Адууныхаа хэрээр ИСГЭРЬЕ

338Төсвийн орлогыг 5.2 тэрбумаар төсөөлөх бололтой Мөрөөдөхөд хүртэл хязгаар байх хэрэгтэйг энэ оны Төсвийн тухай хууль харуулж байна. Хэтэрхий өөдрөг төсөөлөл нуран унах нь агшин зуурын л явдал ажээ. Энэ оны Төсвийн тухай хуулийг батлахдаа УИХ орлогыг долоон их наядаар тооцож, зарлагыг 7.9 их наяд байна гэж төсөөлж байлаа. Энэ балансаа хадгалж чадвал төсвийн алдагдал 900 тэрбум төгрөг байх байв.

Гэтэл хүлээгдэж буй гүйцэтгэлээр Төсвийн орлого 1.8 их наядаар тасарч, эсрэгээрээ зарлага 2.4 их наядаар нэмэгдэж байгаа бодит үнэнийг Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Хамгийн гашуун нь өөдрөгөөр төсөөлсөн Төсвийн хуультайгаа төсвийн жилийг дуусгавал хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн алдагдал 5.1 их наяд төгрөгт хүрэхээр байна. Энэ бол эдийн засаг хямралаа гэхээс илүү эвдэрч, хэмхэрлээ гэвэл зохих тоон үзүүлэлт. Ийм эдийн засагтайгаар ажлаа эхлүүлж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээ амласан. Үүний эхлэл нь өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх Төсвийн тодотголын төсөл байх бололтой. Ерөнхий сайдын мэдээлэл, Сангийн сайдын мэдэгдэл зэргээс харвал энэ удаагийн тодотголоор төсвийг нэлээд хумьж, зардлыг танах төсөл оруулж ирэх байх. Долоон их наядаар төсөөлсөн орлогоос нэгэнт орох боломжгүй 1.8 их наядыг хасаад 5.2 их наяд төгрөг төсөвг төвлөрүүлэхээр төсөөлж байгаа болов уу. Нэг ёсондоо Ж.Эрдэнэбатын Засгийн газар адууныхаа хэрээр исгэрье гэх байх.

ТӨСВИЙН ОРЛОГООС СОХ ДУТСАН 1.8 ИХ НАЯД
Төсөвт тодотгол хийх үндсэн шалтгааны нэг нь төсвийн орлогоос сох дутсан 1.8 их наяд төгрөг байлаа. Ийм хэмжээний орлого яагаад тасарсан талаар баримтаар жишээ татья. Өнгөрсөн жил төсвийн алдагдлыг нөхөхийн тулд эрх баригчид “Оюутолгой”-гоос 130 тэрбум, “Эрдэнэт”-ээс 70 тэрбум, “Эрдэнэс-Тавантолгой”-гоос 90 тэрбум төгрөгийн татварын урьдчилгааг авчээ. Уг нь энэ мөнгийг өнгөрсөн жил урьдчилж аваагүй бол энэ оны төсөвт 300 тэрбум төгрөг төвлөрөхөөр байв. Ирээдүйгээсээ зээлчихээгүйсэн бол өдгөө төсвийн орлого 1.8 их наядаар биш, 1.5 их наядаар тасрах байж. Орлого тасрахад хамгийн ихээр нөлөө үзүүлсэн нь татварын бус орлогын бууралт. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр татварын бус орлого 650 тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа. Тодруулбал, Төрийн банкны хувьчлал, навигацын орлого, гадаад тусламжийн орлого, төсөвт байгууллагуудын өөрийн орлогуудыг өмнөх жилүүдийнхээс нь 73 хувиар нэмж төлөвлөснөөс ийм хэмжээний орлого төсвөөс дутаад байгаа юм. Мөн ч өөдрөг мөрөөдөл, мөн ч өргөн төсөөлөл байгаа биз. Энэ бол дэлхийн эдийн засаг, гаднын хүчин нөлөөнөөс огг хамаарахгүй орлого төлөвлөлтийн л алдаа байжээ.

Дараагийнх нь экспортын бүтээгдэхүүний үнийн уналт. Олон жил төсвийн ихэнхийг бүрдүүлж ирсэн уул уурхайн бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн ханшаас хэтэрхий өндрөөр төсөөлснөөс төсвийн орлого энэ жил 300 тэрбум төгрөгөөр тасрахаар байна. Тухайлбал, экспортын гол түүхий эд нэг тонн зэсийн үнийг 5268 доллар байна гэж төсөвт суулгасан ч хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4677 доллар болж буураад байгаа. Ингэж тооцоод 11 хувиар Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулахаар болсон бол үнэ унаснаар тонн зэс тутамд 1.1 тэрбум төгрөгийг орлого алдаж байгаа юм.

Төсвийн орлогод томоохон цоорхой үүсгэж байгаа нэг зүйл нь Мега төслүүдээ эхлүүлнэ гэсэн өөдрөг мөрөөдөл. Ингэж тооцоод импортын хэмжээг 4.5 тэрбум ам.доллар байхаар төсөвт тусгасан. Харамсалтай нь мега төслүүд ч хөдөлсөнгүй, үр дүнд нь төсвийн орлого 500 тэрбумаар тасрахаар болсон юм.

Төсвийн орлогод бас нэг нөлөөлдөг хүчин зүйл нь дотоод эдийн засгийн бодит өсөлт байдаг. Гэтэл энэ жил эдийн засгийн өсөж 1.3 руу уруудсан нь үүнийг дагадаг орлогуудыг хаасан. Тухайлбал ажилгүйдэл ихэсч, Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэргээс олдог орлого буураад байгаа. Энэ нь 400 тэрбум төгрөгт хүрэх эрсдэл байгаа юм. Энэ бүх шалтгаанаар төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр тасрахад хүрчээ.

ЗАРДАЛ ӨСГӨСӨН 2.4 ИХ НАЯДЫН ҮНЭТЭЙ ШИЙДВЭРҮҮД
Ийм муу мэдээтэй төсөвт үүнээс ч муу мэдээ. давхар ирсэн нь зардлын өсөж. 2.4 их наяд төгрөгөөр өсөхөөр байгаа зардлыг уг нь 7.9 их наядаар Төсвийн хуульд суулгаж өгсөн. Энэ янзаараа цааш явбал төсвийн зарлага түүхэндээ хамгийн өндөр буюу 10 их наяд төгрөг давахаар дүр зурагтай байгаа. Тэгвэл батлагдсан зардлыг ийн нэмэгдүүлэх шалтгаанууд нь ихэвчлэн УИХ, Засгийн газрын шийдвэрүүд байна. Тухайлбал Төсвийн хуульд суулгаагүй байж цалин тэтгэвэр нэмэхээр шийдвэрлэснээс 151 тэрбум төгрөгөөр зардал ихэсчээ. Энэ оноос мөрдөж эхэлж байгаа хуулиудын нөлөөллөөр 876 тэрбум төгрөг төсвөөс гадуур зардал болж нэмэгдсэн бол Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд 697.3 тэрбум төгрөгийн зардал гарсан байна.

Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлэхээр болсон, зардал нэмсэн хөтөлбөрүүд нь “Сайн” хөтөлбөрүүд болон арбиртын шүүхийн дагуу төлсөн төлбөр ажээ. Харин УИХ-ын нэмэгдсэн зардлуудаас хамгийн өндөр тоотой нь Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн тухай хуульд зориулан баталсан 726 тэрбум төгрөг юм. Түүнчлэн Шүүхийн бүтцийг шинэчлэн байгуулахад 2.5 тэрбум, Хүүхэд хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад 4.3 тэрбум, хүүхэд бүрт олгох болсон халамжийн 144 тэрбум төгрөгийн зардал юм. Уг нь хүүхдийн мөнгийг төсөвт суулгахдаа энэ мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд л олгоно гэж тооцсон боловч УИХ тогтоол гарган бүх хүүхдэд хавтгайруулан олгохоор шийдвэрлэсэн юм.

Хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан бусад арга хэмжээнд 131 тэрбум, Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний өөрчлөлтөд 259 тэрбум, бусад зохицуулахад 565 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт суулгалгүйгээр санхүүжүүлэхээр болсон нь Төсвийн зарлагын 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр болгоод байгаа. Энэ бол хүлээгдэж буй гүйцэтгэлийн тоо баримт. Хэрвээ тодотгол хийхгүй, төсөл хөтөлбөрийг энэ чигээр нь санхүүжүүлээд явбал ийм хэмжээний алдагдал нэмж хүлээх нь ээ гэсэн урьдчилсан сануулга.

Энэ сануулгын дохиог хүлээн авсан Засгийн газар юутай ч өмнөх засгийн үед хууль зөрчиж хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг зогсоож, санхүүжилтийг царцаахаар болсон. Төсөвт тусгалгүйгээр хууль бусаар хөтөлбөр хэрэгжүүлж болохгүй гэсэн зарчмын байр суурь дээр тэд бат зогссон. Харин 7.9 их наядын зарлагыг өөрөөр яаж танах бол? Тэвчиж болох зардалд өөр юуг оруулах бол? Энэ асуултад өнөөдрийн Засгийн газрын хуралдаан хариуж өгнө.

Агентлагийн дарга нар, удирдах албан тушаалтан, төрийн өмчит компанийн захирлуудын цалинг бууруулаад энэ бүхэн шийдэгдэхгүй шүү дээ.

С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих