүй хэрэглэгч болоод донтчихдог. Хар тамхины наймаа хэзээ ч ашиг өгдөггүй. Хассл хийж байгаа хүн маш хурдан өрөнд орчихдог. Өрөө дарахын тулд тэд өөрсдөө диллер болж урдаас хар тамхи оруулж ирдэг болчихдог. Ингэж л хар тамхины наймаанд тэд гүн гүнзгий хөл тавьж эхэлдэг.
-Хассл, диллер, дэлгүүр…Төсөөлснөөс айхтар “ертөнц” бий болжээ?
-Зөвхөн эдгээр ч биш. Алгадах, поргих гэж ч бий. Хассл мөнгө аваад алга болохыг алгадах, хэн нэгэн сэжиг аваад зугтаахыг поргих гэдэг. Бүл гэж бас бий. 10 граммыг нэг дор савласныг хэлдэг. Би бү­лээр авч хэрэглэдэг бай­сан. Монголд эцсийн хэрэглэгч маш олон байгаа.
Миний сонс­соноор нийт хэрэг­лэгчдийн тоо 70 мянгад хүрсэн гэсэн. Заг­варынхан бүгд хэрэглэдэг. Турах гэж. Урлагийнхан ч тэр. Хошин урлагийнханд зардаг диллер ч байна. Ялангуяа, хип хоп хамтлагийнхан их хэрэглэдэг. Хип хопынхны “мөс”-ний талаарх дуунуудыг мэдэх үү?
-Үгүй?
-Тийм дуу маш олон бий. Тээврийн жолооч нар ядрахгүйн тулд бас хэрэглэдэг. Уул уурхайнхан хэрэглэнэ. Сургуулийн хүүхдүүд бол шалихгүй. Хэрэглэгчдийн олонх нь залуус. Яагаад залуус вэ гэхээр охидтой холбоотой.
Охидод архи өгөхийн оронд хар тамхи, мөс өгөх нь хамаагүй дээр болчихсон. Гэртээ ороход амнаас архи үнэртэхгүй, согтуу балай болохгүй. Охидоо дагаад залуус нь мөс рүү орох нь элбэг. Иймэрхүү ертөнц байна даа.
-Хар тамхитай тэмцэж байгаа манай хууль хяналтынхан чанга шүү дээ. Тэдний хаагуур хэрэглэгчдийг “тэжээх” бодис орж ирээд байна?
-Голдуу ачаан дунд оруулж ирдэг юм билээ. “Мөс”-ийг хил дээр илрүүлж чадахгүй шүү дээ. Нохой үнэрлээд ч илрүүлэхгүй. Лабораторийн аргаар гаргаж авдаг бодис учраас. Илэрч, баригдаж байгаа хүмүүс бүгд матаасных. Нэгнээ цагдаа, хуулийнханд матчихдаг. Тийм хүмүүс л илэрч байгаа. Сүүлд сонсоход дөрвөн сарын өмнө нэг кг мөс хил дээр саатуулагдсан гэсэн.
-Монголд эмчилгээний талаар судалж үзэв үү?
-Монголд эмчилгээ байхгүй. Донтолт бол нэг төрлийн өвчин, эмгэг гэж гадаадад үздэг. Мөс бол АНУ-д хамгийн доод төвшний хүмүүсийн хэрэглээ. АНУ-д хоол, PC, мөрийтэй тоглоом, мөс зэргийг донтох өвчин, эмгэг гэж үздэг. Тэнд донтсон хүмүүсийг шоронд биш дахин сувиллын газарт аваачдаг.
Харин Монголд дотнолтыг гэмт хэрэг гэж үздэг. Хэрэглэсэн бол ял авах ёстой гэж нийгмээс тусгаарладаг. Хүмүүс мэдээж хэрэглэхгүй гэж маш их оролддог. Эмгэг учраас эмчилгээний хүчээр гарахаас биш нийгмээс тусгаарлахад улам хэцүү болдог. Шоронгоос гараад л хэ­рэг­лэж эхэлдэг. Өнгөр­с­өн жил хоёр охин баригд­сан. Тэд баригдаад хоёр долоо хоноод л дахиад хэрэг­лэчихсэн явж байсан.
Хар тамхийг дэлхийн аль ч оронд дийлээгүй. Монгол гэхэд 70 мянган хүнийг шоронд хийх үү. Хоригдоод хориглох тусам цаанаас нь нэхээд байдаг өвчин. Тиймээс эмчилгээ хэрэгтэй. Хөл нь хугарсан хүнийг шоронд хийдэггүйтэй адил. Эхлээд эмчилж байж дараа нь хариуцлага ярьдаг.
Эмчилгээ гэхээр манайхан архи шиг боддог. Архи бол мансууруулна. Харин мөс бол эсрэгээрээ сэргэж байгаа. Тэр хэрээр маш аймшигтай. АНУ болон бусад оронд анх удаа хэрэглэхэд нийгмийн ажил хийлгэдэг. Бас эмчилгээ, уулзалтад явуулна. Эмчлэх гэж оролдсон ч хэрэглээгээ давтвал ял өгнө.
Гадаадад хар тамхины судалгааг маш сайн хийдэг. Ерөнхий боловсролын сургууль, баар ресторан, буудал гээд хар тамхи хэрэглэж болох бүх газарт тогтмол судалгаа явуулдаг юм билээ. Судалгааны үндсэн дээр дүн шинжилгээ хийж бодлогоо тодорхойлж хөтөлбөр боловсруулдаг.
АНУ хар тамхитай тэмцэх бодлогод жилд 70 тэрбум төгрөг зарцуулдгийг судалж мэдсэн. Судалгаа, хөтөлбөрөөс гадна хар тамхитай тэмцэх тусгай цагдаа ажилладаг. Харин манайд бол аль нь ч байхгүй. Эцэст нь хэлэхэд, эцэг эхчүүд хүүхдээ унтаж байгааг сайн хянаж байгаарай.
Хүүхдийн тань зан байдал, хоолны дуршил, жингээ огцом алдаж байгаа эсэх, ам нь хатаж байгаа эсэхийг хараарай. Бас мөнгөний хэрэглээнд нь ямар өөрчлөлт орсныг хянаж үзээрэй.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих