Сүхбаатарын талбайгаа таллаад зарчихсан байна

-ЭНЭХҮҮ ГАЗРЫН НАЙМААНЫ ЦААНА ХЯТАДУУД БИЙ ГЭНЭ-

Сүхбаатарын талбайгаа таллаад зарчихсан гэвэл итгэх үү. Ийм нэг мэдээлэл сонсоод УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас лавлалаа. “Таныг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Сүхбаатарын талбайн газрыг хуваагаад зарчихсан гэх юм. Үнэн үү” гэлээ. Мань гишүүн “Тийм завхарсан юм гэж хаа байдаг юм бэ. Би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Сүхбаатарын талбайн газраас хувь хүн, компанид өгөөгүй” гэдэг байна. Цааш нь асуугаад байвал уурлах янзтай. Ерөнхийдөө бол энэхүү мэдээлэлд эмзэг хандаж байгаа бололтой.

“Бороо гоулд” гэдэг компани буян нүглээ боддогсон уу, ямартай ч манайд үнэ төлбөргүй эмнэлэг, цэцэрлэг хааяа барьж өгдөг юм. Тэр ажлынхаа хүрээнд “Сүхбаатарын талбайн урд талын хэсэг газар навсайж гүйцлээ. Тэрбум төгрөг гаргаад засаад өгье” гэжээ. Харин хотын дарга Г.Мөнхбаяр “Бусдын өмчийг засаад яах вэ. Наад талбай чинь банкны барьцаанд байгаа” гэх ухааны хариу өгсөн аж. Үүнээс үүдээд талбайн урд хэсэг, Энхтайваны хонхтой цэцэрлэг бусдын өмч гэдгийг мэдээд авлаа.

Ингээд Нийслэлийн өмчийн газраас нэгэн сонирхолтой баримт олоод авлаа. 2006 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр “Ч.Орхон захиралтай “Ю Би констракшн” ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгосугай” гэсэн захирамжийг олж үзэв. Засаг даргын 52 дугаар захирамж дурайж байна. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр ч дангаараа олгочихоогүй юм байна. НИТХ-ын гишүүд хуралдаж тогтоол үйлдээд Н.Болормаа дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байх юм.

Тухайн үед НИТХ-д сууж байсан нөхдөөс асуувал “ёстой тийм юм байхгүй” гэцгээж байна. Энэ асуудлыг хамгийн ихээр мэдэж байгаа хүн бол одоогийн хотын дарга Г.Мөнхбаяр. 2006 онд хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд Засаг дарга Ц.Батбаяраас “Талбайн тохижилтод анхаарч ажиллах үүрэг авч байсан юм билээ. “Ю Би констракшн” компани тус талбайг “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан усан оргилуур бүхий үйлчилгээний төв байгуулна” гэж авчээ.

Сүхбаатарын талбайн урд талыг өнгөт хавтангаар бүрээгүй. Энэ нь хувийн өмч болоод янзлаагүй юм байна. (Зарим эх сурвалжууд “Энэ газрыг хэсэглэн зарахаар урьдчилан бэлтгэсэн байсан учраас хавтангаар бүрээгүй” гэх юм билээ) Мөн “Ю Би констракшн” компани улирал бүр хоёр сая 750 мянган төгрөг төлөх үүрэгтэй. Энэ мөнгө ордог эсэх нь эргэлзээтэй. Үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон аж. Газар эзэмших гэрчилгээний үнэд 82 сая төгрөг төлсөн байдаг юм байна. Энэ бол гэрчилгээг үнэмшилтэй болгож харагдуулах мөнгөний тоо болов уу.

Хотын зарим нэг дарга нараас (Нэрээ нууцлахыг наминчлан гуйсан болно) энэ газрын талаар асуулаа. Тэр “Ю Би констракшн” гэдэг компани Сүхбаатарын талбайн урд хэсэг, хонхтой цэцэрлэгийг Худалдаа хөгжлийн банкины зээлийн барьцаанд тавьсан. Цаад талд Хятадын компани бий. Асар их мөнгөний тоо сонсогддог юм” гэж ярилаа. Зараалын морь шиг болсон энэхүү талбайн тал нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавигдсан байх юм.

Олны хөл амнаас эмээгээд одоохондоо барилга байгууламж барихгүй байгаа гэнэ. Энхтайваны хонхны ойролцоо шатар тоглодог хөгшчүүл “Энэ цэцэрлэгийн модыг нэг нэгээр нь суга татаад байгаа юм. Ямар учиртайг нь бүү мэд. Нэг л өдөр хашаагаар хүрээлээд авчихна биз. Цагдаа нар биднийг байнга л хөөж байдаг юм” гэлээ. Үнэхээр энэ хавийн модыг сугалаад дуусч байгаа бололтой. Хашлага нь эвдэрч, мод нь цөөрсөн үзэгдэнэ.

Дуурийн театрын өмнөх цэцэрлэгт талбайг хувийн компани авсан цаг үетэй тун ойролцоо юм билээ. Нэг л өдөр Сүхбаатарын талбайд гадны хөрөнгө оруулалттай тэнгэр баганадам дэлгүүр ч юм уу, зочид буудал босоход гайхах зүйл алга. 1990 оны эхээр зальт этгээдүүд Хан-Уул дүүрэгт байдаг танк хөшөөг төмрийн хогонд өгөх гэж байсансан. Тэгтэл өнөөдөр төв талбайгаа таллаад зарчихсан сууж байдаг, газрын ченжүүдэд хайрлах, хамгаалах үнэт зүйлс гэж алга. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих газар олдохгүй байхад төв талбайдаа үйлчилгээний төв барих юм гэнэ. Нөгөөтэйгүүр нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өндөр албан тушаалтнаас айгаад 2006 онд гарсан захирамжийг цуцлах ямар ч сонирхолгүй байдаг гэнэ. Энэ газрын талаар эргэн сурвалжлах болно.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих