Д.Банди: Боксын дасгалжуулагчдыг бэлтгэхэд анхаарахгүй бол болохгүй нь ээ

4Олимп, дэлхийн боксын тэмцээний рингэнд тамирчнаа аваад гарахад олон улсын шүүгчид ёсолж угтдаг дархан дасгалжуулагчдын нэг бол Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди билээ.

Түүнийг Монголын боксын шигшээ багийг удирдаж байхад манай ширэн бээлийтнүүд Бээжин-2008 олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж байсан юм. Тэгвэл түүнгүйгээр оролцсон Лондон-2012, Рио-2016 олимпт манай боксчдын амжилт буурсан.

Энэ хооронд Д.Банди багш зүгээр суусангүй. Боксын спорт, түүнтэй холбогдсон өөрийн амьдрал, Монголын боксын түүхэн замналын тухай “Энэ л миний амьдрал”, “Энэ л миний ертөнц” номуудыг туурвиж, уншигчдын гар дээр тавьсан байна. Бид энэ удаагийн зочноор Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийг урьж ярилцлаа.

-Рио-2016 олимпийн наадамд манай улсаас зургаан  ширэн бээлийтэн оролцож, харин тааруухан амжилт үзүүлсэн дүнтэйгээр дуусгалаа. Та бол боксын  тамирчдыг төдийгүй дасгалжуулагчдыг дасгалжуулдаг багш. Сая тэмцээний шууд нэвтрүүлгийг бүгдийг үзсэн байх. Манайхны алдаа, оноо юундаа байв. Ямар дүгнэлт хийж байна даа?

-Олимпт эрх авч оролцдог болсноос хойш зургаан боксчин оролцсон нь хамгийн олон ширэн бээлийтэн оролцсон наадам боллоо. Сайн байна гэж гэж харж байгаа. Тамирчдын маань хувьд сайхан байсан. Эрх авах тэмцээнүүдэд сайн тоглосон. Олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд ч сайн оролцсон. Бэлтгэлжилт овоо байсан гэж бодож байгаа. Би өмнө нь ч хэлж байсан. Ямар амжилт гаргах бол гэдэгт хоёр л юм байгаа.

Нэгдүгээрт, дасгалжуулагчид хэр зэрэг тактик зохиож чадна вэ. Тамирчин түүнийг нь хэр гүйцэтгэж чадаж байна вэ. Хоёрдугаарт, тамирчныхаа амжилтыг хамгаалах шүүгчтэй байгаа. Шүүгч маань хэр хамгаалалт хийж чадаж байна вэ гэдгийг хэлж байсан. Энэ маань сая харагдлаа.

Д.Отгон­далайгийн хувьд сайхан тоглосон. Идэвхи, хурд, дайчин байдал,өөрөө эхэлж ажилласан зэрэг нь сайн. Гэтэл шүүгчид дандаа эсрэг талд оноо өгсөн.

Хамгаална гэдэг нь хүнтэй яриа хөөрөөтэй байж, наануу цаануу болж харилцахаас эхлээд байна. 

Манай шүүгч олигтой хамгаалалт хийсэнгүй. Хамгаална гэдэг нь хүнтэй яриа хөөрөөтэй байж, наануу цаануу болж харилцахаас эхлээд байна.

Тэгж чадсангүй. Дараагийн тоглолт бол финалд Бразилийн тамирчинтай тоглох байсан. Д.Отгондалай маань түүнтэй өмнө нь хоёр таарч хоёуланд нь ялсан. Гэтэл нөгөө талаас асар их арга хэмжээ авсан байна.

Дандаа өөрсдийн талын шүүгчдийг суулгасан байна. Тэр байтугай Бразилийн шүүгч хажуугийн шүүгчээр сууж байгаа юм. Энэ нь манай тамирчин ялагдах нэг шалтгаан болсон. Дутуу оноо өгөх бас нэг шалтгаан манай талаас  гарсан.

Яасан бэ гэвэл, Д.Отгондалай маань тактиктай ажиллаагүй. Үзэгч харахад түрүүлж ажиллаад, илүү байгаа. Гэтэл манай хүн зүгээр л зодох гээд дайраад. Тэгээд зодсон.

одоход нь мань хүнийг ингэдэг юм байна, ингэхээр ингэе, тэгэхээр нь тэгье гээд тоглолтыг нь эртнээс судалчихсан эсрэг тал тактиктай ажилласан. Яаж тоглох ёстой байсан бэ гэвэл, баруун гарын эсрэг угтуулдаг цохилтыг шахаж явж байгаад зогсоох ёстой байсан. Манай хүн ажиллана, баруун гар шиднэ, тэр нь оногдоод байсан.

Шүүгч эхлээд цохисныг биш сүүлд цохисныг нь хардаг байхгүй юу. Эсрэг талын тактикт орчихлоо, судлагдсан гэдгээ анхаарч үзсэнгүй алдаа гарлаа.

-Монголын ширэн бээлийтнүүдийн сугалааны хувьд та юу хэлэх вэ?

-Боломжийн байсан. Айхтар гэж хэлэх юм байгаагүй. Том аваргатай таарсан хүн Б.Чинзориг л байх шив дээ.

-Д.Отгондалайгийн анхных  багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гуай таны шавь гэдэг санагдана. Өөрөөр хэлбэл, шавийн шавь тань дээр 2005 онд Залуучуудын улсын аварга болчихоод ирж байсан. Тэр үеэс спортын ертөнцөд танигдаж, тив, дэлхийн тэмцээнд нэрээ гаргасан гэдэг байх шүү? 

-2006 онд Залуучуудын шигшээ багт ирж хамт бэлтгэл хийсэн. 2008 оны олимпийн өмнө Тайландын Бангкок хотод болсон “Эзэн хааны цом”-д оролцохдоо хоёрдугаар тойрогт 2007 оны Чикагогийн ДАШТ-нд манай Э.Бадар-Ууганыг булхайгаар ялсан Оросын тамирчин Водапяновтой ямар ч хийгүй маш гоё тоглож ялаад аварга болж байсан.

-Тэгээд сенсац тарьж байсан, тийм ээ?

-/инээв/. Тийм ээ.

-Усан согтуу оросоос

Цусан өшөө авсан

Тосон бор хүүдээ

Алтан медаль хүсье” гэж та мессэж бичиж байсан гэдэг байх аа?

-Тэгээд цааш нь “Өгсөн үүргийг өнөд биелүүлж

Өнөөх талаа  өвдөглөн сөхрүүлж

Тал шигээ уужим

Чоно шигээ  зоригтой байхыг ерөөж

Талын чоно гэж рингний цол хүртээв”  гэж мессэж бичиж байсан юм. Тэр бол  яах аргагүй Д.Отгондалай ид шуугиулж гарч ирсэн үе.

-Одоо уруудаж буй үед Олимпийн медальд хүрлээ, нас нь ч явлаа  гэж зарим хүн хэлж байна.Үүнтэй та санал нийлэх үү? 

-Юу гэж уналтын үе байх вэ. Тэр үед ид шуугиулж гарч ирж байсан. Одоо улам сайжирч байгаа.Энд ганцхан тактик, та­мирчдыг бэлтгэх хүн   хэрэгтэй.

-Таныг Улсын шигшээ багийг ид удирдаж байх үед үндэсний бөхөд “Зургаан залуу заан” шуугиулж байсан шиг П.Сэрдамба, Э.Бадар-Ууган, Д.Отгондалай, Б.Түвшинбат, У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын зургаан боксчин ид гарч ирсэн үе. Түүнээс одоо Д.Отгондалай, Б.Түвшинбат хоёр л үлдсэн байна?

-Д.Отгондалай тэд нараасаа дүү л дээ. Залуучуудын шигшээд орж байсан юм. Тэр үеэс нь дагуулаад явдаг байсан.

Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Д.Отгондалай гурав Дорнод аймгаас ирсэн. Шавийн шавь болохоор ер нь ч их анхаарал тавьдаг байсан.

-Өнгөрсөн жил Азийн аварга болсноос эхлэн  Д.Отгондалайг Олимпийн боксчин гэж хүмүүс ярих болсон. Дэлхийн аваргад бас хүрэл медалийн төлөө сайн тулалдсан шүү дээ. Бараг л авчих байсан. Ер нь энэ жил бэлтгэл сургуулилт нь хэр байсан юм бол?

-Бэлтгэл сайн. Гэхдээ дотор нь баяжилт алга. Тамирчин хүн тактиктай хөдөлгөөнүүдэд байнга суралцаж байх ёстой. Тэр дутмаг байна. Энэ  дасгалжуулагчтай л холбоотой. Би энэ тухай олон удаа ярьж байгаа юм. Өмнө нь зөндөө ярьсан даа. Монголд алдаж байгаа юм ганцхан л байгаа. Дасгалжуулагч гэдэг хүнийг бүр мөсөн хаячихсан.

Хамгийн нэг номерт тавьж байх хүн бол дасгалжуулагч. Мэдлэг боловсролыг нь байнга дээшлүүлж, тэнд хэн сайн ажиллаж чадах вэ, тэр хүнээ зөв харж томилж, ажил болоод амьдралын хувьд хангаж өгөх ёстой бүх  зүйлүүдээр нь хангаж, тэгж байж тэр хүнээс юм нэхэх ёстой. Манай улс үүнийг бүрмөсөн орхичихсон.

Сүүлийн үед энэ талаар жаахан гадарладаг  болсон шиг билээ. Тамирчдын авсан шагналын тодорхой хувийг дасгалжуулагчдын группт өгөх жишээтэй.

Тамирчин хүн тактиктай хөдөлгөөнүүдэд байнга суралцаж байх ёстой. 

Намайг ахлах дасгалжуулагч байх үед тамирчнаасаа гуйдаг байлаа. Би чамайг тийм медаль авахуулж өгье, Олимп, дэлхийн аварга болгож өгье, шагналынхаа төдөн хувийг өгөөч гэж гэрээ хийж гарын үсэг зурдаг.

Зарим нь “Үгүй ээ, өгөхгүй ээ” гэнэ. Манай У.Мөнх-Эрдэнэ тэгээд  явчихдаг байсан. Тэрийг бодвол одоо өөр болжээ. Спорт хөгжиж байгаа орнуудад тамирчин ямар шагнал авч байна, түүнтэй тэнцэх хэмжээний шагналыг дасгал­жуулагчид нь өгдөг. Тэгж байж дасгалжуулагчийг шаардах, шахах үүргийг бий болгоно. Энэ манайд дутагдаад  байна.

-Тамирчдын сонголт дээр та юу хэлэх вэ. 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд М.Гандулам явах байсан гэж спорт сонирхогчид  хэлдэг. Эрх олгох тэмцээний өмнө ч гэсэн зарим багш, дасгалжуулагч Боксын холбоонд ийм санал тавьж байсан гэсэн?

-Сонголтод буруу юм байхгүй. Байх ёстой юм байдгаараа байсан. Улсын аварга болсон, эрх авсан тамирчдыг явуулсан. Янз бүрийн санал бодолтой хүмүүс байдаг. Энэ удаа сонголт буруудаангүй. Сонгосон тамирчдаа бэлтгэх талд жаахан алдаа гаргачихлаа гэж бодож байна.

-Шүүгч хөөцөлдөлгөө муу байлаа гэж та хэллээ. Сүүлдээ манай шүүгч тэнд  харагдахаа  ч больсон. Манай улс шүүгч бэлтгэх талд ч бас анхаарах ёстой болов уу?

-Шүүгч хүн олимпод өөрийн тамирчдыг дэмжих гэж, амжилтыг нь хамгаалах гэж оролцдог. Гол ажил нь энэ. Үүний төлөө л явж байгаа. Ингэхийн тулд AIBA-гийн гол хүмүүсээс үнэлгээ авсан байх ёстой. Тэнд байх хугацаандаа шүүгч нартай ч ойртож танилцсан байх хэрэгтэй л дээ.

-Та Ц.Нандигжав, С.Баясгалан нар шиг шүүгчийн зангарагтай байх ёстой гэж хэлж байна уу?

-Тийм. Манай гурван одтой шүүгч Ц.Нандигжавыг Оросоос салан тусгаарласан орос хэлтэй Казахстан, Узбекистан, Тажикстаны шүүгчид дагаад  явдаг.

Манай шүүгч болохоор орос, англи хэлтэй, танил ихтэй, аль ч улсын шүүгчтэй найз нөхдийн, танилын  сайхан харилцаа  тогтоож чаддаг.

Нөхөрлөлийн илэн далангүй сайхан харилцаа гэдэг шударга бус шүүлт гэх мэт муу зүйлүүдийг хааж байдаг зүйл. Ямар сайндаа найз нө­хөддөө дурсгалын зүйл гардуулж байгаад матаа­санд орж байхав дээ.

-Одоо асуултаа жаахан өөрчлөөд танд хандаж асуувал дургүйцэхгүй биз дээ.  Боксын тамирчид, таны шавь нар  хэлдэг л дээ “Банди багш тамирчдыг рингэнд аваад гарсан тохиолдолд үеэс үеэд ур чадвар нь ахиж тоглодог. Хэлсэн зөвлөгөө нь тийм хүчтэй нөлөөлдөг” гэж. Рио-2016 олимпийн наадамд яагаад таныг багтаа оруулаагүй юм бэ. Лондон-2012 наадамд ч бас явуулаагүй. Таны нэр байгаа гэж дуулдсан, хамгийн сүүлд үлдээгээд явахдаа танд юу гэж хэлсэн бэ Монголын боксын холбооноос?

-Таны нэр байгаа л гэсэн. Намайг дуудаж хувцасны фермерк өмсүүлэхгүй болохоор нь жаахан гайхсан ч гэртээ байж л байсан. Гэтэл хүүхдүүд маань хэлж байна. “Таныг хасчихсан юм шиг байна. Германаас С.Баясгалан, Н.Шинэбаяр тэргүүтэй хүмүүс ирж Боксын холбооны хурал хийгээд таныг явуулахгүй болсон гэнэ” гэсэн.

Тэгэхээр нь Боксын холбооны нарийн бичгийн дарга руу яриад “Надад  фермерк өмсүүлэхгүй байх юм. Хоцорчих юм биш үү” гэхэд “Би сайн мэдэхгүй байна” гэсэн. “Намайг хасчихсан гэж дууллаа” гэхэд  “Тодруулаад хэлж өгье” гэсэн. Дараа нь залгаад “Орон тоо багтахгүй болохоор орхисон байна шүү” гэж байна лээ.

Сүүлд бэлтгэлд явсан тамирчдыг ирэнгүүт зөрүүлээд хүн явуулах орон тоо гарахад нь би “Ё.Төмөрбатааг явуулчихаач” гэж саналаа хэлсэн. Дорнод аймаг нь ч зардал өгсөн байна лээ. Тэгээд явсан нь сайн болсон.

-Тамирчид хоорондоо яриад багшийгаа авч явмаар байна гэж бухим­даж байсан сураг дуулдсан. Танд ч хэлсэн байх. Та Боксын холбоо руу хэлж болдоггүй юм уу. Багш явсан бол гэж зарим нь харамсч л байгаа шүү дээ?  

- Тамирчдынхаа ам­жилтыг бодож зүтгэх л байсан. Хүүхдүүдээ  ч дээш нь ярь гэж хэлэх байсан. Тамирчид, хүүхдүүд  маань ч  дээш нь хэлнэ гээд байсан.

Нэгэнт дээрээс тэгээд шийд­сэн болохоор нь хүүхдүүдээ багш нартайгаа муудалцахын нэмэр, ийм том хариуц­лагатай тэмцээний өмнө хагаралдах хэрэггүй гэж хорьсон. Хагаралдсан ч хамаагүй ярина гээд зарим нь зүтгээд байна лээ. Би тас хорьсон. Том тэмцээн, уралдаанд явах гэж байхад нь элдэв хэл ам гаргах хэрэггүй гэж бодсон.

-Уг нь Улсын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн таны шавь биз дээ? 

-Бээжин-2008 олимпийн наадамд миний туслах дасгалжуулагчаар явсан. Тэр хүүхдийг гайгүй юм сурч авсан байх гэж боддог. Тэгээд ч ахлах дасгалжуулагч болгох гэж чадлаараа хөөцөлдөж, сайдад хүртэл хүсэлт өгч байгаад  болгосон. Гэтэл “Сансарт нисээд явчихсан”. Нэг хурал дээр би нэлээд хатуу шүүмжилсэн. Сансраасаа жаахан бууж ирээд явж байгаа. Юманд суралцах идэвхи муухан бололтой, нэг л сайжрахгүй байна.

-Нэг тэмцээн дээр таныг өшиглөсөн гэж спортын хүрээнийхэн шуугиж, “Ишиг эврээ ургахаар” гэж шүүмжилсэн. Та харин юу ч яриагүй. Юу болсон юм бэ?

-2014 оны Азийн наадам дээр би зөвлөхөөр ажилласан. Азийн наадмын анхны аварга төрсөн наадам шүү дээ. Тамирчны дагз, шилэн хүзүү, нуруу руу мөсөн жин тавьж өгөхөөр илүү сэргэдэг. Үүнийг Д.Батсүрэндээ хэлсэн юм. Мань хүний хийж байгаа нь санаанд хүрдэггүй.

Тэгэхээр нь шилбэ рүү нь алгадаад “Усаа ар шил рүү нь сайн хий” гэсэн чинь хойшоо намайг тийрч байна. Тэр тухай сүүлд би хурал дээр хэлсэн. Мань хүн сүүлд нь “Намайг олны өмнө муулсан” гэж гомдсон байдалтай хэлж байна лээ.

-Одоо сонинд ярьсныг хараад бүр ч гомдох болов уу?

-Яахав дээ, би үнэнийг л ярьсан.

- Рио-2016 олимпийн наадам иймэрхүү  дууслаа. Маргаашаас нь Токиогийн олимпийн цикль эхэлнэ дээ. Энэ мөчлөгийг та юу гэж бодож байна?

-Бээжин-2008-аас манай боксчид алт, мөнгөн медаль, Лондон-2012 наадмаас мөнгө, хүрэл медаль авсан. Рио-2016-аас нэг хүрэлтэй буулаа. Ам­жилтын шугамаар хар­вал уруудлаа. Медаль аваад ирнэ гэдэг Д.Отгондалайн хувьд маш сайн. Бээжингийн олимпоос өмнө бол хүрэл медаль авсан хүн хаданд гардаг байлаа.

Бахархал болдог байсан. Бээжин-2008 наадамд дөрвөн боксчинтой орж алт, мөнгөн медаль авч, 170 гаруй орноос медаль авч шалгарсан 77 орон дотор дөрөвдүгээр байрт орсон. Лондонд бол 13 дугаар байрт орсон. Одоо хэдэд орсныг зарлах байх. Бээжингийн олимпоос хойш манай ард түмэн, багш, тамирчид алтан медаль авна гэж үздэг болж.

Хүрэл медалийг голдог болжээ. Нэг талаар муу зан сургачихжээ /инээв/. Лондонгоос алтан медаль авсангүй гэж бас л голж байсан. Ер нь бол алтан медаль авахыг  бүгд хүсч буй ч  тэрэндээ яаж хүрэх вэ гэдгээ л чадахгүй байна. Токиогийн олимпийн хувьд бол оролцох залуус бий, бий.

Гэхдээ ямар ч байсан энэ зохион байгуулалтыг л өөрчлөх хэрэгтэй. Энэ хэвээр байж болохгүй.Ахмад тамирчдаа яв гээд явуулчихаж бас  болохгүй. Өөрсдөө хүсвэл яахав вэ дээ. Бодлогын хувьд байлгаж байх хэрэгтэй. Ер нь бол шигшээ багийн зөвлөх байх эрхтэй гэж бичсэн заавар журам бий шүү дээ. Залуусаа сургаж, бэлдэх л  чухал байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих