Монгол Улс өргүй болов

Одоогоос долоон жилийн өмнө ОХУ-д төлөх ёстой өрийг тэглэсэн гэсэн мэдээлэл монголчуудыг хамгийн их баярлуулсан. Гэтэл үнэн хэрэгтээ тэглэх тухай яригдсан ч хаалтын гэрээгээ хийгээгүйн улмаас энэ асуудал шийдэгдээгүй болохыг хожуу мэдсэн. Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлалын үеэр энэ асуудлыг эцэслэж, ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар гэрээнд гарын үсэг зурав. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Их өрийг 2003 онд тэглэсэн гэдэг ч жилийн өмнөөс оросууд сөхөж эхэлсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-2003 онд их өрийг тэглэх тухай манай хоёр улс ярилцаад тэр жилдээ багтаан хаалтын гэрээ байгуулах ёстой байсан ч чадаагүй. Монгол Улс өрийг тэглэсэн гэж ойлгож байсан ч оросууд жилийн өмнө энэ асуудлыг сөхөж эхэлсэн. Тиймээс бид асуудлыг хэрхэн шийдэж болох талаар хоёр жил шахам хэлэлцэж, ярьсны эцэст Ерөнхий сайд С.Батболдын албан ёсны айлчлалын үеэр эцэслэн шийдлээ.

-Монгол Улс ОХУ-д хэдэн сая долларын өртэй байсан юм бэ. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэглэж байгаа ч гэрээний дагуу манайх мөнгө төлөх юм билээ?

-Манай улс нийт 174 сая долларын өртэй байсан. Бид удаа дараа ярилцаж, хөөцөлдсөний дүнд 97.8 хувийн хөнгөлөлттэйгээр энэ асуудалд цэг тавилаа. Тэгэхээр Монгол Улс ОХУ-д 3.8 сая доллар төлөх л үлдэж байгаа юм. ОХУ-ын хуулинд гаднын томоохон компанид хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн улс орон, компани өмнөх өрөө барагдуулааг үй бол зөвшөөрдөггүй юм байна. Өрийн асуудлыг тэглэснээр эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ.

-ОХУ-ын хуулиар бид үлдсэн мөнгөө төлж байж дараагийн алхам хийгдэх нь тодорхой байна. Манай улс 3.8 сая доллараа хэзээ төлж барагдуулах вэ. Тэрнээс гадна их өрийг манай талд ашигтай хувилбараар шийдлээ. Энэ шийдвэрийн цаана Монголын Засгийн газарт ямар нэгэн асуудал тулгасан юм биш биз. Тухайлбал, ураны хамтарсан үйлдвэр байгуулахыг шаард сан гэх хардлага байх юм?

-Өрөөс үлдэж буй мөнгийг манай улс ирэх оны эхний улиралд багтаан шилжүүлэх учиртай. Ирэх жилийн төсөвт энэ мөнгө суусан учир санаа зовох зүйлгүй. Өр тэглэсэн асуудалтай холбогдуулан манай улсад ямар нэгэн зүйл тулгаагүй. Ураны хамтарсан компани байгуулах асуудал хуулийн дагуу явж байгаа гэв.

“Их өрийг” ийнхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдэхэд ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнуудын уйгагүй хөдөлмөр чухал байсныг Ерөнхий сайд онцолсон. Сэтгэл, зүтгэл гарган ажилласан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан Г.Лүндэн, Б.Эрдэнэбилэгт, Б.Чимэдцэрэн нарыг Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих