Монгол буурай орон мөн үү
Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо хүн төрөлхтний бэлгэдэл болсон Олимпийн наадам эхлээд 10 гаруй хонож буй. Наадмын сэтгэл догдлуулсан торгон агшин, олимпийн анхны мөнгөн медальтай зэрэгцээд Монгол Улсын өрийн хэмжээ хэдэн их наядад хүрч хүн бүр бүсээ чангалах болсныг албаныхан санууллаа. Ам.доллар, рубль, юань гэх мэт валютын төгрөгтэй харьцах ханш өсч, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдэж эхлэв. Бүр болоогүй олимпийн дэвжээнд зодоглоод луйвардуулж ялагдсан нэгнийгээ хүртэл ядуу буурай оронд төрсний гай хэмээсэн постууд цахим сүлжээгээр тэнүүчлэх болов. Шуудхан хэлэхэд, аль эртнээс л ядуу буурай орныхон гэж ирээд л өөрсдийгөө цоллож, мөнхийн тийм хэмжээнд үнэлэгдэх юм шиг санаж явжээ, бид. Монгол Улс үнэхээр буурай орон мөн үү.
Дэлхийн банк НҮБ-ын Үндэсний нийт орлого, хувь хүний хөгжлөөр үнэлэх статистик судалгаагаар манай улс буурай бус хөгжиж буй улсын жагсаалтад багтдаг аж. Ядуу буурай гэх тодотгол бүхий дээлээ тэртээ 1991 оны сүүлээр тайлж шиджээ. Одоогийн байдлаар дунд орлоготой хөгжиж буй улсын тоонд Монгол багтаж байна. Тодруулбал, 1991 оноос хойш 20 орчим жил бага орлоготой, хөгжиж буй гэсэн (LIDC-Low income developing country) статустай байв.
Харин 2010 оноос эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд дунд орлоготой улсын нөхцлүүдийг хангаж эхэлсэн бөгөөд үүндээ тааруулан төсөв, санхүү болоод хууль, эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай болж, Засгийн газрын дотоодын үнэт цаасны буюу бондын зах зээлийг хөгжүүлсэн нь өөрчлөлтийн чухал хэсэг болжээ. Харин бидний яриад байгаа шиг “Least developed countries” буюу нэн ядуу буурай улсын жагсаалтад одоогийн байдлаар 48 улс багтдаг юм байна. Үүний ихэнхэд Африкийн орнууд багтдаг бөгөөд 34 нь хар тивийнх, ес нь Азийнх, Номхон далайн арлуудын дөрвөн улс, Латин Америкийн нэг орон нэрлэгджээ.
Хөгжиж буй орны жагсаалтыг бага орлоготой хөгжиж буй орон, дунд орлоготой хөгжиж буй орон хэмээн ялгасан байх бөгөөд Афганистан, Буркино Фасо, Бурунди тэргүүтэй 30 улс бага орлоготой хөгжиж буй орон гэсэн статустай. Манай улсын хувьд Үндэсний нийт орлого нь 3830 ам.доллар, хүний хөгжлийн индекс 90 гэсэн үзүүлэлттэйгээр дунд орлоготой хөгжиж буй орны жагсаалтад Украин, Узбекистан, Филиппин, Мьянмар гэх улсуудын хамт бичигдсэн байх жишээтэй. Нөгөө талаар зээлжих зэрэглэлийг томоохон агентлагууд хэрхэн үнэлснийг сонирхож үзье.
Санхүүгийн зах зээл хөгжиж, хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зээлжих зэрэглэлийг тогтоох нь энэ салбарын чухал асуудал болсон. Зээлжих зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг аж. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл эдгээр гурван байгууллага Монголын зээлжих зэрэглэлийг хэрхэн үнэлснийг сонирхож үзвэл, S&P агентлаг “B+” зэрэглэлээс бууруулж “B” гэж үнэлсэн бол Moody’s B2, Fitch “B” гэж тус тус үнэлжээ.
Ийнхүү зээлжих зэрэглэлийг бууруулан үнэлэх болсон гол шалтгааныг манай улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын бус, эрсдэлтэй, зах зээл савалгаатай байгаатай холбон тайлбарласан байх юм. B нь хөрөнгө оруулалтын эрсдэлтэй зэрэглэл бөгөөд Монгол Улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан, үйлдвэрлэгч орон биш зэрэг нь эдийн засагт санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар энэ нь эрсдэлтэй орны тоонд багтах гол нөхцөл болсон байгаа юм. Ямартай ч, Дэлхийн банк, НҮБ манай улсыг хөгжиж буй улсын тоонд багтаачихаад байхад бид өөрсдөө ядуу буурай хэмээн “хашгирах” нь зөв үү.a
URL: