РИО 2016: БОКСЫН БУДЛИАНТАЙ ШҮҮЛТИЙН эргэн тойронд
Олимпийн наадмын эргэн тойронд олны анхаарлыг татахуйц олон асуудал тэмцээн эхлээгүй байхаас л хөндөгдөж, тэмцээн ид дундаа орж буй энэ цаг мөчид улам бүр нэмэгдсээр байгаагийн нэг нь шүүлтийн асуудал. Эдэн дундаас манайханд хамгийн хамаатай мөн гомдолтой санагдаж буй нь боксын шүүлтийн асуудал юм. Манай боксчин Д.Отгондалайн Францын Ү.Софьянтай хийсэн тулааны дараа энэ асуудал ялангуяа монголчуудын хувьд ихэд тренд болж, шүүлтийн будлианыг бүгд жигшин дургүйцэв. Тэгвэл бид сонирхогчдын боксын ертөнцөд өрнөж буй шүүлттэй холбоотой асуудлыг багцлан тайлбарлан хүргэж байна.
ШҮҮЛТ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?
Өнгөрсөн олимпийн цикльд хамгийн ихээр дүрмээ өөрчилсөн спорт бол яах аргагүй бокс. Олон Улсын Боксийн холбоо /AIBA/-ны ерөнхийлөгч Тайвань улсын иргэн Ү Чин Коугийн амалж байсанчлан сонирхогчдийн боксийг “хамгийн шударга”, “хамгийн төгс” тулааны спорт болгох ажил 2012 оны Лондоны олимпийн дараагаас эхлэсэн юм.
Тэрээр багаар болон хувиар тулалддаг мэргэжлийн боксийн цуврал тэмцээнийг эхлүүлж, спортоо мэргэжил рүү ойртуулах ажлыг эхлүүлсэн гавьяатай хүн. Үүнээс гадна дүрмэндээ 2 өөрчлөлт оруулсаны хамгийн эхнийх нь тамирчдын толгойны хамгаалалт буюу дуулгыг тайлсан нь байлаа. Олон хүний таамагладаг шиг гэмтэл бэртэл авах магадлал ингэснээр нэмэгдэхгүй, харин ч доргилт авах нь багасна гэсэн эмнэлгийн дүгнэлтийн дагуу мэргэжлийнхэн шиг хамгаалалтгүй тоглодог болсон нь энэ олимпийн онцлог. Хамгийн сүүлд 1980 онд олимпийн боксчид дуулгагүй тулалдаж байв.
Дараагийнх нь мөнхийн асуудал дагуулдаг онооны систем. Хуучин онооны систем ёсоор шүүгчид тамирчны оновчтой цохилтыг тоолж, улмаар их оноо авсан нь хождог байв. Гэтэл энэ нь бас л шүүмжлэл дагуулж, хөнгөн 2 цохилт хийсэн нь нэг хүчтэй цохилтоос дээр байна, бултаж зугатаж хамгаалсаар ялалт байгуулах нь гэх мэт дутагдлуудыг мэргэжилтнүүд ил болгосоор байв. Лондоны олимпийн хамгийн “бохир” спортоор тодорсон боксын шинэ дүрэм ёсоор шүүгчид тухайн үеийн ялагчид 10 оноо, ялагдагчид 9 оноог өгөх ёстой. Оноог өгөхдөө зөвхөн цохилтоос гадна нийт 5 хүчин зүйлийг харгалздаг дүрэмтэй. Эдгээр нь:
- Чанартай цохилтын тоо
- Рингэн дээрх давамгай байдал
- Тоглолтын турш тэмцэх чадвар
- Техник болон тактикийн илүүрхэл
- Дүрэм дагаж буй байдал
Үүний дагуу шүүгчид оноо өгч, компьютер санамсаргүй байдлаар нийт 5 шүүгчийн 3-ынх нь оноог сонгон авч, үеийн оноог өгнө. Хэрвээ тухайн боксчин өрсөлдөгчөө нокоутад оруулж, илт тактикаар илүүрхэж, давуу байдал үзүүлбэл 10:8, 10:7 оноог хүртэл авах боломжтой. Тийм учир эхний 2 үед ялагдвал шууд ялагдлаа гэж үзэх нь ихэд өрөөсгөл ойлголт.
Мэргэжлийн бокс шиг 10 онооны дүрэмтэй болсноор үзэгчид шууд оноог мэдэх боломжгүй болж байгаа ч олон талыг харгалзсан шударга шүүлттэй боллоо хэмээн энэхүү өөрчлөлтийг олон хүмүүс сайшааж байжээ.
АВИЛГАЛЫН АСУУДАЛ ҮНЭХЭЭР БАЙДАГ ГЭЖ ҮҮ?
Зарим эх сурвалжууд, хэвлэлийнхний үзэж байгаагаар бол БАЙДАГ. Харин албаныхны үзэж байгаагаар ийм зүйл байх боломжгүй гэх. Олимпийн наадам эхлэхийн өмнө л Английн алдарт The Guardian энэ талаар сануулж, зарим жингийн медальтнууд аль хэдийн тодорчихсон шүү хэмээн шуугиантайгаар мэдэгдсэн нь дэлхий нийтийг цочроосон юм. Тэдний үзэж байгаагаар тухайн тоглолтыг шүүх шүүгчдийн оноолтыг урьдчилан гаргаснаар шүүгчдэд нөлөөлөх бололцоо үүсдэг гэнэ.
Хэдий дүрэм ёсоор тухайн тоглолтын өмнөх мөч хүртэл хэн хэн шүүгчдээр томилогдох нь тодорхойгүй, тэр нь компьютерийн системээр хуваарилагддаг гэдэг ч үүнийг урьдчилан зохицуулах шиг амархан зүйл байхгүй гэнэ. Та өөртөө шүүгчдийг хуваарилдаг эрх мэдэлтнийг урвуулахад л хангалттай. Өмнө нь шүүгчид үе бүрийн төгсгөлд “дээрээс” ирэх дохио, гар болон толгойн хөдөлгөөнөөр аль булангийн ялагчийг дэмжих заавраа авдаг байсан бол тэр нь улам төгөлдөршиж тэмцээний өмнөх цугларалт, уулзалтуудын үеэр шийдэгддэг болжээ. Энэ талаар хамгийн анх олон нийтэд мэдээлэл өгсөн эрхэм бол Ирландын шүүгч Симус Келли.
Тэрээр 2011 онд Дохад болсон Арабын наадмын үеэр хамт шүүж байсан шүүгчид нь дохион дагуу үнэлгээ өгч байгааг анзаарчээ. Улмаар 10-9-ийн дүрэм хэрэгжих болсон Минскийн 2013 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр маш өндөр зохион байгуулалттай хуйвалдаан өрнөж байгааг анзаарсан байна. Минскийн тэмцээний өмнө шүүгчдийн мэргэшил дээшлүүлэх нэртэй хуралд хамтдаа оролцсон нөхөд ихэд найзууд болж, мөн хамтдаа тоглолт шүүж байгаа нь түүнд их сэжигтэй санагджээ.
Тэгээд тэр огтхон ч эргэлзэлгүй AIBA-д энэ тухайгаа мэдэгдсэн байна.
“Гэхдээ л надад их дарамттай байлаа. Би бүр унтаж ч чадахгүй байлаа. Холбоондоо мэдэгдээд санаа минь амрах болов уу гэтэл бүр эсрэгээрээ айж эхлэсэн. Миний нэрийг хар дансандаа бүртгэчихсэн юм шиг санагдаж байлаа” хэмээн тэрээр хожим BBC-д ярьжээ.
“Шүүгчид ийм асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөх нь элбэг. Учир нь тэд ямар нэг шалтгаанаар шүүж чадахаа болих, эсвэл олимп руу томилогдохгүй байхвий гэж эмээдэг. Мөн өөрийнх нь улсын боксчид зуулгачихвий хэмээн айдаг нь гарцаагүй” хэмээн тэрээр хэлжээ.
Үнэхээр ч Келлигийн айдас өөрт нь бодит байдлаар биеллээ олсон юм. Түүнийг 2014 оны залуучуудын ДАШТ-ий үеэр өөр нэг шүүгч рүү дайрсан хэмээн шалтаглаж, тэмцээнээс хасч, уучлал гуйсан ч гэсэн “хувийн шалтгаан, биеэ зөв авч яваагүй учир” хэмээн шүүхэд тохиромжгүй хүн хэмээн үзэж, жагсаалтаасаа хассан байна.
“Сүүлийн 2 жилийн турш тэрээр мэргэжлийн шүүгчийн ёс зүйн дүрмийг хэд хэдэн удаа санаатайгаар зөрчиж, AIBA-ийн сануулгыг үл тоомсорлон, зарим чухал шаардлагатай хурал, зөвлөгөөнүүдэд оролцохоос татгалзсан. Үүний сацуу тэр худал гүтгэлгийн шинжтэй мэдээллээр байгууллагын нэр хүндийг сэвтүүлэх гэж оролдсон” хэмээн AIBA-ын хэвлэлийн төлөөлөгч түүний талаар мэдэгдсэн юм.
Шүүгчид бөөн бөөнөөрөө бүлэг болон ажиллахаас гадна тэмцээн зохион байгуулалтын зардал нэртэйгээр их хэмжээний “авилгал” AIBA-д ирдэг талаар асуудал ч бас бий. Лондоны олимпийн өмнө BBC Азербайжан улс холбоондоо 10 сая доллар “зээлж”, зээлийнхээ төлбөрт медаль худалдаж авч байгаа хэмээн зарлаж шуугиан дэгдээж байв.
AIBA үүнийг эрс үгүйсгэж, уг зээл нь мэргэжлийн цуврал тэмцээнүүдэд бий болгоход зориулагдаж байгаа бөгөөд эргэн төлөлтийн талаар мэдээлэх боломжгүй хэмээн яаран сандран мэдэгдэж байв.
Азербайжан 2011 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. Төлбөртөө алт, мөнгөн медаль авсан гэх. Олимпийн өмнөх маргааныг батласан мэт тулаан Япон С.Шимизу болон Азербайжаны М.Абдулхамидовын хооронд өрнөж, Япон боксчин өрсөлдөгчөө 6 удаа нокоутад оруулсан ч ялагдал хүлээсэн. Талбайн шүүгч,Туркменистаны иргэн нэг ч нокоутыг тооцоогүй, нэг ч сануулга өгөөгүй. Япончууд ч маш хурдан хариу арга хэмжээ авч, эсэргүүцэл бичин өөрсдийн талд шийдвэрээ гаргуулж чадсан. Ийм маргаан олимпоор дүүрэн гарсан.
Риогийн олимпийн өмнө Венеусэлийн Варгас хот хамгийн сүүлийн эрх олгох тэмцээнийг 7-р сарын 3-8-нд зохион байгуулжээ. Тус тэмцээнд оролцсон Венеусэлийн 6 тамирчны 4 нь олимпийн эрхээ авсан нь “гайхмаар” үр дүн байлаа.
“Тэмцээнийг зохион байгуулна гэдэг асар их зардалтай. Нэг их олон хот тэмцээн авах сонирхолгүй болсон. Тийм учир холбоод тэмцээн зохион байгуулах зардал нэрийдлээр зохион байгуулагчдаас урьдчилсан төлбөр аван, тэдэнд ашигтай зүйлийг нь амладаг. Энэ бол анхны тохиолдол биш, бас сүүлийнх ч биш.” Хэмээн нэрээ нууцлахыг хүссэн AIBA-ийн нэгэн албан тушаалтан хэлжээ.
AIBA мэдээж үүнийг үгүйсгэсэн. Нутгийн дэвжээ түшсэн, сайн бэлтгэлтэй байсан зэрэг олон шалтгаан дурьдаж болох ч бүх шилдгүүд ирсэн хамгийн сүүлийн чухал тэмцээнд ийм өндөр амжилтыг Венеусэл шиг улс үзүүлсэн нь “сэжигтэй” ч юм шиг.
AIBA олимпийн дараа их олон асуултанд хариулт өгөх ёстой. Холбооны ерөнхийлөгч Ү 2013 онд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө холбооны мөнгийг ашигласан гэдэг гомдол дарагдаагүй л байна. Шүүлтийн асуудал ч маргаан дэгдээсэн хэвээрээ. Авилгалын асуудал ч гэсэн дотроосоо ч, гаднаасаа ч шүүмжлэл дагуулсаар. Нэгэн үе хамгийн сонирхолтой олимпийн төрөлд тооцогддог байсан боксын үзэгчдийн тоо бага багаар буурсаар. Шинэчлэл хэр их тамирчны нулимс, золиосоор ирэх бол?
Эх сурвалж: theguardian.com, bbc.com, rte.ie
URL: