Г.ТҮДЭВ:Нэвтрүүлгийг Москвагийн эргэн тойронд бэлтгэж байна
Оросын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг хүмүүс ихэд сонирхон үздэг билээ. Тус нэвтрүүлэг ч үзэгчдийнхээ тоогоор Оросын телевизийн нэвтрүүлгүүдийг ардаа орхидог гэсэн. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 12 дахь удаагийн цуврал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ удаагийн нэвтрүүлэг ч үнэхээр онцгой сонирхолтой болж байгаа юм. Ингэж хэлэх болсны учир нь энэ удаагийн “Зөн билгийн тулаан”-д Монгол бүсгүй хүч үзэж байгаад оршино.
Түүнийг удган Г.Түдэв гэдгээр нь манайхан сайн мэднэ. Тэрбээр Орост очиж, тус нэвтрүүлгийн шалгаруулалтад оролцсон бөгөөд шилдэг аравт шалгаран үлдсэн юм. Түүнтэй ОХУ-ын зөн билэгтнүүд болох Алексей Гришин, Елена Ясевич, Андрей Батоев, Владимир Сорокин, Алия Салимова, Анатолий Леденев, Виктория Комахина, Илья Обухов нар өрсөлдөж байгаа юм. Тэрбээр яг одоо нэвтрүүлгийн даалгаврыг биелүүлж байгаа. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Оросын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг олон хүний сонирхлыг татаж байна. Учир нь Монголоос анх удаа зөн билэгтэн оролцож байгаа учраас тэр шүү дээ. Ингээд яриагаа яаж анх энэ нэвтрүүлэгт оролцох болсон талаар эхлэх үү?
-Анх 2009 онд Монголын “Зөн билгийн тулаан”-ы II цувралд ороод хоёрдугаар байрт шалгарсан. Харин 2011 онд болсон IV цувралын эхний гурван байрт шалгарсан оролцогчидтой өрсөлдөөд I байрт орсон. Ингээд л Оросын “Зөн билгийн тулаан” тэмцээнд оролцох урилгыг хүлээн авсан.
-Энэ нэвтрүүлгийн шилдэг аравт гол төлөв Оросын муж, хотуудаас шалгарсан зөн билэгтнүүд багтдаг. Харин энэ удаагийн нэвтрүүлэгт цорын ганц гадаад зөн билэгтэн нь Г.Түдэв юм гэж онцолсон байсан. Ер нь хэчнээн хүн шалгаруулалтад оролцсон юм бэ?
-Тэмцээний эхний шатанд нийт 160 гаруй хүн оролцоод таван даалгавар гүйцэтгээд шилдэг 10 шалгарч үлдсэн. Шилдэг аравт голдуу ОХУ-ын зөн билэгтнүүд байгаа.
-Оросын http://bitvaekstrasensov.su/ сайтад “12 дахь удаагийн Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хамгийн ер бусын оролцогч нь Монголын удган Түдэв юм. Түдэв сүнснүүдтэй ярилцаж чаддаг. Ингэж ярилцахын тулд хэнгэрэг ашигладаг. Тэрбээр үргэлж нүүрээ халхалдаг нь сүнсний нүдтэй таарч болохгүйтэй холбоотой байдаг” гэж бичсэн байдаг. Ер нь онгод тэнгэр тань таныг үргэлж дагаж явдаг уу?
-Онгод тэнгэр улаачаа байнга дагаж явдаг. Бас их тусалдаг.
-Тэмцээний даалгаврууд хэр байна. Монголд гүйцэтгэж байсан даалгавруудтай харьцуулахад?
-Тэмцээний даалгаврууд ер нь хүнд талдаа байгаа. Монголд гүйцэтгэж байсан даалгавруудтай ерөнхийдөө төстэй байна. Одоогийн байдлаар хоёр даалгавар биелүүлээд нэг хүн хасагдах журмаар явж байгаа. Ерөнхийдөө хүний хувь тавилан болон юм олох зэрэг даалгаврууд түлхүү явагдаж байна.
-Ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байна уу?
-Нэг их бэрхшээл байхгүй ээ. Хэлний хувьд ч бэрхшээл гарахгүй байгаа. Учир нь нэвтрүүлэгт оролцохдоо орчуулагчтай орж байгаа. Манай орчуулагч маш сайн хүн.
-Онгод тэнгэрээ буулгахад тань идээ ундаа, тусгай дээл хувцас байдаг. Тэднийгээ яаж зохицуулж байна?
-Тэр тал дээр асуудалгүй ээ. Хүсвэл манай онгод идээ ундаагүй ч бууна. Мөн хувцас хуяггүй энгийн хувцастай ч бууж ирнэ.
-Бусад бөө нарыг харж байхад ёс жаяг гээд сүрхий байдаг юм билээ?
-Ёс төр байлгүй яах вэ. Тэр тусмаа манай буриад бөөгийн ёс бусад үндэстний бөөг бодвол маш хатуу дэг жаягтай байдаг. Гэхдээ онгод тэнгэр гэдэг эд юман дээр буудаг гэвэл буруу ойлголт болно. Тэд хүсэх юм бол хэзээ ч, хаана ч, ямар ч үед бууж ирнэ. Хувцастай, хувцасгүй хамаагүй. Энэ нь тухайн улаачийн хүч чадлаас хамаарна. Мэдээж дөнгөж бөө болсон хүний биед онгод тэнгэр нь хуяггүй бууна гэдэг хэцүү асуудал.
-Эрт үеийн онгод тэнгэр орчин цагийн хэллэг, эд юмсыг мэдэхгүй тохиолдол гардаг шүү дээ. Танайх яаж байна?
-Заримдаа ойлгохгүй юм гарна.
-Нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчид даалгавар гүйцэтгээд хасагддаг. Одоо ямар журмаар явагдаж байна?
-Одоохондоо шүүгчдийн саналаар явж байгаа. Харин финалын шатны гурван хүнийг үзэгчдийн саналаар шалгаруулдаг гэсэн. Нэвтрүүлгийг Москвагийн эргэн тойронд бэлтгэж байна.
-Даалгавар гүйцэтгэж байх явцад даалгавраас гадна илүү мэдээллийг тухайн хүнд нэмж хэлмээр, хувь тавилан нь илүү их тод харагдах тохиолдол гарч байна уу?
-Тийм тохиолдол гаралгүй яах вэ. Тэр болгоныг хэлэхэд хэцүү. Ойлгох хүн байхад ойлгохгүй ч хүн гарч байна.
-Хүний нутагт ийм том нэвтрүүлэгт оролцоход хэр хүндрэлтэй байна?
-Мэдээж хүний газар ийм том тэмцээнд орно гэдэг хүндрэлтэй байлгүй яах вэ. Тэгэхдээ бас хариуцлагатай байгаа. Гэхдээ нөхөртэйгөө цуг байгаа болохоор харьцангуй гайгүй байна. Манай нөхөр намайг маш их дэмжиж байгаа.
-Нэвтрүүлэг их шахуу явагдаж байна уу. Ер нь камерны өмнө даалгавар биелүүлэхэд ямар байна?
-Нэвтрүүлэг долоо хоногт гурван удаа явагддаг. Өмнө нь Монголдоо нэвтрүүлэгт орж байсан болохоор одоо камернаас айхгүй байгаа.
-Амжилт хүсье. Монголчууд чамд их найдлага тавьж байгаа шүү?
-Анх удаа Монголоосоо ийм том нэвтрүүлэгт орж байгаа болохоор өөрийнхөө чадах хэмжээнд амжилттай оролцох болно оо.
Э.Мөнх
URL: