“Erdene Resources” 1.9 сая канад долларын алдагдал хүлээжээ
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resources” компани энэ оны эхний хагас жилд 1.66 сая канад долларыг хайгуулын ажилд зарцуулж, 1.9 сая канад долларын алдагдал хүлээжээ. Он гарсаар тус компани “Баян Хөндий” төслийн талбайд хайгуулын гол ажлаа явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар хайгуулын ажлын үр дүн гараад байна.
Хайгуулын ажлын үр дүнд газрын хөрснөөс холгүй алтны өндөр эрдэсжилт илэрсэн бөгөөд металлургийн шинжилгээгээр алтаа бага зардлаар хүдрээс салгах боломжтой болох юм.
“Erdene Resources” компанийн хувьд “Баян Хөндий”-өөс гадна “Алтан нар” төсөлд төвлөрөн ажилладаг юм. Энэхүү хоёр төслийн хайгуулын ажил дуусмагц олборлолт явуулах боломжоо илүү судлахаар төлөвлөсөн байгаа аж.
Тус компани хагас жилд нийт 4.7 сая канад долларыг “Teck Resources”, “SandStorm Gold” зэрэг хөрөнгө оруулагчдаас татаж чадсан байна. Түүнчлэн компанийн хувьцааны ханш оны эхнээс 130 гаруй хувиар өсчээ.
М.Баясгалан
URL: