Гадаад паспортын бэлдэцийн нөөц дуусчээ

1471412251_mon_reisepassГадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд олноор хандаж байна. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаадхарилцааны сайдын тушаалаар байгуулахаар боллоо.

Уг нь 2016 оны улсын төсөвт 150,000 ширхэг үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн зардалд 850 сая төгрөг төсөвлөжээ. Гэвч дээрх санхүүжилтийг  2015 онд нийлүүлсэн гадаад паспортын төлбөр болон шинээр нэвтрүүлэх чиптэй гадаад паспортын бэлдэцийн санхүүжилтийн урьдчилгаанд тус тус шилжүүлсэн байна. Ингэснээр гадаад паспортын бэлдэц үйлдвэрлэгч компанид бэлдэцийн байнгын өр төлбөр үүсч, урьд өмнөх онуудын өр төлбөрийг 2016 оны  төсвийн санхүүжилтээс шилжүүлэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын бэлдэцгүй биш, харин бэлдэц худалдан авах 2016 оны төсөв нь дууссан учраас өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа юм.

2016 оны долдугаар сард 160,000 ширхэг бэлдэцийг худалдан авах гэрээ байгуулжээ. Үүнээс энэ сарын 9-ний байдлаар  4,500 ширхэг бэлдэцийг хүлээн авснаас одоогоор 3,837 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ нь ердийн үеийн гурван өдрийн хэрэгцээ юм.

Засгийн газрын зүгээс өр төлбөр, санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, гадаад паспортыг цаашид  хүндрэл үүсгэхгүйгээр  олгох зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна. Энэ наймдугаар сард худалдан авах бэлдэцийн төлбөрийг Засгийн газар шийдэж, харин үлдэгдэл бэлдэцийг худалдан авах санхүүжилтийг 2016 оны улсын төсвийн тодотголд оруулж шийдүүлэх юм.

Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс өсчээ. Ялангуяа ОХУ-д визгүй зорчих болсноос хойш илүү нэмэгдэж, 2015 онд 190 мянга, 2016 оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт шинээр аваад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих