Emart нэг л биш ээ

2029
Солонгосын сүлжээ бүхий дэлгүүр Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотноо нээгдээд хагас сар болох гэж байна.  Монголчуудын сониуч, бие биеэсээ дутахгүй гэдэг этгээд араншин Emart  руу  хөтөлсөөр.  Нээлтээ хийсэн эхний өдрүүдэд өдөрт 348 мянган ам.доллар Солонгос руу урссан гэх мэдээлэл бий. Өнөөдөр ч ялгаагүй   солонгос эзний данс руу 300 мянга биш юм аа гэхэд 50-60 мянган ам. доллар шилжиж л байгаа.  Эдийн засгийн хямрал хэмээн цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй баларч  суугаа ийм цаг үед  мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг сайны ёр яавч биш. Тэр их  мөнгө дотоодын зах зээлд эргэлдэн,  үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тийм хэмжээнд борлогдож байдаг бол мөн ч сайхан аа.  Бид тэгж чадахгүй, иргэдийн санаа сэтгэл, худалдан авах чадварыг солонгос эр шиг  татаж чадахгүй юм хойно халаасаа шавхаад л  Emart руу харайлгаад байхаас яах вэ.
Гэхдээ бид нэгэнт шавхаж байгаа хэдэн төгрөгөө сайхан орчинд тархиа амраангаа сэтгэлдээ нийцсэн, чанартай  бараа бүтээгдэхүүнд өгмөөр байна шүү дээ.  Өдөрт дунджаар 1500 орчим хүн  Emart –аар үйлчлүүлж байгаа ч тэдний ихэнх нь 30 гаруй минут болоод л гарахын, агаар амьсгалахын түүс болох нь бий.  Агааржуулалт дутмагийн гай ийн хамгийн түрүүнд мэдрэгдэнэ.
Тэнд бага насны хүүхдээ тэврээд, хөтлөөд явж байгаа гэр бүлийнхэнд зориулан хүүхдээ суулгаад гар амар, сэтгэл тайван  үйлчлүүлэх нөхцөл ч алга байна лээ. Тоолоод үзвэл арваас илүү гарахгүй хүүхдэд зориулсан түрдэг тэргийг эцэг эхчүүд булаалдан, ухаан суусан гурван настнууд тэрхүү ногоон өнгийн машин бүхий тэргэн дээр суух гэж орилолдон уйлалдах нь эмгэнэлтэй бас өрөвдмөөр. Үүнээс гадна үйлчлүүлэгчид уг нь солонгос бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэж Emart-ыг зорьж очдог байлтай.
Гэтэл солонгос шошго бүхий цөөн хэд нь улсынхаа зах зээлээс хэдийнэ шахагдсан, хугацаа нь дуусах шахсан, хийц загвар нь хоцрогдсон бараа бүтээгдэхүүн байх жишээтэй. Бас болоогүй түүнийгээ өндрөөр үнэлсэн байх юм. Үнэндээ тэндэхийн лангуунуудын ихэнхийг Монголын наймаачдын оруулж ирдэг импортын бараа бүтээгдэхүүн эзэлсэн харагдсан.   Ийн супермаркетаас ялгагдах зүйлгүй шахам Солонгосын  сүлжээ бүхий Emart   дэлгүүр нээлтийн арга хэмжээний дараах долоо хоногоос тараа таниулж эхлэв бололтой.  Emart бол  дундаж амьдралтай солонгосчуудын дэлгүүр гэгддэг.
Тэндээ  дээр хэлсэнчлэн томоохон үйлдвэрлэгч компаниудынх нь зах зээлээс эргүүлэн татсан эсвэл илүүдэл болж үнээ бууруулсан агуулах чөлөөлөх бөөний худалдааны газар ч гэж ойлгож болно.  Үүнийг нь  Сөүлийн гудамжнаа ширхэг нь 1000 воноор зарагддаг хайруулын таваг, гар нүүрний алчуур, хамгийн хямдхан шампунь, биеийн шингэн саван, угаалгын нунтаг гэрчилнэ. Монголчууд ч монголчууд. Зах зээлийн үнээс 20 нугалсан үнээр зарагдаж буй барааг нь  солонгос бараа чанартай, үнэ нь боломжийн хэмээн авах гэж хөлсөө урсган дугаарлаж зогсоцгоохыг нь яана.  Өрөвдмөөр ч юм шиг. Монголчууд минь бид чинь ардчиллынхаа буянаар улаан паспортоо өвөртлөөд хаа сайгүй мордоцгоож, тэр хэрээрээ юм үзэж, нүд тайлцгаасан бус уу.  Тиймээс жинхэнэ  Emart-ын бараа бүтээгдэхүүн орж ирж худалдаалагдах хүртэл  худалдан авалтаа зогсоовол яасан юм бэ.
Эх сурвалж: Mонголын мэдээ сонин
Х.Норжин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих