Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулна
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Шинээр баталсан Эрүүгийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Мөн гэмт хэргийг зөрчлийн шинжээс ялгамжтай байдлаар шинэчлэн томьёолохын зэрэгцээ шинэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, ялын төрөл, албадлагын арга хэмжээг уг хуульд шинэчлэн тусгажээ.
Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчилан таниулах хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэр тэмдэглэн хэллээ. Тиймээс уг хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах шаардлагатай. Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: