С.Эрдэнэ гишүүний экс туслахаас “Тоса” төвийн эрхлэгч нар хахуульд өгсөн 1,5 сая төгрөгөө нэхжээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслах, АН-ын улстөрийн ажилтнаар ажиллаж байгаад Баянгол дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон Б.С нь энэ хэрэг шийдэгдэх үед дүүргийн ИТХ-д ажлын албаны даргаар ажиллаж байсан гэнэ. Түүнийг нөхөр нь “…би тэрийг нь зохицуулаад өгье би хөөцөлдөөд өгье гэх мэтээр байнга хүний төлөө явдаг” гэж магтжээ. С.Эрдэнэ гишүүн ч гэсэн хүний төлөө явдаг тул өдгөө ховордоод байгаа энэ сайхан чанар даргаас туслахад нь дамжсан биз. Чухам энэ зангаасаа л болоод Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Тоса” төвийн эрхлэгч “Тоса” худалдааны төвийн эрхлэгч Д.О, түүний ах нараар зуучлуулан 1.2 сая төгрөг, 300 мянган төгрөгний эд үйлсийг хээл хахуульд авсан хэрэгт буруутгагдсан. Баянгол дүүргийн 17-р хороонд байрладаг “Эль Хаус” компаний зочид буудлын доод талд ажилладаг саун нь бие үнэлэгчдийг байрлуулсан гэх үндэслэлээр сауны зөвшөөрлөө цуцлуулсан байжээ. Захирал нь зөвшөөрлөө авах гэж хөөцөлдсөн боловч албаныхан цагдаагаас бичиг ирсэн гээд халгаасангүй. Сауны зөвшөөрлөө гаргуулаад бушуухан түрээслэх гэсэн захирал “Тоса” төвийн эрхлэгчийн ахад хандсанаар энэ хэрэг эхэлжээ. Ах нь дүүдээ гуйлтыг дамжуулж. “Эль Хаус”-ийн захирал өмнө нь “Тоса”-гийн эрхлэгчид туслаж байсан тул одоо туслах ёстой болжээ.
Тэрээр болсон хэргийн тухайд “…Түмээ хороололд сауны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах гэсэн юм, чи дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хүмүүстэй ажлын холбоотой юм чинь хөөцөлдөөд өгөөч гэж ах Цээрэгзэнгээр хэлүүлсэн байсан. Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Сүрэнхүүтэй уулзаад сауны зөвшөөрөл авах гэсэн юм гэхэд мөнгө хэрэгтэй ш дээ гээд хоёр сая төгрөг гэж хэлсэн. Үүнийг цаашаа хэлүүлэхэд Түмээ өгөхөөр болоод бид Баянгол дүүргийн үүдэнд уулзалдсан…мөнгөө бас бичиг баримтаа өгсөн” гэжээ. Гэхдээ мөнгийг нь бүтнээр өгөөгүй байжээ. “Тоса” төвийн эрхлэгч нь даргад өгөх мөнгөнөөс дундаас нь 500 мянгыг хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн байсан тул бэлнээр 1.2 саяыг мөн 300 мянгын виски, архи,чихэр зэрэг зүйлс өгчээ. Дараа нь мөнгөө нэхэхдээ өгсөн зүйлээ нарийвчлан мэдүүлсэн гэнэ. Үүнд 70 долларын виски /Дипломат-95 дэлгүүрээс 140 мянгаар авсан/, 18 долларын гүзээлгэнэтэй вино / 36 мянгаар авсан/, 20 долларын хайрцагтай чихэр /40 мянга/ Тоса төвөөс 40 мянгаар голын цэвэрлэсэн загас, 25 мянгын үнэтэй 5 литр нэрмэл архи, 20 мянгаар байгалийн аньс, чацаргана авч өгчээ. Үүний дараа дарга ажилтныхаа хамт нөгөө саунд нь очиж агааржуулалт, чийгшилт зэргийг нь хэмжиж шалгажээ. Гэсэн ч зөвшөөрөл гарахгүй удаад асуухаар ажил ихтэй байна гэсээр байжээ. Удалгүй даргын ажил өөрчлөгдөж дүүргийн дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга болжээ. Сүүлдээ зөвшөөрөл гаргаж өгөхгүй бол мөнгөө авья хэмээн эрхлэгч нэхсэн байна. Гэтэл энэ нь бурууджээ. “…Энэ үеэс эхлээд дүүргийн Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсээс манай Тоса худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоож янз бүрийн байдлаар дарамт шахалт ирдэг болсон” хэмээн эрхлэгч гоморхжээ. Удалгүй дарга дуудаж хагас мөнгө болох 500 мянгыг өгөхөд эрхлэгч найз нарын хамт очиж нууцаар бичлэг хийж авсан нь сүүлд нь хэрэг болсон аж. Харин дарга хатагтай ердөө нэг сая төгрөг л авсан гэжээ. Тэрээр “…эмнэлэгт хэвтэж байхад Оюундэлгэр утасдаж Эль Хаус-ийн саун массажны зөвшөөрөл гаргаж өгөөч гэсэн. Би наадах чинь ёстой бүтэхгүй байнга зөрчил гаргаж байдаг газар гэсэн. Удалгүй хүүхдийнхээ хуриманд намайг урихад нь очоогүй. Эмнэлгээс гарсаны дараа ажил дээр ирээд хүүхдийн хуримны идээний дээж гээд 5 литр монгол архи, гүзээлзгэнэтэй вино, чихрийн цуглуулга, хоол авчирч өгсөн. Авчирсан юмыг нь мэргэжилтнүүдэд өгөх гээд өрөөнөөсөө гарахад суугаад үлдсэн. Тэр үед л ширээн дээр байсан ажлын дэвтрийн завсарт мөнгө хийсэн байсныг нь явсан хойно нь мэдээд тоолоход 50 ширхэг 20-тын дэвсгэрт буюу нэг сая төгрөг байсан. Би тэр дор нь утасдаж энэ мөнгөө ирж ав гэж хэлсэн чинь за авнаа гэсээр байгаад ирж аваагүй. Надад 1.2 саяыг өгсөн гэсэн байна лээ. Нэг сая л байсан. Бас голын цэвэрлэсэн загас, виски өгсөн гээд байгааг нь огт санахгүй байна” гэжээ. \үргэлжлэл бий\
NUUTS.mn
URL: