Хортой шийгуа орж ирэх замыг хилийн дээсэн дээр таслан зогсоогоосой
Та хэрвээ хятад хэл гадарладаг бол доорх ханз үсгээр бичигдсэн гарчгийг гүүглдээд үзээрэй. 有毒西瓜怎能穿越大半个中国害人 “Хортой шийгуа яагаад дийлэнх Хятад хүмүүсийг хордуулаад байна вэ?” гэсэн утгатай юм л даа.
Өнөө жилийн шийгуа хавьгүй эрт гарсныг ажигч хүн лав анзаарсан байх аа. Эхнэр бид хоёр ч эхний ургацын шийгуа байна гэж олзуурхаад гэрийнхээ ойролцоох “Миний” дэлгүүрээс хамгийн том шийгуаг нь шилэн байж аваад идэх гэтэл өнгө амт нь нэг л биш болоод явчихсан тул идэлгүй хаясан даа. “Манайхан л болсон хойно Хятадын жил дамнасан хуучин шийгуа худалдаж авчраад зарж байгаа хэрэг байж таарна.” гэсэн шүү юм хоорондоо яриад өнгөрсөн санагдана.
Дараа нь би гэдэг хүн бас л хашралгүй саяхан “Миний” дэлгүүрээсээ тал шийгуа худалдаж авсан нь амьхандаа өнгө зүс гайгүйтэйг сонгосон ухаантай юм. Тэгээд авчирсан оройгоо идэж байгаад үлдсэн хагасыг нь маргааш өдөр амтлах гэтэл амт нь гашуун, шүүс нь угаадас шиг цэхэр юм болон хувирчээ. Тийм зүйлийг гэдэс рүүгээ явуулалтай биш бас л хаясан даа.
Манай жимс ногооны худалдаачид агуулахад удсан шийгуа оруулж ирээд байгаа юм байна гэсэн миний онош буруу болохыг саяхан хятадын хэвлэл уншиж байхдаа ойлгож авсан нь дээрх гарчиг бүхий өгүүлэл билээ.
Уг өгүүлэлд бичсэнээр хортой шийгуа хятадад чамгүй том асуудал дэгдээгээд байгаа ажээ. Шийгуа тариалагчид эрт ургацын тарвасыг хурдан зах зээлд гаргаж ахиу орлого олохын тулд фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг нь амт чанарт нь нөлөөлөх болсон аж.
Хэтрүүлэн хэрэглэсэн фосфорын бордоо тарвасны дотор шингэж хор болон хувирахын зэрэгцээ монголоор эм гормон гэж орчуулж болмоор эстроген гэдэг бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч тийм шийгуаг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтайг уг өгүүлэлд дурдсан байна лээ.
Уг өгүүлэлд эрүүл сайн чанарын тарвасыг ялгах онцлог шинжүүдийг дурдсан нь та бүхэнд хэрэг болж мэдэх юм.
01. Тарвасны дундаж жин 4 орчим кг байвал зохистой байдаг гэнэ. Түүнээс биш 8-10 кг гэх зэрэг бидний шунан дурладаг хэт том тарвас асуудалтай байж мэдэхээр байдаг ажээ.
02. Тарвасны ширхэглэг эдийг Монголоор угтаа “мах” гэдэг юм л даа. Үүнийг Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толийг” сөхөөд харчихад төвөггүй мэдэж болно. Тарвасны мах нь жигд улаан биш доорх зурган дээрх шиг шар хөгц мэт зүйл тодорсон байвал эстрогеноор тариулсан байж болзошгүй байдаг байна.
03. Тарвас худалдан авахдаа хэмжээнээс гадна хэлбэрийг сайтар нягтлан харахыг дээрх өгүүлэлд зөвлөсөн байна лээ. Ер нь бөөрөнхий буюу эсвэл зууван бөөрөнхий тарвасны хэлбэрийг зөв хэмээн тооцдог юм байна. Хэрвээ аль нэг тал нь хэт том, голоороо хонхойсон зэрэг буруу хэлбэртэй тарвас бол худалдан авч идэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй байдаг ажээ.
Одоо Улаанбаатараар дүүрэн “Ховдын тарвас” худалдаалж байгаа нь яамай даа. Сайны дунд саар гэгчээр “Ховдын тарвасны дунд хортой шийгуа” цохиж явахыг хэн байг гэхэв хэмээн бодоод энэхүү сэрэмжлүүлэх бичлэгийг орууллаа.
Төр засгийн холбогдох байгуулагууд энэ асуудлыг онцгой анхаарч Хятад даяар асуудал дэгдээгээд байгаа “Хортой шийгуа” орж ирэх замыг бүр тэртээ хилийн дээсэн дээр таслан зогсоогоосой. Чанар муутай фосфорын бордоо, эстроген зэргээс гадна Хятадын агаарын бохирдолд агуулагдаж байгаа химийн хортой хүнд элементүүд хөрс усанд шингээд жимс ногооны чанарт ихээхэн аюул учруулж байгаа тухай та бүхэн уншиж байсан биз ээ. Манай улсын мэргэжлийн хяналтын байгууллага энэ асуудал дээр үүргээ төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нэг хэсэгтээ Хятадаас үр жимс импортлох асуудлыг хязгаарлан хориглочихвол хүн ардын эрүүл мэндэд тустай сайн хэрэг болж улмаар дотоодын жимс ногооны үйлдвэрлэл хэдхэн жилийн дараа л сэгхийгээд босоод ирмээр санагдах юм. Тэр цагт бид өөрсдөө Монгол хөрсөндөө ургасан сайн чанарын жимс ногоогоо өмнөд хөршид экспортлож яагаад болохгүй байх билээ.
Үүнийг УИХ-д шинээр сонгогдсон уран зохиолчид, уяач, бөх дуучид маань эрхбиш болгоож байдаг байлгүй дээ.
Хятад судлаач Д.Болдбаатар
URL: