“ШИЛЭН” ДАМДИНГИЙН ТУХАЙ ЦАГДААГИЙН ТОМЧУУД ХҮҮРНЭСЭН НЬ
Зартай гэмт хэрэгтнүүдтэй хөөцөлдөж явсан цагдаагийн үе үеийн томчууд баргийн гэмт хэрэгтний тухай ярилцлага өгөөд, дурсамж хүүрнээд байдаггүй. Харин тавиад оны цуутай гэмт хэрэгтэн “Шилэн” Дамдингийн тухай дурсамж хүүрнэсэн цагдаагийн томчууд олон бий. “Шилэн” Дамдин гээч нь нөгөө “Чонон” Борис шиг цагаандаа гарсан алуурчин биш бөгөөд Европын соёлыг гайхалтай сайн эзэмшсэн, соц нийгмийг бус хөрөнгөтөн нийгмийг таашаадаг, үүндээ эрэмшээд коммунист нийгмийн удирдлагуудын арчаагүй бодлогыг үзэн яддаг, тэгээд тэдэнд хорсохдоо Улаанбаатарын хэдэн цоглог сэргэлэн залууг зохион байгуулж социалист нийгмийн мөнгө санхүү рүү халддаг, түүнийгээ маш нарийн зохион байгуулдаг нэгэн байж. Үүнийгээ тэр тайлбарлахдаа “Оросын бөгсийг долоосон харалган дарга нарын улсаасаа харамлаж нуусан мөнгийг цөлмөх нь гэмт хэрэг биш” гэж цагааруулдаг байжээ. Тавь, жараад оны цагдаагийн зарим хүн түүнийг хожим дүгнэхдээ “Манжийн үеийн шилийн эрчүүдийн үлдэгдэл бөгөөд хотожсон нийгмийн сайн эр. Тийм ч учраас “Шилийн сайн эр” гэдэг шиг “Шилийн Дамдин” гэх болж, сүүлдээ энэ хоч Шилэн болсон” гэж өгүүлсэн байдаг. Үзэл санааны хувьд “Шилэн” Дамдин тухайн цаг үеийнхээ “Эсэргүү” гэгдэж байсан Ц.Лоохууз, яруу найрагч Р.Чойном нартай тун төстэй нэгэн байсан бололтой. Ухаандаа час улаан коммунистуудтай Ц.Лоохууз гуай улс төрийн салбарт, Р.Чойном утга зохиолын салбарт үзэж тардаг байсан бол “Шилэн” Дамдин эрүүгийн салбарт үзэж тардаг байсан гэлтэй. Мөн “Шилэн” Дамдин албаны бичиг баримт, гарын үсгийг гайхалтай дуурайлгаж хийдэг, тэгээд хуурамч бичиг баримт бүрдүүлээд Бөөний бараа баазаас машинаар нь бараа ачаад гардаг, тэгэхдээ өөрөө явдаггүй, бүлгийнхээ залуучуудыг давхар давхар хяналттай явуулдаг байжээ. Үүнийгээ тэгээд “Зөвлөлтийн мал баазын Бал даргыг тонолоо” гэх жишээтэй. Түүний нэг онцлог чанар гэвэл хийсэн хэргээ шулуун шударга хүлээдэг, өөр хүн рүү чихдэггүй, өөртөө хань татаж хамсаатнуудаа чирдэггүй, энэ ч утгаараа шүүх хурал дээр шүүгч нарын өөдөөс агсарч байгаад цааз ял сонссон гэх. Хүний аминд хүрээгүй мөртлөө цааз ял сонсохыг бодоход шүүгч нарын занаанд орсон бололтой. Ингээд “Шилэн” Дамдингийн талаар цагдаагийн томчуудын хүүрнэж байсан дурсамжуудаас сийрүүлье.
Нэгэн үеийн түүхийн гэрч, дөч, тавиад оны цагдаагийн ахмадуудын нэг Ш.Ичинхорлоо гуай ерээд оны үед “Шилэн” Дамдингийн талаар хуучлахдаа “Нэг үе шоронд “Шилэн” Дамдин гэж сайн хулгайч байсан юм. Өөрөө хулгай хийдэггүй, одоогийн хэллэгээр бол бүлгийн толгойлогч маягтай. Социалист нийгмийг, түүнийг удирдаж буй дарга нарыг бас үзэн ядна. Түүнийг яагаад “Шилэн” Дамдин гэх хоч авсан талаар хүмүүсийн таавар яриа их байдаг. Гоёж хээнцэрлэх дуртай, цэвэр цэмцгэр залуу байсан учир шил тольтой зүйрлэж, бас хар шил зүүж гангардаг байсан болохоор нь “Шилэн” Дамдин гэх болсон гэж нэг хэсэг нь ярих. Харин нөгөө хэсэг нь “Шилийн сайн эр” гэдэг утгаар “Шилийн” Дамдин гэж нэрлэдэг байсан нь сүүлдээ “Шилэн” Дамдин болж хувирсан гэж ярина. Мань эр шоронд орохоороо өнгө зүс орчихдог сайхан эр байлаа. Олон удаагийн хэрэгтэй хулгайч нарыг удирддаг байлаа. “Шилэн” Дамдин хамт шийтгэгдсэн хүмүүсийнхээ шууны дотор талд нь нэр ус, авсан шийтгэл зэргийг нь шивчихдэг байсан юм. Нэг цэрэгтээ түүний хувцсыг аваад ир гэхэд цаадах нь аваад л ирдэг байв. Тэр үнэндээ 18 аймгийн биеэ тоосон хулгайч нарт бууж өгч байгаагүй хүн дээ” гэж өгүүлж билээ.
Мөн “Шилэн” Дамдинг гардан баривчилж явсан цагдаагийн хурандаа Ц.Жамъяншарав гуай өгүүлэхдээ “1958 оны 7-р сарын 29-ний шөнө Барилга трестийн касснаас их хэмжээний бэлэн мөнгө алдагдсан хэрэг гарсан юм. Ингээд уг хэргийг илрүүлэх зорилготой Лутын Банзрагч даргатай групп байгуулагдсан юм. Хэргийн үеэр алдагдсан мөнгө бол хорь гаруй мянган төгрөг байлаа. Тэр үеийн мөнгөний ханшаар бол гурав дөрвөн мянган төгрөгөөр байшин барьчихдаг байлаа шүү дээ. Барилга трестийн Ерөнхий нягтлан бодох Гомбосүрэн “Манайх цалин тавиад нэлээд мөнгө үлдлээ. Түүнийг та нар авч чадах уу” гэж Дамдинд мэдэгдсэн байгаа юм. Тэгээд л Хорлоогийн Дамдингийн толгойлсон 14 хүн оролцсон бүлэг хүмүүс уг хэргийг үйлдсэн байлаа. Манай групп хэргийг эрэн сурвалжлах явцад алдагдсан мөнгө нь голдуу 25-тын дэвсгэрт байсныг тогтоосон юм. Шуурхай ажлын мэдээгээр зах дээр улаан савхин цамцтай намхавтар бор залуу дандаа 25-тын дэвсгэртээр “ИЖ” мотоцикль худалдан авч байсныг бид мэдсэн. Тэгээд тэр залууг мөрдөхөөр болсон. Тэгэхэд нөгөө мотоцикльтой залуу Гандан тойроод урдах өргөн чөлөөний баруун талд Хангайн гудамжинд айлд орсон юм. Араас нь Банзрагч дарга, Банди бид нар яваад орсон. Тэр айл Өвөрхангайн харъяат Лувсанцэрэнгийнх байсан бөгөөд биднийг ороход дөрвөн эрэгтэй хүн байж байсан. Тэднийг бичиг баримтаа шалгуул гэхэд нэг нь улаан үнэмлэх үзүүлсэн нь Шинжлэх Ухааны Дээд Боловсролын Хүрээлэнгийн биографикийн хэлтсийн дарга Лувсанхоролын Жамбалдамдин байсан юм. Хэрэг мөрдөх явцад Лувсанхоролын Жамбалдамдин гэдэг нь угтаа бол Хорлоогийн Дамдин байсан бөгөөд тэр үедээ Төмөр замын вокзалаас арван жилийн ялтай хоригдож байгаад оргосон нөгөө цуутай гэмт этгээд “Шилэн” Дамдин байлаа. Хэрэг илрүүлэх явцад авсан мөнгө, эд мөрийн баримтаар бүрэн нотлогдохгүй маш их хөөцөлдүүлсэн дээ. Уйгагүй хөөцөлдөж хайсны хүчинд айлын шалан доороос болон ханан пийшингийн дотор талд эмэгтэй хүний оймсонд нуусан мөнгө олсноор хэрэг илэрсэн. “Шилэн” Дамдин баригдах үедээ эсэргүүцэл үзүүлээгүй. Шууд л “Шалгаа, шалга” гээд гэмгүй царайлаад байлаа. Тэгээд яг хэрэг нь нотлогдоход шууд л хэргээ хүлээчихсэн. Мөрдөнд хийчихсэн чинь оргоод явчихсан. Тэр үед би амралтаа авчихсан байлаа. Ангийн дарга Д.Балгансүрэн гуай нэг өдөр намайг дуудаж “Шилэн” Дамдинг дахиад оргосныг мэдэгдэж би ажилдаа эргэж орсон. Тэгээд түрүүнд нь баривчилсан Лувсанцэрэнгийнх миний хариуцсан хороонд байсан учир намайг тэнд хяналт тавь гэсэн юм. Би тэдний эсрэг талын гудамжинд байдаг туслах бригадын гишүүн Мандалынхаас хяналт тавих болсон. Нэг шөнө хяналт тавьж байтал Гандангийн зүгээс “ГАЗ-51” машин Лувсанцэрэнгийнд ирдэг юм байна. Тэр үед Гандан орчимд байсан утас бүгд ажилгүй болчихсон байсан. Би бригадын гишүүн Мандалыг гурван дугуйтаар жижүүрт хэл хүргүүлэхээр явуулж, харин Элдэв-Очирыг Лувсанцэрэнгийнх рүү явуулж ямар хүмүүс юу ярьж байгааг тандуулахад “Шилэн” Дамдин “Бэлэгтэй юм, энэ арван литр айргийг уучихаад явж Оросын хил давна аа. Авахыг нь би ч авлаа, шингээхээ та нар мэд” гэж байсан гэдэг. Тэгээд Мандал, Элдэв-Очир хоёрыг УБ 56-23 дугаартай машины дэргэд очтол мотоциклийн чимээнээр хашаанаас гурав дөрвөн хүн гарч ирж машинд сууцгаасан. Тэд кабины гэрлээ асаахад Шилэн Дамдин жолооны ард суусан байсан. Тэр үед миний ар нуруугаар хүйт даагаад толгойны үс босох шиг болсон шүү. Нөгөө хүмүүсийн урт гэрэл тусгахад Элдэв-Очирыг ширтээд машины зөв талын хажууд байсан намайг анзааралгүй урагш хөдөлсөн. “Шилэн” Дамдин сийрсэн малгай өмссөн нь кабины гэрэлд харагдаж байлаа. Тэгээд би яахав машин хөдөлж эхлэхээр нь кабины арын шилээр нь хүний дүрсэн доохно тааруулж байгаад буудчихлаа. Машин эсрэг явж байгаад зогсож хүмүүс нь тал тал тийшээ зугтацгаасан. Би сандрахдаа “ТТ” буугаа автомат дээр нь тавьчихсан байсан болохоор ямар ч байсан хоёр сум гарсан байх. Машин зогсох үед би хойноос нь гүйж очиход кабинд нэг ч хүнгүй болсон байлаа. Тэгэхээр нь цаашаа харанхуй руу явтал “Шилэн” Дамдингийн сийрсэн малгай, цагаан цув хаягдсан байсныг аваад төв рүү илтгэхээр Мандалын гурван дугуйтаар явсан. Буудуулсан хүн нь “Шилэн” Дамдин байлаа. Тэр хүн доошоо тонгойгоод цээжээ дараад, буудуулсан шархныхаа нүх рүү долоовор хуруугаа чихчихсэн байсан. Миний буудсан хоёр сумны нэг нь цээжээр нь нэвт гараад нэг нь дотроо үлдчихсэн маш хүнд шархтай байсан даг. “Шилэн” Дамдинг би таниад Базаррагчаад нууц дохио өгөөд “Түргэн дуудъя” гэж хэлээд явсан. Ингээд төвд ирж илтгээд Нанзад жолоочтой саарал “Победь” машинаар “Шилэн” Дамдинг жижүүр дээр авчирсан юм. “Шилэн” Дамдин анх хүн зодсон танхайн хэргээр шийтгүүлж байсан хүн. Түүний хувьд их сэргэлэн, хөдөлгөөнтэй, овжин хүн байсан. Маш их боловсролтой. Жишээ нь орос хэлний орчуулагч, малын эмч, боксчин, жолооч байсан. Хүн харахад их сайхан дөлгөөн хүн, соёлтой ганган, том дарга нарын өмсдөггүйг өмсөж явдаг байлаа. Хөөгдөж туугдаж явахдаа мөрөө маш сайн балладаг хүн дээ. Ямар сайндаа л Энхтайваны гүүрэн дээрээс доошоо мотоциклио өнхрүүлчихээд өөрөө ус руу үсрээд л алга болчихдог байхав дээ. Сэргэлэн нь даанч дэндчихсэн түүнийгээ буруу юманд ашиглана. Тэр үеийн цагдаа нар түүнд нэг их муу амтай байдаггүй. Хэрэг нь үнэхээр илэрвэл шууд л хүлээчихдэг, дараа нь яаж ийж байгаад оргочихдог л хүн байсан. Эмнэлэгт буудуулчихаад хэвтэж байхдаа “Намайг буудсан танай тэр залуу хаана байна? Их овоо залуу юм. Та нар хаанаас ийм зовхи нь өөдөө залуу олов. Би танилцмаар байна” гэж байсан гэдэг. Манайхан юу гэж намайг хэлэхэв дээ. Тэгэсхийгээд өнгөрсөн юм. Тэгээд эмнэлэгт хэвтэж байхдаа 11 сарын үед гар нь сойлттой оргоод ууланд бүгсэн байсан. Ах дээрээ ирээд байж байхад нь цагдаа нар барихад “Гончиг оо, чамайг хэн болохыг танилаа” гэж ахыгаа занаж байсан гэдэг. Их авъяастай хүн, ямар сайндаа л тамга дуурайж хүний нэр дээр үнэмлэх хийхэв дээ. Оргож явахдаа Чойрт ажилд орчихсон, намын хорооны даргын авгайг аваад суучихсан байсан шүү. Тэр үеийн байдлыг нь дүрслэх юм бол 30 насны орчим, 165 см өндөртэй, саарал “Люкс” костюм, үнэтэй чех гуталтай, цагаан цамц өмсөж хар зангиа зүүсэн, хэн ч харсан сэхээтэн хүн гэж хэлнэ. Бас хар шил байнга зүүнэ. Мөн хар нүүртэй алтан цаг зүүдэг байсан. Олон удаа ойр ойрхон оргочихдог, хэргээ зүгээр хүлээчихдэг байсан болохоор нь “Шилийн сайн эр” гэх маягаар “Шилэн” Дамдин гэж нэрлэсэн гэх. 1959 оны 10-р сард Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар дээд хэмжээ буудан алах ял авсан. Тэр үедээ 31 настай байсан болов уу. Цаг үе ч хэцүү хурц байсан даа. “Шилэн” Дамдингийн онц ноцтой хэргийг илрүүлэхэд амжилт гаргасныг командлал үнэлж намайг “Хүндэт чекист” тэмдгээр шагнаж билээ” гэж дурсч байсан удаатай.
Монголын цагдаад олон жил ажилласан Б.Даваасамбуу гуай “Шилэн” Дамдинг баривчлахад оролцохоос гадна мөрдөн байцааж явсан байна. Тэрбээр өгүүлэхдээ “Шилэн” Дамдин бол гоёж хээнцэрлэх дуртай, өндөр цагаан залуу байсан. Шүүх хуралд хэргээ таслуулахаар ирэхдээ хүртэл ёслолын хар костюм өмсч, зангиа зүүгээд гутлаа гялалзтал зүлгээд, хар шил зүүгээд орж ирдэг байсан. Хүнтэй их эвлэг, соёлтой харьцдаг, харин мөрдөн байцаагчид ширүүлэх юмуу, хийгээгүй хэрэг тулгах гэвэл гөжүүдэлж дуугаа хураадаг, өчиг мэдүүлэг өгөхөөс татгалздаг хүн байсан. Харин өчүүхэн сиймхийг бол андахгүй оргоно. Тэр үеийн Батцагааны шоронгийн өмхөрсөн шалыг ухаж, хана таазыг нь нүхэлж хүртэл оргодог байв. Тэр болгонд сүр бадруулсан эрэл болдог байсан ч Дамдин хэн нэгнийдээ л байдаг байв. Хамгийн сүүлчийн хулгай буюу “Шилэн” Дамдинг баривчлах операц нийслэл даяар сүр дуулиантай болсон. 1958 онд Улаанбаатар хотын барилга трестийн их хэмжээний мөнгө нэг шөнө хулгайлагджээ. Гарын хээ, гутлын улны мөр ч үлдээлгүйгээр мөнгөний авдрыг эвдэж их хэмжээний мөнгө аваад арилсан байв. Хэр баргийн хулгайч хоёул гурвуулаа хийчих ажил биш. Тэгээд сэргийлэхийн их хүчээр эрж хайх ажил зохион байгуулсан. Хэд хоногийн дараа хотын хэсэг залуус хоршоо дэлгүүрээр хэсч, тэр үедээ хүмүүсийн анхааралд нэлээн өртдөг байсан Швейцарийн алтан цаг, хятад цув, ноосон цамц, Чехословакийн каучук ултай гутал зэргийг худалдан авч гоёх нь анзаарагдсан. Сэргийлэхийнхэн тэдгээр залуучуудыг өдөр шөнөгүй нууцаар даган, хаана, хэнтэй уулзаж учирч байгааг тандах болж, олон хоног мөрдсөний эцэст эдгээр залуучуудыг шоронгоос оргосон “Шилэн” Дамдин зохион байгуулж, удирдаж байгааг баримтаар тогтоосон. Үүнээс хэд хоногийн дараа “Шилэн” Дамдин айлын хашаанд тавьсан хулгайн мотоциклийг авах гэж ирэхдээ, сэргийлэхийнхний отолтын сэжиг аваад зугтаасан. Тэгээд Улаанхуарангийн чиглэлээс ирж явсан махны машинд гар өргөж суугаад зугтахад цагдаагийнхан хойноос нь машинаар хөөсөн. Тэгтэл Дамдин махны машины жолоочийн өвөр дээр зуун төгрөг гаргаж чулуудчихаад явуут дунд нь үсэрч, замын хажууд зогсч байсан “Москвич” машинд орж нуугдаж амжсан юм. Сэргийлэхийнхэн, махны машиныг гүйцэж очин зогсооход жолоочоос өөр хүн байсангүй. Ингэж алдсан удаатай. Сүүлд “Шилэн” Дамдин маань баригдсан л даа. Энэ баригдсан явдлыг хүмүүс олон янзаар ярьдаг. Засгийн газрын ордны зүүн талд “Соёл урлагийнхны”, “Багш нарын”, “Шинжлэх ухааны ажилтан”, “Номын сангийнхны” гэх мэт олон хашаа байдаг байсан. “Шилэн” Дамдин тэнд, Улсын номын сангийн нэг танил нөхрийндөө байнга ирж очдог байснаас сэргийлэхийнхэн тэнд отож барьж авсан. Дамдинг орогнуулсан, нуун дарагдуулсан гэж номын сангийн ажилтанд ч хариуцлага оноож байлаа…” гэж дурсаж байсан юм.
Цагдаагийн хурандаа, улсын начин Гомбосүрэн гуай хожим “Шилэн” Дамдингийн тухай дурсан бичихдээ “Би нэг үе Дамдингийн хэргийг мөрдөж байсан сэргийлэхийн ажилтнуудын нэг юм. “Шилэн” Дамдин жирийн нэг хулгайч байгаагүй, их шулуун шударга, хуучин нийгмийн удирдлагуудын арчаагүй бодлогыг үзэн яддаг, үзэл бодлоосоо гуйвж дайвдаггүй хүн байсан. Тэр ч битгий хэл хамгийн сүүлд баригдчихаад шоронд байхдаа улаан коммунист дөрвөд Цэдэнбал миний зүрхээр тугаа тахиж, сэтгэлээ амраах биз гэж хэлж байсан. “Шилэн” Дамдингийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн үеийн Эрүүгийн хуулийн зүйл ангиар бол 8-10 жил оногдох ял байсныг зориуд цааз болгуулсан” хэмээжээ.
“Шилэн” Дамдингийн үед хянагч хийж байгаад хожим цагдаагийн хошууч болсон нэг эрхэм өгүүлэхдээ “Би олон жил хянагч хийсэн. Тэгэхдээ “Шилэн” Дамдин шиг сайн эрийг тун ховор үзсэн. Халхын шоронд тавин жилдээ нэг удаа тодрох хүн бол “Шилэн” Дамдин юм. Тэр Оросын зохиолч Алексей Ургеновын “Мөр хөөсөн нь” гэдэг зохиолыг их уншдаг байлаа. Хэнээс ч, юунаас ч хулчийдаггүй, ямар ч том даргын өөдөөс хэлэх үгээ хэлчихдэг, тэр ч байтугай шүүгч нарын өөдөөс хүртэл ана мана хэрэлдэн томорч байгаад ялаа хүндрүүлж орхисон хамгийн анхны яллагдагч бол цуутай гэмт хэрэгтэн “Шилэн” Дамдин. Түүний үйлдсэн хэрэг гэвэл өөрөөсөө дүү хэсэг залууг гэмт хэргийн зам руу уруу татаж, хоёр ч удаа касс тоносон явдал бөгөөд уг хэрэгтээ үсрээд л 10 жилийн ял авах байж. Тэгтэл “Шилэн” Дамдин шүүх хурал дээр шүүгч нарын өөдөөс хэрэлдэж “Та нар тэгээд чаддаг юм бол намайг цаазаар авчихаач дээ” гэх зэргээр томорсон. Хууль нь хатуу, шүүгч нар нь чанга байсан тавиад оны коммунист дэглэмийн үед хэн ч ингэж томорч байсангүй. Тиймээс “Шилэн” Дамдинд доромжлуулсан шүүгч нар одоогийнхоор бол гүн “шоконд” орж, хүн алж хүрээ талаагүй, ердөө л хэдэн халтар төгрөг тоносон жирийн нэг хулгайчид цаазаар авах ял оноочихсон юм. “Шилэн” Дамдинг цааз ял сонсоод тухайн үеийн Улаанбайшингийн шоронд очиход ойр дотнын хүмүүс нь “Чи ямар хүний амь хөнөөсөн биш дээ. Цаазаар авах ял сонсоод байхдаа яадаг юм бэ. Шүүгч нараас уучлал гуй. Тэгээд давж заалд” гэхэд “Би бөөлжсөн бөөлжсөө эргэж долоодог хулгайч биш. Тэр муусайн шүүгч нараас би хэзээ ч амь гуйхгүй” гээд хөдөлж өгөөгүй юм. Ингээд л мань хүн “Ноёнтой тэрсэлдсэн хүн толгойгүй” гэгчээр хатуу чанга цаазын илдэнд толгойгоо найр тавиад өгчихсөн хүн дээ…” гэж билээ.
“Шилэн” Дамдингийн тухай зөвхөн цагдаагийн томчууд хүүрнээд зогсохгүй цагдаагийн сэтгүүлч, хурандаа З.Батсүх, сэтгүүлч Г.Жамъян, Ц.Ганхуяг, Б.Ойдов нарын хүмүүс “Шилэн” Дамдингийн тухай эрэн сурвалжилж өөр өөрсдийн хөрөг найрууллаа нийтлүүлж байсан юм. Дашрамрд өгүүлэхэд “Шилэн” Дамдин Улаанбаатарын сайхан хүүхнүүдээр өөрийгөө чимж явсан нэгэн байж. Тэрбээр Банкны гудамжинд суудаг байсан Бадамханд хэмээх сайхан хүүхэнтэй нэг хэсэг амьдралаа холбожээ. Энэ Бадамханд нь ёстой л нөгөө “Олон эрсийг шаналгасан сэтгэлийн тулалдааны талбар” гэгч нь байсан бөгөөд ухаандаа “Шилэн” Дамдин ерэн есөн эрийн зүрхийг шархлуулан байж түүнийг аваад суучихаж. Мөн Цэвээн хэмээх дуучин хүүхэн “Шилэн” Дамдинтай нэг үе амьдарч байсан гэх яриа байдаг. Энд Соёлын гавъяат зүтгэлтэн Галсангийн Жамъян гуайн бичсэнээс цухас хүүрнэе.
“Шилэн” Дамдин гэгчийн уугуул нутаг нь Дорнод аймаг, Чойбалсан сум. Халх аялгаар ярьдаг залуу байв. Багадаа хот орж мал эмнэлгийн техникум төгсч, малын эмч болсон аж. Сургуульд байхаасаа их сэргэлэн цовоо, биеийн тамир спорт, урлагийн авьяастай юм юманд оролцдог спортын чиглэлээр суралцаж байсан байна. Зарим хүн Дамдинг биеийн тамир спортын дээд сургуульд яваад хоёр дахь жилээсээ хөөгдөж ирсэн гэдэг. Зарим нь биеийн тамир спортын чиглэлээр курст суралцаж төгссөн гэдэг. Зарим хүний яриагаар бол Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Цэвээнтэй хамт байж байхад нь баривчилсан гэдэг. Цэвээн хоёул хайр сэтгэлийн холбоотой байсан. Тэгээд шөнө тэднийд байгааг тогтоон сэргийлэхийнхэн гэрийг нь бүсэлсэн юм байх. Шөнөөр оргох л гэж байсан юм шиг билээ. Цаг болоо юу гээд өндийгөөд ирэхэд нь сэргийлэхийнхэн буу тулгачихсан байсан гэдэг. Ингэж баригдсанаасаа хойш “Шилэн” Дамдин оргож амжилгүй цаазлагдсан. Тухайн үед манай нам, төрийн дээд эрхийг барьж байсан хүмүүсийн нэг “Энэ этгээд цаашдаа нам төрд дайсагнаж мэдэх аюултай. Цааш нь харуул” гэж намын зүгээс хууль шүүхийнхэнд нөлөөлснөөр “Шилэн” Дамдин гэж залууг харамсалтайгаар хороосон гэдэг юм. Шүүхээс түүнд цааз ял оноож, Ардын их хурлын тэргүүлэгчид гомдлыг нь хэрэгсэхгүй болгоод байсан нөхцөлд, мөрдөн байцаахын нэг ажилтан шоронд ажлаар очоод явж байхад нь “Шилэн” Дамдин хянах цонхоороо “Намайг Даваасамбуу ахмадад мэнд хүргэж байна гээрэй. Би яахав төрийн шийдвэр хүлээгээд л сууж байна” гэсэн өрөвдөлтэй үг дайсан гэдэг. Генерал Б.Даваасамбуу гуай сүүлд нас эцэслэхийнхээ өмнөхөн нэг нөхөртөө “Шилэн” Дамдин гэдэг залууг бодоод одоо ч зүрх шимширдэг юм гэж хэлсэн юм билээ. “Шилэн” Дамдингийн хэрэг бол асар дуулиантай хэрэг явдал байсан. Хэргийг улс төржүүлж, цаазлагдах ёсгүй хүнийг цаазалчихсан байж мэдэх юм. Би энэ хүний гэр бүл, үр хүүхдүүдтэй нь уулзах гэж сураглаад олсонгүй. Хамт амьдарч байсан нэг эмэгтэй хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэдэг. Лав л хүүхдүүд нь байж таараа. Дорнод аймгийн Чойбалсан сум хавиар ах дүү, төрөл төрөгсдийнх нь сураг байдаг юм. Дорнод аймгийн Чойбалсан сумаас Хорлоо овогтой хоёр сайн эр төрсөн юм. Нэг нь Хорлоогийн Чойбалсан, нөгөө нь Хорлоогийн “Шилэн” Дамдин гэж тоглоом шоглоомоор ярьдаг хүмүүс ч байдаг л юм гэсэн. Энэ сайхан залуу хэрвээ хилсээр цаазлагдсан бол гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл саданд нь заавал нэг харамсал байж таарна. Тийм хүмүүс сэтгэл санаагаа хуваалцаасай…”
ТЭМДЭГЛЭСЭН Б.ОЙДОВ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хулгайч бол хулгайч магтаж өөгшүүлэх домог болгох хэрэг байхгүй