Улсын нийслэл хөгжих гээд байна уу, мөхөх гээд байна уу

2226

Навчис гандаж, сэтгэл хоосроод намрын улирал уйтай шүү цаанаа аа.  Наадам өнгөрөөгөөд гол ус бараадан  хэд хоног амарчихаад  ижил дасал болсон  утаат  Улаанбаатараа  үгүйлэн санасаар иртэл дүлий дүмбэ оргисон, хачин гунигтай хот  угтав.  Урьд нь хэзээ ийм байлаа.  Миний санах нь ээ, өнгөрсөн дөрвөн жилд улаанбаатарчууд  гүн нойрондоо автаж хоносон нь цөөхөн.  Өндөр барилгын оройд өргөгч цамхаг бүхий кранууд өдөржин шөнөжин ажиллаж, их хотын гудамжаар зуурмаг ачсан машинууд сүлжилдэн давхилдахтай зэрэгцээд  элэгдэж, хуучирсан асфальтаа хуулан шинэ зам тавьж, улаанбаатарчууд  шоргоолж аятай хөдөлмөрлөцгөөсөн.  Ааштайхан авгай хүүхнүүд, өвгөд хөгшид барилгачид шөнө унтуулахгүй байгаагаас даралт ихэслээ хэмээн Хотын даргад гомдол мэдүүлж байсансан.

Харин одоо ад шоо үзэх зүйлгүй болцгоон зам, барилгын ажлууд таг зогсч.  Үзээд өгье ч сум нь хөдлөн ажиллаж байгаа цамхагт кран Монгол Улсын нийслэлийн зургаан дүүрэгт алга.  Зуны бороо усанд идэгдэж, цөмөрсөн зам нь арзайгаад л.  Түүн дээгүүр харайлгасан жолооч нар хараалаа урсгаж дуусч буй.   Дүүрэн зорчигчтой автобус онгойж харлах нүхэн дээгүүр хэд харайлгаад л тэнхлэг нь хазайж, дугуй нь хагараад жагсаалаас гардаг юм гэнэ лээ.

Түүнийг  нөхөж завсарлах  үүрэг бүхий   Хот тохижуулах газар гэж уг нь байдаг л байлтай. Бодвол дарга цэрэг нь солигдоод хайхрах  эзэнгүй болсон юмдаг уу даа.  Өглөө бүр иймэрхүү өнгө төрхтэй гундмал, гандмал нийслэлийн гудамжаар алхахаар  сэтгэл  дагаад бүх зүйл  хоосон мэт санагдаад  явчих юм.   Заримдаа  “Дулмаа минь л бодогдоод байх юм “ гэдгээр өөрийн эрхгүй өнөө муу Үүлийгээ  үгүйлээд эхлэх юм гээч.  Бурхан болчихсон биш дээ, яаж ийж байгаад ирэх дөрвөн жилийг тэсчихвэл ч учир нь олдох байх, улаанбаатарчууд буруу сонголт хийсэн гэмээ ухаарна  хэмээвч цаг хугацааг дэмий  алдаж буй гэж бодохоор  тогтож суух газраа олж ядах юм.

Үүнд бид өөрсдөө буруутай. Ухаан зараад нийслэлийнхээ удирдлагуудад итгэл үзүүлсэнсэн бол  АН-ын эхлүүлсэн “Гэр хорооллын барилгажилт”, “ Сайн хашаа” мэтийн  төсөл хөтөлбөрүүд үргэлжлээд зогсохгүй улаанбаатарчууд хэдэн зуун  модон жорлон, утаа саагиулах яндангаасаа салах байлаа.   Хэдхэн хоногийн дараа  гэр хорооллынхон утаагаа үйлдвэрлээд эхэлнэ.  Тэр цагт л бүхнийг ойлгох байх даа. Уг нь дээрх хөтөлбөрүүдийг АН нийслэлийн төсөвт дарамт болохгүйгээр иргэн,  банк , аж  ахуйн нэгж гурвын  харилцан ойлголцол, гурвалсан гэрээгээр шийдэх боломжийг бүрдүүлж өгсөн хэрэг.

Өнөө өглөө гэхэд л хотын төв гудамжинд хэзээ нурж,  хэн нэгнийг алах бол гэмээр том том самбарууд  шил дараад босчихож. Зар сурталчилгааны самбарууд чухамдаа мөнгийг цагаар хүүлдэг юм гэнэ лээ. Мэдээжийн хэрэг тэрхүү самбар хэн нэгэн ядарсан иргэнийх биш. Хотын удирдлагуудад нөлөөлж чадсан бизнесмений өмч нь  ойлгомжтой.

Түүнчлэн  ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ.  Иргэдийн ихэнх нь хөдөө гадаа явсан амралтын хоёр сард нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулж чадахгүй байгаа нийслэлийн  өнөөгийн удирдлагууд хичээл сургууль эхлэхээр яах юм бол.  Төрөөс мөнгө нэхээд сууж байдаг нийтийн тээврийнхэн угжныхаа мөнгөнд цадчихаад үдшийн 22 цагтай уралдаад бааз руугаа уралдаад алга болдог болжээ.  Аргаа барсан иргэдийг   хэд гурваараа нийлэн таксидах эсвэл микродох гэсэн хоёр  боломжийг хүлээж буй.

Микронд зогсоогоороо зорчих  ч энүүхэнд болсон гэнэ лээ. Бас нэг хэлэх зүйл бол иргэдийн талархлыг  зүй ёсоор  хүлээж байсан нэг цэгийн үйлчилгээ эдүгээ  ор нэр төдий болсон байна лээ.   Ихэнх нь ээлжийн амралтын эдэлж буй гэж байгаа ч чухамдаа 2012 оноос хойш төрийн албанд ажилд орсон төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомтго гэсэн МАН-ын даргын тушаалд хамрагдчихаад мэдэгдэл ирэхийг хүлээж байгаа маргаашийн ажилгүйчүүд аж.

Ингэхээд бодохоор Монгол Улсын нийслэлд болж бүтэж байгаа зүйл алга мэт. Зул бөхөхийнхөө өмнө бадмалдаг гэдэг шиг  хот маань   мөхөхийн өмнө  маш богино хугацаанд хөгжсөн  юм биш байгаа.  С.Батболд дарга УИХ-д хэдэнтээ сонгогдохдоо төрж өссөн Төв аймгаа хөгжүүлж чадаагүй  билээ. Тийм хүн улсын нийслэлийн хөгжлийг тодорхойлж, сая илүү хүн амтай их хотын иргэдийг хоногийн хоолтой, бусдын царай харуулалгүй авч явна гэдэг нь  юу л бол. Эргэлзэж л байна шүү.

 

Ч.Чулуунцэцэг

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Нэр: 9. ДҮГЭЭР САРЫН 01 Огноо: 23 August 2016

ХӨГЖИЙД БАЙНА

Сэтгэгдэл бичих