Нэр хүндэд нь халдсан мэдээ тараахаар сүрдүүлж, 100 сая төгрөг нэхжээ
Сүүлийн жилүүдэд олон улсад үйлдэгдэж буй интернет орчинд үйлдэгдэх санхүүгийн луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд өртөх явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар 13 холбогдогчтой зургаан удаагийн цахим гэмт хэрэг үйлдэгджээ. Тодруулбал, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг 2, интернет орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэн явуулсан 2, интернет орчинд садар самууныг сурталчилсан 2 гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэн илрүүлэн, шалгаж байгаа юм байна.
Тодруулбал, Иргэн У нь фэйсбүүк орчинд бэлгийн гаж урсгалыг сурталчлан садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, сурталчилсан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн зүй бус үйлдэлд уруу татсан зэрэг гэмт хэрэг үйлджээ.
Мөн иргэн Н нь фэйсбуүк орчинд бүлгэм үүсгэн садар самуун агууламжтай, дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тарааж, сурталчилсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Харин Иргэн О, С нар нь интернет орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулж, их хэмжээний орлого олсныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлжээ.
Түүнчлэн иргэн С нь интернет орчинд иргэн Э-гийн нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараахаар дарамтлан сүрдүүлж, 50,000 ам.долларыг нэхэмжлэн шаардсан гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.
Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийн цахим орчинд үл таних хүнтэй харьцаж, мэдээлэл солилцохгүй байхыг анхаарууллаа. Учир нь иргэд гадаадын иргэнтэй цахим орчинд танилцах, харилцах явцдаа бусдад залилуулах явдал тасралтгүй гарах болжээ. Гэмт этгээдүүд сугалаанд мөнгө хожсон, өв залгамжлагчаар сонгогдсон, их хэмжээний мөнгөтэй дүйцэхүйц бэлэг хүлээн авах болсон зэрэг шалтгаанаар иргэдийг хууран мэхэлж, урьдчилгаа болгон өөрсдийн дансанд бага бус хэмжээний мөнгө шилжүүлж авдаг байна.
URL: