Амташсан хэрээ 13 дахина гэж…
Глобалчлагдсан гэгдэх сүүлийн хэдэн жилүүдэд ер нь 2000 оноос хойш Англи хэлгүй бол хүн биш гэх нь холгүй болж, хэдэн жил Орос школ дамжсан ард гэнэт номын дуугаа өөрчилж, дэлхийтэй хөл нийлүүлэхээр завдав. Гэтэл үүнтэй зэрэгцэн сүүхэйтээ нэгний бай болсон ардад хэсэг хүмүүс хэлийг ёстой зааначиг, сурганачиг гэх үлгэр энд тэндгүй дуулдах болсон. Сийрүүлбэл, “Хэдхэн хоногийн дотор Англиар ярьж, инээлгэж, ханиалгах болно”, “Зуун хувь гадаад багштай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт”, “Хамгийн чанартай нь”, “Дэлхийн боловсролыг дэргэдээс нь” гэх сонссон хүн бүрийн “шүүрс алдам” чамин реклам сурталчилгаанууд нүд, чихэнд дасал болсоор уджээ. Энэ бол Англи хэлээр дагнасан гадаад руу зуучилдаг сургалтын төвүүдийн нүд хуурсан сурталчилгаа. Өнөөгийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй 250 орчим сургалтын төв ажиллаж байгаагаас 10 гаруй жил ажилласан нь хоёр, гурав болоод амжчихаж. Эл сургалтуудаас богино насалсан сургалтын төвийн тоо ч чамгүй олон. Ямарсайндаа л хяналт шалгалт хийх үүрэгтэй хариуцсан байгууллага нь “Тооллого хийж үзээгүй юм байна” гээд хээв нэг сууж байх вэ. Тэднийг тооллого, судалгаа хийхгүй сууж байх хооронд чанаргүй, өндөр үнэтэй сургалтын төвийн тоо улам ихэссээр ёстой л өнөөх амташсан хэрээ 13 дахина гэгчийн үлгэр биелэж, сургалтын төвийн хур буусан гэхэд болно. Бараг л цонх, хаалгатай “дөрвөлжин квадрат”, бас дээр нь хэдэн өгүүлбэр, хүүхдийн зураг нийлүүлсэн бичгийн цаасны тасархай байхадДолоон буудлын Должин эмгэн “Floor newspaper remember” гээд л тэр хэл усыг чинь хэнээс ч дутахааргүй заагаад мөнгө олж дураараа хөлжихөөр орчин манайд байх юм.
Гэтэл начир дээрээ эдгээр сургалтын төвд хэн зөвшөөрөл олгох ёстой гэж бодно. Боловсрол соёл, шинжлэх ухааны яам гэж үү. Уучлаарай та надтай адил эндүүрч явна. Бүх нийтэд боловсрол олгож байгаа гэдэг утгаар Боловсрол, Шинжлэх ухааны яам хариуцдаг баймаар ч үгүй гэдгийг өнөөдөр мэдлээ. Нийт сургалтын төвүүдийн талаар яаж, ямар стандартаар жилд хичнээн сургалтын төвд зөвшөөрөл олгодог тухай Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамныхнаас тодруулахад “Манайд чиний яриад байгаа сургалтын төвийн асуудал хамаардаггүй юм. Бид ЕБС, МСҮТ, их дээд сургуулиудад зөвшөөрөл олгодог, харин гадаадруу зуучилдаг сургалтын төвүүд хөдөлмөрт зуучилж байгаа болохоор Хөдөлмөрийн яаманд энэ асуудал хамааралтай” гэсэн хариултыг өглөө. Хөдөлмөрийн яам руу утас цохитол “Манайх хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэдэг. Сургалт хийх байр, багшлах боловсон хүчин, техник хэрэгсэл гэсэн шалгуур стандартыг барьж зөвшөөрлийг олгодогоос биш сургалтын төвийн тусгай зөвшөөрөл хамаагүй. Тэр чинь бүх нийтэд боловсрол олгодог гэдэг утгаараа БСШУЯ-д хамааралтай хэмээж, хоёр тал руу өгөөш шидэлцэж байх юм. Угтаа бол БСШУЯ “Англи хэлний үндэсний хөтөлбөр”-ийг баталсан мөртөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургалтын төвүүдээ тэд “мартжээ”. 2000 оны эхэн үеэс хойш төрийн байгууллагууд “Англи буюу ямар нэгэн орны хэлтэй байх” гэсэн гол шаардлагыг тавих болсон нь өдгөө хянаж, шалгаж хүчрэхээргүй сургалтын төвийн тоог тэнгэрт хадаасан биз.
Бүхэл бүтэн гадаад ертөнцийн талаарх мэдлэгийг олгож, гадаад руу зуучилж буй сургалтын төвийн талаарх хяналт Монгол Улсад ийм л байна. Тиймээс эхэн үедээ олон байх нь нийтэд ашигтай байсан ч сүүл рүүгээ хүн амын нийт хэрэгцээнээс давж, эл байдал нь буруу гарын хэдэн нөхдүүдэд бэлэн хоол болж, эцэстээ гадаадад зуучилна нэрээр зууны тахал гэгдэх хүний наймааны далд хэлбэрийн арга болтлоо хөгжсөн байх юм. Хэрэгцээнээс давсан энэ л асуудал төлбөр нэмэгдэх, чанар муудах шалтгаануудыг араасаа дагуулсан хэрэг. Хамгийн өндөр үнэтэй сургалтын төвийн төлбөр 9000 гаруй ам.доллар байхад, хамгийн доод талынх нь 200 мянган төгрөгөөс эхэлж байх шиг. Сургалтын төвүүдийн багш нарын тоо нь ч хоорондоо эрс зөрөөтэй. Дөрвөн багштай сургалтын төв байхад, 44 багштай сургалтын төв ч байна. Нэгэнт хүн амын нийт хэрэгцээнээс илүүдсэн учраас сүүлийн үеийн сурталчилгаа өмнөхөөсөө “уран, яруу” болсон. “30-хан секундын дотор англиар яриулна”, “14 хоногийн дотор нэг төвшин ахиулна” гэх мэтчилэн.
Гэтэл Францад гурван долоо хоногийн дотор яриулж сургаад, хоёр сарын дараа төвшин ахиулах талаар ярилцдаг ажээ. Ингэж болох уу даа. Энэ гаж тогтолцоог салбарын сайд юу гэж тайлбарлах нь сонин байна. Аягүй бол үе үеийн боловсроол хариуцдаг сайдууд зургаан настнуудаа зохицуулж чадаагүй юм чинь зуун задгай эл сургалтуудад ойрын хэдэн жилдээ анхаарал хандуулахгүй биз дээ. Гэтэл салбарын сайд санаа авч амжаагүй байтал сайрхсан хэдэн сүүхээтэй нөхдүүд хэдийнэ эцэг эх хүүхэд багачуудын тархийг хэдэнтээ угааж, сая саяар хэтэвчийг нь хөнтөрч орхисон байх юм. Бараг арваад жил үргэлжилсэн “залилан” гэхэд буруудахгүйнялцгай гурил шиг сургалттай сургалтын төвүүдийн булхай хоёрхон өдрийн өмнөхөн хүний нутагт эцэг эхийнхээ хөлс хүч шингээсэн цалингаар эрдэм мэдлэгийг эх оронд нь өвөртлөхөөр зориод “далаараа тавиулж” сурч чадалгүй, амьдрах байр олдоогүйгээс халаасныхаа мөнгөөр зочид буудалд амьдарч байгаад ирсэн гэх дөрвөн ч иргэн ШӨХТГ-т хандсан мэдээлэлээр илэрч байсан Ийм төрлийн зуучлалын үйлчилгээний ард иргэд багагүй хохирч, хүний наймаа явагдах боломж ч бий гэх. Юутай ч зуучлалын үйлчилгээгээ бүрэн үзүүлээгүйгээс хил даваад эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол мэдэгдсэн энэ болохоос хаана хэнд хандахаа мэдэлгүй хохирсон хичнээн иргэн буйг тааварлашгүй.
Үүгээр ч дуусаагүй. Хэнд ч анзаардаггүй уг салбарын алдаатай эрхзүйн орчноос шалтгаалж, өгдөө зуучлалын байгууллага сурталчилгаа хийхдээ сурах орчин амьдрах байрны асуудлыг зохицуулна гэдэг ч цагаа тулахаар үйлчлүүлэгчээ хил давуулсан болоод орхих тохиолдол ч цөөнгүй гардаг байна.
Тэр ч бүү хэл, ингэж хохирсон иргэд эргэж ирээд мөнгөө буцаан авахыг шаардахад, “Бид гадаад руу гаргах асуудлаа л хариуцна. Мэдэхгүй” хэмээн хэнэгчгүй суудаг гэнэ. Хачирхалтай нь өдгөөг хүртэл хэдийнэ байр сууриа олсон нэмэлтээр мэдлэг олгох төлбөрт сургалтын төвүүдийн эл асуудалд өдгөөг хүртэл нарийн зааварласан эрх зүйн орчин, хариуцах эзэн буцах хаяггүй төдийгөөс өдийг хүрсэн нь манай эрх баригчдын ажлаа хэрхэн хийдэг нь нүднээ илт байгаа биз. Ямартай ч өчнөөн эд хөрөнгө эдийн засгаараа хохирч мэдлэг ч үгүй юу ч үгүй хоцорсон гэх иргэдийн асуудлыг дорвитойхон шийднэ гэж найдаж сууя.
Ж.ЭРДЭНЭ
URL: