АН-ын ҮЗХ-ны хурлаар Х.Баттулгын фракцийнхныг намаасаа хөөх үү

2127

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад шууд болон шууд бусаар оролцсон 15 хүнд хариуцлага тооцож чадах уу-

УИХ-ын сонгуульд том ялагдал хүлээж, өдгөө өнгөрсөн дөрвөн жилийнх нь санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаатай холбогдуулан АН-ынхан ихэд тэвдэж байна. Үүнтэй холбоотойгоор унаад буй намын нэр хүнд нь улам унаж, 2020 оны сонгууль ч хэцүү болох дүр зураг ажиглагдсан. Тэгвэл энэ бүхний эхлэл болсон намын дотоод хагарал, ажил хийе гэснийгээ татаж унагадаг “түгжлүүдэд” хариуцлага тооцохоос АН-ынхан эхлэхээр шийдэв бололтой. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад кноп дарсан найман гишүүнийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлжээ. Н.Алтанхуягийн хувьд АН-ыг сонгуульд удирдан оролцож ялалт байгуулахад нь том гавьяа байгуулсан хүн, Засгийн газраа байгуулаад хийе, бүтээе гээд ажиллаж байхад нь намынх хэсэг нөхөд татан унагасан юм.

Хэрвээ дээр дурдсан найман гишүүн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй бол өдгөө АН ингэтлээ уналтад орохгүй байх байсан гэж АН-ынхан одоо үзэж эхэлжээ. Үүгээрээ тэд Н.Алтанхуягийн Засгийн газар Ч.Сайханбилэгийн Засгийн газраас илүү байсан, цаашлаад Н.Алтанхуягийг унагаж З.Энхболдыг намын даргаараа сонгосон нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Н.Алтанхуягийн Засгийн газартай барьцах мэт гаднаас олон зээл авч, бонд гаргаж түүнийгээ үр ашиггүй зарцуулсан нь Монгол Улсын дөрвөн жилийн хугацаанд гадаадад тавих өрийг хоёр дахин нэмэгдүүлж, хэдэн жилдээ өндийхөөргүй болгочихоод байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад УИХ-ын 76 гишүүний 66 нь оролцож, 36:30 гэсэн харьцаагаар огцорсон.

Тэгвэл энэхүү 36 гишүүний 26 нь МАН-ынх, хоёр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнх, найм нь АН-ынх юм. Эдгээр найман хүн нь Х.Баттулга, Р.Амаржаргал, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт, Б.Наранхүү нар юм. Эндээс Х.Баттулга тэргүүтэй М.Зоригт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг гэсэн МоАХ фракц буюу Х.Баттулгын хүмүүс тэр чигээрээ болон шинэ Засаг байгуулагдвал бялуу хүртэх боломж олдох байх хэмээн найдсан Р.Амаржаргал, Д.Батцогт, Б.Наранхүү гэсэн хоёр үндсэн ашиг сонирхол бүхий хүмүүсийн дүр зураг харагддаг. Х.Баттулгын хувьд фракцаа нэг зорилго дор нэгтгэж Засгийг унагаахад амжилттай ажилласан бөгөөд үүнийхээ хүчинд, хүчтэй гэдгээ харуулсныхаа далайлтаар дараагийн Засгийн газарт хоёр сайдын суудал, хоёр Байнгын хорооны даргын суудал авч, хамтран ажилласан дөрөвтөө дөрвүүлэнд бялуунаас хүртээсэн. Тэгвэл амин хувийн ашиг сонирхлоосоо болоод намаа одоогийн уналтад хөтөлсөн дээрх найман хүнийг одоо “урвагчид” хэмээн үзэх болж энэ сарын 25-нд болох ҮЗХ /Үндэсний зөвлөлдөх хороо/-ны хурлаар намаасаа хөөх тухай хэлэлцэж эхэлжээ. АН-ынхны хувьд энэ удаагийн ҮЗХ-ны хурлаараа намынхаа шинэ даргыг томилох магадлал өндөр.

Гэхдээ томилохгүй гэсэн шуум ч бас гараад байгаа. Юутай ч, хамгийн сүүлийн байдлаар намын даргад горилж буй хүмүүсээр Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын нөхдүүд тодроод байгаа. Тэгвэл Ж.Батзанданы хувьд намаасаа урвасан хэмээгдэж, хөөх хэмжээнд хүртэл яригдаж байгаа. Мань хүн ч “Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг” хэмээх ажил санаачилж өөрийнхөө нэр хүндийг өсгөх ажлыг хийгээд эхэлсэн. Намын дарга болох ч гэж тэр шүү дээ. Тэгэхээр ирэх 25-ны өдрийн ҮЗХ-ны хурлаар Ж.Батзандан, Х.Баттулга нарын найман гишүүнээ АН үнэхээр намаасаа хөөх үү, эсвэл ангилж хөөх, бүр хөөхгүй байх уу гэдэг нь сонин.

Нөгөө талаас Х.Баттулгыг хөөж байж түүнийг дарж авна хэмээх нөлөөлөл бас АН дотор бий. Хэрхэхийг тэр өдрийн тэнгэр мэдэх байх. Сонирхуулахад, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хуралдаа суугаагүй 10 гишүүний 7 нь АН-ын гишүүн бөгөөд тэднийг хуралд суугаагүйгээрээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад шууд бусаар оролцсон хэмээн АН дотор бас буруутгаж эхэлжээ. Эдгээр хүмүүс нь С.Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Арвин, М.Батчимэг нар юм. Тэднийг мөн ирэх ҮЗХ-ны хурлаар намаас хөөх эсэх тухай, хариуцлага тооцох эсэх тухай хэлэлцэнэ гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

Нинж

Ugluu-logo-7-1-13


URL:

Сэтгэгдэл бичих