Тайландад 24 цагийн дотор 11 дэлбэрэлт боллоо

Өчигдрөөс эхлэн Тайландын таван мужид дараалсан 11 дэлбэрэлт болж дөрвөн хүн амиа алдлаа. Эрх баригчдын хэлж буйгаар 34 хүн хүнд, хөнгөн гэмтэж бэртжээ.

Одоогийн байдлаар халдлагын хариуцлагыг хүлээх талаар хэн ч ам нээгээгүй байгаагийн дээр энэ олон дэлбэрэлтүүд хоорондоо хамааралтай эсэх нь ч тодорхойгүй байна.

Түүнчлэн Тайландын цагдаагийн байгууллага энэхүү халдлагууд нь олон улсын терроризмтой холбоогүй гэж таамаглаж байгаа аж. Өнгөрсөн жил Эраван бунханд болсон дэлбэрэлт, таван өдрийн санал асуулга явуулсан үндсэн хууль зэргээс болж энэхүү халдлагуудыг үйлдэж байж болох юм.

Гэхдээ эрх баригчид одоо болж буй халдлагуудыг Эраваны халдлагатай холбоогүй гэжээ. Эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар өдрийн 15:00 цагт Тран мужид болсон бөгөөд нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан юм.

Үүний дараа Хуа Хин дүүрэгт оройн 22:15 цагийн үед эхний бөмбөг, 11:00 цагийн үед хоёр дахь бөмбөг дэлбэрч нэг эмэгтэй амиа алдаж, 21 хүн шархаджээ.

Шархадсан хүмүүсийн дунд Герман, Нидерланд, Австрийн иргэд байгаа аж. Ингээд өглөөний 08:01 цагт Сурат Тани хотод цуврал дэлбэрэлт болж мөн нэг эмэгтэй амиа алдсан байна.

Фан-на мужийн хар зах дээр өглөөний 09:00 цагийн үед, Хуа Хин дүүрэгт дахин хоёр тэсрэх бөмбөг дэлбэрч Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээ.

Гэхдээ өглөө болсон дэлбэрэлтүүд олон хүн цуглахаас өмнө болсон юм. Учир нь Баасан гаригт Тайланд даяар Эхчүүдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд олон хүн цугладаг аж.

Хуа Хин дүүрэгт болсон дэлбэрэлтүүд Эзэн хааны далайн ордноос ердөө хоёр километрийн зайтай болжээ.

Ингээд Баасан гаригийн үдээс хойш гэхэд үйлчилгээний газрууд хэвийн ажиллагаандаа орж, үүдээ нээснээр, цагдаагийн хамгаалалт суларч, иргэд юу ч болоогүй мэт хэвийн амьдралдаа шилжиж байгаа талаар СNN агентлаг мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих