Самрын модноос хоёр хүн унаж амиа алдлаа
Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэх ёстой. Гэтэл иргэд хууль зөрчин самар бэлтгэж, улмаар гэмтэж бэртэх, амиа алдах тохиолдол гарсаар байна. Энэ амралтын өдрүүдэд л гэхэд хоёр иргэн самрын модноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Яргайтын зусланд самар түүхээр модонд авирсан 40 настай Б гэх эрэгтэй хөл алдан унаж, амиа алджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Бурхантын аманд самар түүхээр модонд авирч байсан 36 настай Ё гэх эрэгтэй 8 метр өндрөөс унаж нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хууль зөрчин түүхий самар түүхгүй байхыг анхаарууллаа. Түүхий самар түүх нь хууль бус бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас болц нь гүйцээгүй самар түүсэн, худалдаалсан иргэдийг торгох арга хэмжээ авч буй.
Тухайлбал, хууль зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар самар бэлтгэсэн тээвэрлэсэн бол иргэнийг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно. Харин аж ахуйн нэгж байгууллагыг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг талтайгаас гадна ирэх жилийн ургацад нөлөөлдөг байна.
URL: