Баян-Өлгийд гамшгийн аюул нүүрлэсээр байна
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод онцгой байдлынхан хоёр дахин түгшүүр зарлалаа. Энэ сарын 09-ний өдөр хүчтэй хар шороон шуурга шуурсны улмаас дөрвөн багийн нутагт таван эсгий гэр эвдэрсэн байна. Мөн 12-ны өдөр аадар бороо орж 15 минутын дотор хоёр, гурав, 12 дугаар багуудад үерийн аюул нүүрлэжээ. Үерт иргэд өртөөгүй хэдий ч их хэмжээний хуралдсан ус өрхийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, айлын байр байшинг эвдэх хэмжээнд хүрсэн тул хуралдсан усыг суваг татаж гадагшлуулах шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн 200 тонн усыг сорогч машинаар юүлж өөр газарт асгасан ба гамшгийн хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын ажилтан Х.Ургац “Бороо, шуурганы гамшиг арилаагүй. Манай аврах хэсэг болон сумуудад сайн дурын аврагчид бэлэн байдалд ажиллаж байна. Өлгий сумын зургаа, есдүгээр багийн нутаг дэвсгэрт үерт автсан талбайг цэвэрлэх, ариутгах ажиллагаа үргэлжилсээр байна” гэлээ. Учир нь энд үерийн уршгаар хог хаягдал үүсч, сүйдсэн хашаа байшингуудын хаягдал их хэмжээгээр бий болоод байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: