Шона Миллер зориуд унасан уу, хөл алдсан уу?

ashe01Риогийн олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 400 метрийн зайн гүйлтэд Багамын арлуудын 22 настай тамирчин Шона Миллер түрүүлж, олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Эллисон Феликсийн өмнө барианд орж чадсан. Гэхдээ барианы шугам дээр тэр унаж, яг усанд сэлэгч шиг бариалж, үүнийхээ ачаар алтан медалийн эзэн болсон нь спортын ертөнцийн нэгэн ярих сэдэв болоод байна.
Шона Миллер бүдэрч юмуу ядарч хөл алдаж унасан уу, эсвэл гүйцэгдэхээ дөхөөд ирэхээр зориудаар унаж үсэрч барианд түрүүлж орсон уу? Хэрвээ зориудаар тэгж барианд орсон бол энэ нь спортын бус үйлдэл мөн үү, үүнийг хүлээн зөвшөөрөх үү? гэх мэт асуултууд түгээд байна.

ashe02

Шона Миллер өөрөө болсон явдлын тухайд “Би өмнө нь ингэж барианы зураас дээр унаж байгаагүй ээ. Унаснаас болоод хэд хэдэн газар шалбарсан. Одоо ч өвдөж байна. Уначихаад би түрүүлсэн эсэхээ ч мэдэхгүй байсан. Яагаад ч унаснаа би мэдээгүй. Толгойд түрүүлэх ёстой гэсэн ганц л бодол байлаа. Олимпийн аварга болох гайхамшигтай сайхан байна” гэж өгүүлжээ.
Түүний дасгалжуулагч Брауман “Тэр зориудаар унаагүй. Хөл алдаад л уначихсан” гэж мэдэгдсэн байна.
Харин домогт тамирчин Майкл Жонсон “Яг л усанд сэлэгч шиг үсэрч барианд орлоо. Гайхалтай уралдаан боллоо” гэж жиргэжээ.
Харин олимпийн дөрвөн удаагийн аварга Эллисон Феликс алдсан алтан медалийнхаа талаар ийн өгүүлжээ. “Би түрүүлэхийг хичээсэн. Үнэхээр хүнд жил байлаа. Түрүүлэхэд хангалттай хэмжээнд гүйсэнгүй” гэж Феликс өгүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих