Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр дахин батлуулна

00Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн.

Тэрээр “Аливаа мэдээллийг үнэн бодитоор хүргэнэ гэдэг цаашдын ажлын төлөвлөгөөг илүү хэрэгжих үндэстэйгээр боловсруулах бололцоог бий болгоно. Статистик тоон мэдээллүүд бол тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэмждэг хэмжүүр байдаг. Энэ тоонуудыг бид худлаа хэлээд, эсвэл засч залруулаад ярьж болохгүй. Эмч хүн өвчнийг зөв оношилж байж, зөв эмчилгээгээ хийнэ шүү дээ. Өнөөдрийн тухайд бид хоорондоо замбараагүй байгаа олон төслүүдийг нэгтгэж, цэгцлэх ажлыг хийж байна. Нэлээд хугацаа шаардагдах бололтой. Сангийн яам, Хөгжлийн банк, Улсын төсөв болон Монголбанк тус тусдаа төсвүүдтэй.Энэ олон төсвийн дунд хаягдсан, орхигдсон зүйл маш олон байна. Энэ бүгдийг цэгцлэхэд их хугацаа шаардлагатай байгаа.

Монгол Улсын Засгийн газрын хувьд бид хоёр үе шаттайгаар ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээр үе шатанд макро эдийн засгаа тогтворжуулж, төсвөө эрүүлжүүлнэ. Дараа нь үйлдвэржилтээ хөгжүүлэх, эдийн засгийг дэмжих бодлогоо хэрэгжүүлнэ. Бид маш сайхан зүйлийг ярьдаг. Харамсалтай нь огт хийгддэггүй. Жишээ нь өнөөдөр Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Хэрэгжүүлнэ гээд яриад л байдаг. Хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Таван газарт таван өөр төсөл яриад байдаг. Нэг нь ч хэрэгждэггүй. Монгол Улсын Засгийн газар энэ нөхцөл байдлыг өөрчилж, эхний ээлжинд хэрэгжих бололцоотой, чухал төслүүддээ санхүүжилтийг нь шийдэж, хэрэгжүүлэх зарчмаар ажиллах болно.

Бид төсөвтөө өөрчлөлт хийхгүй, тодотгол хийхгүй бол оны төгсгөл гэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 21 хувьтай тэнцэхээр байна. Бид УИХ-ын даргад хандан ээлжит бус чуулган хуралдуулах талаар хүсэлт тавьсан. Үүгээр бид төсвөө тодотгож, төсвийг эрүүлжүүлэх алхмаа хийнэ. Мөн Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Үүнийг төсвийн  тодотголтой хамтаар УИХ-д өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Төсвийнхөө алдагдлыг бууруулж, алдагдалгүй болгох, төсвөө эрүүлжүүлэх бодлогоо хэрэгжүүлнэ. Цаашдаа зөвхөн тогтворжуулах зүйл яриад байхгүй. Эдийн засгийг дэмжих, идэвхжүүлэх ажлуудаа ч хийнэ. Эдийн засгийг тогтворжуулах алхмуудыг хийсний дараа 2017 оны төсвийг батлуулахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжүүлэх бодлогуудаа давхар батлуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын хувьд яг одоогоор бэлэн хэрэгжүүлчих ТЭЗҮ нь бэлэн болсон хөтөлбөр, төсөл алга. Тийм учраас тодорхой эх үүсвэр болж, том төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Бид хүнд худлаа хэлээд, өөрсдийгөө хуурч хэрэггүй гэж үзсэн. Бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг албаар засч, залруулснаас үүдэлтэйгээр эдийн засагт учрах хохирол маш их. Засч, залруулсан мэдээлэлтэйгээр ажлаа хийгээд, тэр үр дүнд хүрэхэд хэцүү. Бид өөрсдийгөө толинд хараад, царай муутай байхаар толио хагалчихаж болохгүй. Толио хагаллаа гээд царайлаг болохгүй” гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих