Rio 2016 Олимпийн “но”-той талууд

Хүн төрөлхтний эв нэгдлийн наадам хэмээдэг аугаа их Олимп. Амжилт, зохион байгуулалтынх нь тухай яриа хөөр нэг хэсэгтээ л намддаггүй энэ их наадам бол харин энэ жил хамгийн муу зохион байгуулсан арга хэмжээнд зүй ёсоор тооцогдож байна. Тэр байтугай энэ оны хамгийн муу уралдаан тэмцээн боллоо гэж оролцогчид үзэж байгаа аж. Орон орны тамирчид хэдийгээр үндсэн зорилгоо нэр төртэй биелүүлж, гялалзсан амжилт үзүүлж байгаа ч гэлээ Риог тэр чигт нь хамарсан гэнэтийн халдлага, хулгай дээрмийн асуудалд сэтгэл санааны цохилт авч тавгүйтэж байгааг цахим харилцааны сүжээгээр нийтэлсэн баримтууд гэрчилж байна.

Рио-2016 Олимпийн тавцанд төдийгүй, хувцас солих өрөө, эмнэлгийн орон дээр ч тамирчид сэтгэл санааны хүнд дарамтад орж байгааг нотлох олон баримт байгаагийн дотор дугуйчдад учирсан хохирол длэхий ниймтийн анхаарлыг татаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар дугуйн уралдааны адармаатай бэрх зам хохирол учрахад хүргэсэн бөгөөд толигор барагшин зам явж байгаад гэнэт хурц ирмэгтэй том хайрга асгасан догол тойрогт шилжихийн хамт замын нэг хэсэг нь халуун орны битүү харанхуй ширэнгэн ой дундуур гарахаар зассан байсан нь “Тур де Франс – 2014″ тэмцээний ялагч Винченцо Нибали, “Париж – Ницца” тэмцээнд хоёр удаа аваргалсан Ричи Порт, Колумбийн шигшээ багийн манлай Серхио Энао нар хөлөө хугалж, Голландын дугуйчин бүсгүй Аннемик ван Влютен нуруундаа гурван хэсэг газар яс  хугарч, тархи нь доргин сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн осол гарах нөхцөл бүрдүүлсэн байна. Нибали Голланд бүсгүйн осолдсон яг тэр тойрог дээр хөлөө гэмтээсэн аж.

Энэ зэрэгцээ Олимпийн соёлын арга хэмжээний гол хэсэг нь орон нутгийн иргэдийн зочломтгой зан чанар, ахуй амьдралтай танилцах явдал байсан бөгөөд Рио хотын оршин суугчид ч өөрснөө танилцахыг шаардаж, Олимпийн зочдыг урдуураа гишгүүлэхгүй байгаа гэнэ. Тухайлбал, жүдогоор гуравдугаар байранд орсон Бельгийн тамирчин Дирк ван Тихелт амжилтаа алдартай Копакабанед тэмлэглэх гэж очоод нүдэндээ булдруу авч, гар утаснаасаа салж хоцорсон байна. Диркийг медалийг нь хамт угаахаар дуудлагаар очсон хүүхэн “халамжилж” орхисон  гэх зарим мэдээлэл байгаа хэдий ч жүдоч өөрөө тэр бүхнийг үгүйсгэсэн байна.

Түүний энэ бүтэлгүй явдлын талаар дуулсан хэрнээ 2012 оны Олимпийн тоглолтын мөнгөн медальт ОХУ-ын усанд  сэлэлтийн тамирчин Евгений Коротышкин мөн ижил нөхцөлд аз сорьсон байна. Коротышкин наранд шарлагын газар очиход хутгаар зэвсэглэсэн өсвөр насны хэдэн хөвгүүд тойрч аван заналхийлэхэд тэрээр халаасанд байсан бүх зүйлсээ өгч байж нэг салжээ. Түүний энэ туршлага харин бусад олон тамирчинд үлгэр дууриал болохоор аж. Арай хохирол багатай гарсан тэрээр хэрвээ эс тохиолдолд Австралийн шигшээ багийханд тохиолдсон явдлаас илүү хохирол учруулсан байх магадлалтай. Австралийн шигшээ баг энэ удаагийн Олимпод тун барцадтай байсан нь үнэ цэнэтэй бүх зүйлсээ зочид буудлаасаа алдсан явдал тодорхой болгож өглөө. Хөгжөөн дэмжигчид нь тэдний гарт тараалдсан юм бүхнийг  нь хаман авч одсон байна. Гэтэл энэ явдлын дараахан мөн Олимпийн тосгоноос холгүй том хутга барьсан өсвөр насны хоёр хүү Австралийн нэгэн дасгалжуулагчийг сүрдүүлэн газар хэвтүүлж, хэтэвчтэй мөнгө, гар утас, хувцас хунар гээд бүх юмыг нь мулзлан авч одсон аж. Сэтгүүлчидтэй энэ мэт хэрэг явдлын талаар ярилцсан Рио хотын нэгэн оршин суугч нутгийнхний дээрэм тонуулыг зогсоохын арга байхгүй, учир нь ядуу тарчиг амьдрал, хар тамхи тэднийг ийм гэмт хэрэгт түлхэж байна гэж өгүүлсэн байна.

Ийм л орчин нөхцөлд өнөөдөр Олимпийн тоглолт явагдаж байгаа бол оролцож буй тамирчид спортын энэ их наадмыг зохион байгуулалтыг хурцаар шүүмжилж байгаа аж. Жишээ нь ОХУ-ын теннисчин Светлана Кузнецова, “Олимп болж байгаа учраас л би энд ирээд байна. Гэвч энэ бол оны хамгийн муу зохион байгуулсан тэмцээн байлаа. Ийм муу зохион байгуулсан арга хэмжээг би урьд өмнө үзэж байгаагүй. Хаана юу байгааг нь ойлгох арга байхгүй. Теннисны талбай нь гэж авах юмгүй, бөмбөг авчирч өгдөг хүүхэд нь зүгээр гэлдэрч л байдаг. Сэтгүүлчид хүртэл тэмцээний талбайгаар зоргоороо сэлгүүцээд…теннисны тэмцээн биш хар зах юм уу хаашаа юм” гэж сэтгүүлчдэд өгүүлсэн байна. Тамирчин бүсгүйн хэлснээр үүнээс гадна, Олимпийн тосгон гэдэг маш том барилгын талбай болохыг теннисны талбай байнга бетоны зууралдсан саарал тоосоор бүрхэгддэгээ харж болох аж.

Олимпийн зохион байгуулалтын алдаа дугтагдал үүгээр ч дуусахгүй, усанд сэлэлтийн тамирчдыг гэнэт ногоороод ирсэн усан сангийн ус цочирдуулсан байна. Наймдугаар сарын 10-ны шөнө гэнэт ийм явдал тохиолдсон бол суман болон каноэ завины тамирчид ч санаанд оромгүй явдалтай тохиолдсон бөгөөд яг тэмцээний үеэр усанд хөвж яваа буйдан мөргөж сэлүүрээ алдаад зогсохгүй завь нь хөмөрсөн тухай Twitter-т бичсэн зэрэг элдэв санал гомдол, шүүмжлэл тасрахгйү Олимп болж байна даа энэ удаа.

Сэтгүүлч Л.Отгонбат
mongolcom.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих