Сахлын хутга (Өгүүллэг)

636f2f04697e2bb1greatАзабу-Роппонгийн Тацүдо ко-д суух, өмнө нь огт өвдөж байгаагүй Ёшисабуро айхтар ханиад хүрч халуураад хэвтэрт оржээ. Нар, сар давхцах баярын өмнө байсан болохоор үсчний газар нь тун хөл хөдөлгөөнтэй байлаа. Хэвтэрт байхдаа буюу нэг сарын өмнө үсчний газрынхаа Гэнко, Жидако хоёрыг хөөж явуулсандаа Ёшисабуро харуусав. Өнгөрсөн хугацаанд тэрбээр нэг, хоёр насаар ах хэдий ч тэдэнтэй цуг энэ үсчний газарт ажиллаж байжээ. Үсчний газрын өмнөх эзэн Ёшисабурод тонгоргоор сахал хэрхэн хусахыг зааж өгч, ганц охиноо түүнтэй гэрлүүлээд бас үсчний газраа түүнд өвлүүлсэн аж. Хүүхэн эргүүлсээр байгаад Гэнко ажлаа хаяж дуусав. Харин эелдэг Жидако Ёшисабурог Ёши гуай гэлгүй ояаката5 гэж хүндлэн урьдын адил үнэнчээр ажилласаар байлаа. Ёшисабурогийн өмнөх эзэн хагас жил бололгүй өөд болж, түүнээс хагас жилийн дараа эхнэр нь нас баржээ.

Тонгоргоор сахал хусахдаа Ёшисабуро үнэхээр дийлэгдэхгүй нэгэн болж ирсэн юм. Нарийн мэдрэмжтэйн дээр ажилдаа жинхэнэ эзэн болжээ. Бас угийн догшин ширүүн зантай болохоор ямар нэгэн байдлаар хүний хацрыг зүсэхгүйн тулд сахлын үсийг нэг нэгээр нь нямбай зөөлөн хусахгүй бол сэтгэл нь амардаггүй байлаа. Тиймээс Ёшисабуро хүний хацрыг зүссэн удаагүй билээ. Түүний үсчний газарт ирсэн үйлчлүүлэгч ч өдөржин сууж үйлчлүүлсэндээ бардам байдаг аж. Тэгээд ч тэр өнгөрсөн арван жилийн хугацаанд үйлчлүүлэгчийнхээ хацрыг ганц ч удаа зүсэж байгаагүйгээрээ бахархдаг байв. Хоёр жил тэнэж алга болсон Гэнко гэнэт буцаж ирээд ажилд эргүүлж авахыг гуйжээ.

Ёшисабуро муудалцаад салсан хуучин ажилтнаа уучлахад хүрсэн юм. Харин Гэнко энэ хоёр жилийн хугацаанд хүнээ алдсан байлаа. Тэр ажлаа үл тоомсорлоод зогсохгүй Жидаког уруу татан Касуми-чо хавийн бүх дүүрэг, эзэн, багш, хот айл, цэргүүдийн мэдэх болсон айхтар замбараагүй хүүхнүүдтэй явалдах болжээ. Эцэстээ хүний сайн Жидаког ашиглан үсчний газраас мөнгө хулгайлуулах хүртлээ эвдэрсэн нэгэн болов. Ёшисабуро хөөрхий Жидаког өрөвдөж, гэмт үйлдлүүдийг нь удаа дараалан уучилжээ. Харин үсчний газраас мөнгө хулгайлахыг нь яагаад ч өршөөж чадаагүй билээ. Тиймээс нэг сарын өмнө тэр хоёрыг хамтад нь хөөж явуулсан аж. Одоо тэднийд ажиллаж байгаа хүмүүс гэвэл Канэжиро гэх хорин настай, цонхигор царайтай үлбэгэр ноомой залуу, бас Кинко гэх арваннэг, хоёртой, урт үсээ ардаа боосон жаахан хүү хоёр юм. Баяр болохын өмнөх завгүй энэ мөчид тэр хоёрт үсчний газрын ажлыг бүрэн даатгана гэдэг нь яагаад ч байж боломгүй явдал мэт санагдана. Халуурч хэвтэх Ёшисабурод энэ бүхэн үнэхээр гаслантай байлаа. Үд хэрд үсчний газрын хүн олширч, шилэн нүүртэй хаалга зай завсаргүй нээгдэж, хаагдана.

Тэр болгонд Кинкогийн суларсан уяатай гэтаг (модон шаахай) хайш яйш чахран дуугарахад Ёшисабурогийн уур оволзоод байж ядна. Шилэн нүүртэй хаалга нээгдэн “Би Рёодогийн Ямадагийн зарц байна. Маргааш орой манай эзэн аялалд гарах юм. Сахлын хутгыг нь орой гэхэд ирлээд өгөөч гэж байна. Орой ирж авах болно” гэсэн нь эмэгтэй хүний дуу байлаа. Канэжиро “Бид өнөөдөр завгүй байх нь. Маргааш өглөө ирээд авч болох болов уу?” гэж сулхан дуугарав. Эмэгтэй тун дурамжханаар “Тэгвэл маргаангүй маргааш болтол хойшлууллаа” гээд гарсан ч шилэн хаалгыг дахин нээгээд “Уучлаарай. Ояакатаг болгооно уу гэж гуйгаарай?” хэмээжээ. Канэжиро “Харин л дээ. Ояаката…” гээд ээрэв. Тэр үед Ёшисабуро хэвтрээсээ өндийн “Канэ! Би ирлэчихнэ шүү дээ…” гэж хэлсэн ч түүний сөөнгө дууг хэн ч сонссонгүй. Канэжиро эзэндээ хариу хэлэхийн оронд зарц эмэгтэйд “Ойлголоо” гэв.

Хаалга хаасан зарц эмэгтэй явж оджээ. Харин Ёшисабуро “Ээ, чааваас гэж!” хэмээн халаглав. Улмаар хөх өнгөтэй дотуур өмд рүүгээ гараа шургуулаад, сулбайж унжсан доод эрхтэнээ барьж хэсэг харлаа. Түүний хэт халуурч, ядарсан бие нь эрхтэнээс нь хүнд байсан юм. Халуундаа шатсан Ёшисабуро нойрмог нүдээр адар өөд ширтжээ. Тэнд хөө шиг хар нохойн дээр бөөгнөрөх хар ялаан сүрэг харагдлаа. Ёшисабуро үсчний газар дотор нь юу болж байгааг мэдэхээр чих тавив. Хоёр гурван цэрэг хажуугийн жижиг цайны газрын хоолны тухай ярьцгааж, цэргийн хоолны амт мууг гайхан шогширч “Ийм сэрүүхэн байвал эндхийн хоолноос идэхэд гэмгүй юм” гэцгээнэ. Ийм яриа сонссон Ёшисабурогийн сэтгэл бага зэрэг тайвшрав. Бие нь ч арай гайгүй болох шиг санагджээ. Гурван татамитай (сүрлэн дэвсгэр) гал тогооны өрөөнд цаасан дэнлүүний бүдэгхэн гэрэлд эхнэр Үмэ нь нялх хүүхдээ үүрээд оройн хоолоо хийж байх нь харагдав. Ёшисабуро арай гайгүй болж буй биеэрээ эргэж харан хэвтлээ. Удалгүй тэрбээр “Яг одоо хийнэ” гээд хэвтрээсээ өндийжээ.

Гэлээ ч хэл нь ээрч, дэр рүүгээ толгойгоороо шургасан юм. Үмэ түүнээс “Цангаж байна уу?” гэж намуухан асуугаад нойтон гараа савчсаар өрөөнд нь орж иржээ. Ёшисабуро “Үгүй” гэж хэлсэн ч сөөнгө дууг нь хэн ч сонсоогүй аж. Үмэ хөнжлийг нь дээшлүүлж хучаад шилтэй эмнээс уулгах гэтэл Ёшисабуро “Наадахь чинь биш” гэв. Гэвч түүний паргиа дууг эхнэр нь бас л сонссонгүй. Арай гайгүй болсон Ёшисабурогийн бие дахин суларч муудаад, эргэн хэвтжээ. Үмэ түүнийг өрөвдөн “Тэгээд хэвтэж бай. Би ингэж өгье” гээд ард нь гарч эм уулгах гэжээ. Тэгтэл Ёшисабуро “Миний тонгорог, суран элдүүр хоёрыг, Ямада саны сахлын хутгатай аваад ир” хэмээн үгээ зөөж ядан байж өгүүлэв. Үмэ гайхаж, дуугүй болсон ч “Та ийм байдалтай сахлын хутга ирлэнэ гэж үү?” гэжээ. Ёшисабуро ч мөчөөгөө өгөлгүй “Хурдан аваад ир” хэмээв. Эхнэр нь  “…Та босохоор бол ханцуйтай нөмрөг өмсвөл зүгээр дээ” гэжээ.

Ёшисабуро “Би чамд аваад ир гэж хэлж байна. Чи авч ирэхээр явах уу, үгүй юу?!” гэж уурсан хэлэхдээ бие нь илэрхий сул байсан ч царай нь баясал дүүрэн байлаа. Үмэ түүний хэлснийг сонсоогүй мэт царайлснаа гарч, юкатаг нь авч ирээд нөмөргөв. Харин Ёшисабуро юкатагаа авч шидэлжээ. Үмэ өрөөний хаалгыг аяархан нээж гараад үүдний бохир өрөөнөөс суран элдүүр, тонгорог хоёрыг нь авч ирэв. Ил тавих газар олж ядан хэсэг зоссоноо Ёшисабурогийн хэвтрийн дэрний хажууд тавьсан аж. Ёшисабуро уурласан үедээ сахлын тонгоргыг ирлэж чаддаггүй билээ. Халуундаа туйлдсан Ёшисабурогийн гар нь чичирч, яаж ч хичээгээд сахлын тонгоргыг ирлэж чадахгүй байлаа. Түүний тэгж уурлаж, унтууцахыг харсан Үмэ “Канэ санд даалгаж болохгүй юм уу?” хэмээн хэд хэдэн удаа лавласан ч тэр хариу хэлээгүй юм. Эцэст нь Ёшисабурогийн тэвчээр алдагджээ. Арвантаван минутын турш хүсэл зориг, хүч чадлаа шавхсаны эцэст тэрбээр орон дээрээ дахин тэрийн унаж, улмаар хэсэг дугхийв. Үдшийн бүрий болж, дэнлүү асаах цагаар Ямадагийн зарц эмэгтэй тэднийд ирээд ирлүүлсэн сахлын хутгаа авах ёстойгоо хэлжээ.

Үмэ шийжүү будааны зутан хийсэн аж. Түүнийгээ хөрөхөөс нь өмнө Ёшисабурод өгөх гэсэн ч туйлдаж ядраад унтаж буй нөхрөө хараад “Сэрээх юм бол жигтэй ихээр уурлах байх” гэж бодоод буцаагаад авч гарав. Үдшийн найман цаг болжээ. “Илүү оройтвол эмний цаг холдоно” гэж бодсон эхнэр нь Ёшисабурог сэрээгээд эмийг нь уулгав. Нөхөр нь дургүйцэлгүй босож суугаад зутангаа идэж, эмээ уучихаад эргээд унтсан байна. Арван цагийн орчимд Ёшисабуро эмээ уухаар арай ядан сэрэв. Тэрбээр сэрэхдээ халуундаа шатаад, нүд нь бүлцийж, нүүр нь мэнчийж, дотор муухайрмаар царайтай болсон байлаа.

Гэсэн ч Ёшисабуро хүч гарган үсчний газар руугаа шагайхад тэнд харанхуй бас анир чимээгүй байсан аж. Тэрбээр хүчлэн байж өрөөгөө тойруулан харвал суран элдүүр нь байсан газартаа тайван гэгч хэвтэж байна гэнэ. Тоос тортогт идэгдсэн, бүдэгхэн асах цаасан дэнлүүний гэрэл улаан шараар анивчихад Ёшисабурод тэр бүхэн тэвчихийн аргагүй хэцүүхэн санагджээ. Үмэ харанхуйд нялх хүүхдээ бүүвэйлэн цааш харан хэвтэв. Халуурч дэмийрсэн Ёшисабурод орон гэр нь дайвагнах шиг хэцүү санагдлаа. Кинкогийн “Ояаката?” гэх зориг зүрхгүй аймхай дуун үүдний өрөөнөөс сонсдов. Хариуд нь Ёшисабуро “Юу болоо вэ?” хэмээн амаа дөнгөн данган хөдөлгөлөө. Гэлээ ч түүний дуулдах үгүй шахам дууг сонсоогүй Кинко дахиад л “Ояаката?” гэж дууджээ.

- Яасан бэ гэх Ёшисабурогийн дуу харин энэ удаа чанга бас тод гарав.
- Ямада санынхаас сахлын хутга буцаж ирлээ.
- Өөр үү?
- Үгүй, ээ. Өнөөдрийн хутга. Гэрийн эзэн сахлаа хусах гэтэл тонгорог нь даахгүй байна гэнэ ээ. Маргааш үдийн өмнө бэлэн болговол сайн байна гэнэ. Таныг ирлэж өгнө үү гэж байна…
- Зарц нь байна уу?
- Сая явчихлаа.

- Аваад ир хэмээн Ёшисабуро гараа сарвайн, Кинкогийн ихэд хүндэтгэлтэй өгсөн хуйтай хутгыг шүүрэн авчээ.
- Халуунтай байгаа болохоор та ирлэж дийлнэ гэж үү? Нэг удаа ч болов Касуми чо-гийн Ёшикава санд даатгаж болохгүй юм гэж үү? хэмээн Үмэ нүцгэн цээжээ халхлан кимоногоо нөмөрсөөр босож ирэв. Ёшисабуро дуугүй л нэг гараараа дэнлүүний гэрлийг ойртуулаад, сахлын хутгыг хуйнаас нь сугалан буцаан хийж байжээ. Үмэ түүний дэвсгэрийн дэргэд суугаад халуун духыг нь барилахад Ёшисабуро гарыг нь ширүүхэн цохиод Кинког уурсан дууджээ. Кинко түүний дэргэд яаран очиход Ёшисабуро түүнд хандан “Билүү аваад ир” хэмээхэд “Ойлголоо” гэснээр Кинко билүүг бэлэн болголоо. Ёшисабуро босож суугаад өвдгөн дээрээ сахлын хутгыг тавин билүүдэж гарав. Арван цаг өнгөрлөө гэнэ. Ёшисабуро сахлын хутгыг билүүгээр хэсэг ирлээд дараа нь суран элдүүрт дахин элдэв. Үмэ түүнд юу ч хэлээд нэмэргүйг мэдэх болохоор дуугүй л харж суулаа.

Өрөөнд сахлын хутга ирлэх билүүний бөглүү, битүү дуу гарахыг тэрбээр сонсчээ. Ёшисабуро гар нь чичрэхийг мэдэрч, хэдийгээр хутгаа жигд хэмнэлээр ирлэх гэж ихэд хичээсэн ч тусыг эс олов. Удалгүй Үмэгийн урд нь чанга боосон хуйтай тонгоргыг ширүүхэн шүүрч авлаа. Түүнийг тэрбээр яаран аваад сахлын хутгыг хуйд нь хийжээ. Үмэ “Аюултай шүү дээ” гэж хашгиран Ёшисабурогийн царай руу айсан шинжтэй харав. Ёшисабуро хөмсгөө байдгаар нь зангидсан байлаа. Тэрбээр сахлын хутгыг сугалаад хуйг нь шалан дээр хаяжээ. Ийнхүү тонгорог барьсан чигтээ нүцгэнээр үүдний өрөөг зорьжээ. Үмэ дуугаа өндөрсгөн “Ингэж болохгүй ээ” хэмээн уйлагнав. Харин Ёшисабуро хариу хэлэлгүй гадагш гарчээ. Үмэ араас нь дагалаа. Үсчний газарт нэг ч үйлчлүүлэгч байсангүй. Кинко л толины өмнөх хоосон суудал дээр сууж байжээ.

- Канэ сан хаана байна? гэж Үмэ асуув.
- Токиког эргүүлэхээр явсан гэж Кинко шударга царайлан хариуллаа.
- Юу? Бүр тэгж хэлээд гарсан гэж үү? гээд Үмэ инээд алджээ. Ёшисабуро л урьдын адил догшин ширүүн царайлав. Токико гэдэг гайхмаар хачин эмэгтэй бол тэднийхээс тав, зургаан байшингийн зайд байдаг, үүдэндээ “Цэргийн хангамж хийгээд элдэв юмс” гэсэн хаяг хадсан айлын охин билээ. Тэр өөрийгөө охидын сургууль төгссөн гэж хэлдэг юм. Тэдний дэлгүүрээр байнга л нэг, хоёрын зэрэг цэрэг, оюутнууд эсвэл хөрш айлын залуучууд эргэлдэж байдаг аж.

- Одоо хаая даа. Чи явж амар хэмээн Үмэ Кинкод тушаав. Харин Ёшисабуро л ямар ч шалтгаангүйгээр түүний үгийг эсэргүүцэн “Арай эрт байна. Хүн орж ирнэ шүү дээ!” гэхэд Үмэ дуугүй болжээ. Нөхөр нь дахиад л сахлын хутга ирлэж гарав. Энэ удаад тэр суусан болохоор ирлэх нь арай дээр байлаа. Үмэ хөвөнтэй хүрэм барьж ирээд, хүүхэд аргадах аятай Ёшисабурогийн гарт нэг ханцуйг нь өмсгөжээ. Чингээд сэтгэл нь амарсан Үмэ босгон дээр суугаад хамаг хүчээ дайчлан байж тонгорог ирлэх эр нөхрийнхөө царайг ширтэв. Харин Кинко цонхны дэргэдэх үйлчлүүлэгчийн суудал дээр өвдгөө тэвэрч суугаад, ямар ч үсгүй шилбээ дээш нь нэг, доош нь ч нэг хусаж байлаа. Тэр мөчид зүймэл шилэн хаалга нээгдэж, хорин хоёр, гуравтай болов уу гэмээр намхан залуу орж ирэв. Тэрбээр шинэ фүтако1 (дүрэмт хувцас) өмсөн бүс ороож, чанга уяатай нимгэн углааш жийжээ.

- Сахлаа хусуулна аа. Яаруу явна л даа. Та хусаад өгөх үү? гээд шуудхан толины өмнө очиж зогсчээ. Доод уруулаа зажлан, эрүүгээ ширүүн үрчих залуу гудамжны маягийн яриатай ч хөдөөнөөс ирсэн гэдэг нь аялганаас нь илэрхий байв. Моонийсон хуруутай, сахал үсэндээ баригдсан түүнийг хүнд ажил хийдгийг нь түвэггүй мэдэж болохоор байжээ.

- Канэ санг дагуулаад ир хэмээн Үмэ Кинко руу нүдээрээ дохив. Гэтэл Ёшисабуро,
- Би хусна гэж зүтгэжээ.
- Та гар өнөөдөр сахал хусаж чадна гэж үү? хэмээн Үмэ гайхангуй асуулаа. Хариуд нь Ёшисабуро,
- Энэ чинь миний ажил шүү! гэж уурсав.
- Сахлаа л хусуулна. Ганц ч үс үлдээхгүй шүү. Та хусчихна биз дээ? хэмээн залуу хэллээ. Үмэ нөхрийнхөө хөвөнтэй хүрмийг тайлуулахгүй гэж зүтгэжээ. Тэднийг ихэд гайхан харсан залуу “Ояакатагийн бие өвдөө юу?” хэмээн онигор нүдээ анивчин жоготой аяглажээ.
- Тийм ээ. Жаахан шуухинаа хүрчихээд… гэж Үмэ бувтнав. Өнөө залуу “Айхтар ханиад тархаад байгаа гэсэн шүү. Биеэ анхаарахгүй бол болохгүй шүү…” гэхэд Ёшисабуро “Баярлалаа” гэж арай ядан өгүүлэв. Тэрбээр залуугийн хүзүүг цагаан даавуугаар орооход залуу “Сайхан хусаад өгөөрэй” гэснээ “Намайг яаруу явааг мэдэж байгаа биз дээ?” гэж жоотогноод нүдээ ирмэжээ.

Ёшисабуро дуугүй эргэж, бахим гартаа дөнгөж ирлэсэн сахлын хутгаа барьж аваад дахин урагш, хойш нь баахан үрэв. Залуу “Арав хагас юм уу арван нэг гэхэд оччих юм байна” гээд баахан үг хэлсэн ч Ёшисабуро тэр бүгдийг сонсож чадаагүй юм. Ёшисабурод янхны газрын эр, эм нь мэдэгдэхгүй муухай дуутай нэгэн эмэгтэйн царай харагдах шиг боллоо. Тэгээд “Энэ бүдүүлэг залуу эндээс гараад тэр газар руу очих нь дээ” гэсэн ахархан бодол цээжинд нь багтаж ядахад уур нь оволзож, огиудас нь хүрчээ. Тэр бүлээн усанд саван хийж хөөсрүүлээд залуугийн хүзүүнээс хацрыг нь дагуулан шавшиж түрхэв. Тэр үеэр мань залуу толинд царайгаа хараад жоотогносон хэвээр байсан аж. Гэнэт Ёшисабурод тэр залууг барьж аваад алчихмаар санагджээ.

Тэрбээр тонгоргоо шурд шурд хийлгэн элдүүр суртай нийлүүлээд хүзүүнээс нь эхлээд сахлыг нь дагуулан хусчээ. Гэсэн ч тонгорог санаанд нь хүртэл хусч даасангүй гэнэ. Ёшисабурогийн гар чичирч, хөл дээрээ арай ядан тогтох үед нус нь гоожив. Иймд Ёшисабуро хэдэн ч удаа залуугийн сахлыг хусахаа больж, бас хэдэн удаа хөөсөртөл нь савандав. Нусаа хэдэнтээ арчсан ч байсхийгээд л нус нь гоожоод байсан аж. Нялх хүүхэд нь уйлахад Үмэ гэртээ оржээ. Сайн даахгүй сахлын хутгаар сахал нь сайн хусагдахгүй байсан ч өнөө залуу огт гайхсангүй, өвдсөн шинжгүй толины өмнө сууж байжээ. Анхаарал нь төвлөрөхгүй байсанд Ёшисабурогийн уур айхтар хүрчээ. Тонгорог нь даахгүй байсан ч тэрбээр түүнийг яаж ч чадсангүй. Түүний ууртай байдлыг юутай ч зүйрлэх аргагүй болж, хэсэг хугацаанд учиргүй ярдаг нэгэн болж хувирчээ. Хэсэг нямбайлан хусахад гайгүй хурдан хусаж байсан ч тэрхүү хэмнэл нь удалгүй алдагдсан аж.

Залуугийн нүүр барзгар, ширүүн байсан ч Ёшисабуро түүнийг түвэггүй хусах л байсан юм. Хэдий тийм ширүүн сахлыг хусаж дөнгөх байсан ч Ёшисабурогийн уур хүрснээс залуугийн сахлыг сайн хусаж чадсангүй. Тэгсээр хамаг бие нь туйлдаж, ухаан санаа нь балартжээ. Халуун нь ч нэмэгдэх шиг болов. Энэ тэрийг ярьж байсан залуу Ёшисабурогийн ааш авираас болоод дуугүй болчихов. Сахлын хутга залуугийн чамархайд тулж ирэх тэр агшинд Ёшисабуро өдөржин халуурсан халуунаасаа болоод хэсэг муурч барьц алджээ. Тэр үед Кинко цонхонд шигдэн дугжирсан байлаа. Үмэ ч хүүхдээ бүүвэйлэн унтуулж байв. Тэр шөнө үсчний газрын ойр орчим нам гүмд дарагдаж, гагцхүү сахлын хутганы дуу л гарч байлаа. Ёшисабурогийн хэдэр зан хөдлөснөөс болж уйлмаар санагджээ. Түүний бие сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй ядарч, халуундаа шатсан нүд нь дотроосоо хайлаад урсах шиг болов. Тэрбээр залуугийн хүзүүнээс эхлээд эрүү, хацар улмаар чамархай хүртэл хусчээ.

Харин хамгийн зөөлөн гэгддэг хүзүүний хэсгийг яаж ч хуссан нэг л олигтой болсонгүй. Бүх явдал болж өнгөрсний дараа түүний арьснаас эхлээд бүх бие нь урагдах шиг болжээ. Залуугийн том том нүхтэй хацар тос даасан тэр агшинг харсан Ёшисабурогийн зүрх сэтгэл нэгийг мэдэрчээ. Залуу унтаж байгаа мэт санагдав. Толгой нь хойшоо гэдийж, ам нь ангайж, арзгар шар шүд нь илэрхий муухай харагдана. Ёшисабуро ядарсандаа сууж ч чадахгүй бас зогсож ч чадахгүй байлаа. Түүний биеийн бүх үеэр нэг тийм хор урсаад ороод ирэх шиг болов. Хэдийгээр тэр түүнийг биеэсээ хамаг хүчээр, яаж ийгээд түргэн хөөж гаргаад газар шороонд булмаар санагдсан ч дийлсэнгүй. Ёшисабуро “Дүүрчээ!” гэж дотор хүндээ хэлэв. Гэсэн ч тэр хүч хэвээр үлдсэн байна. Сахлын хутга зөөлөн гулгаад унажээ.

Залуугийн хоолой айхтар татвалзав. Ёшисабурогийн толгойн оройгоос эхлээд хөлний хуруу хүртэл нэг шингэн юм гоожоод явчихыг мэдэрч, тэр бүгд тэсэхийн аргагүй, ой гутмаар заваан юм шиг санагджээ. Усны дусал шиг жижиг шархыг Ёшисабуро хараад л зогсоод байв. Тэр шарх эхлээд сүүн цагаан өнгөтэй, ялааны хэртэй жижигхэн байснаа цайвар ягаан өнгөнд хувилж, гэнэт цус олгойджээ. Ёшисабуро бас л түүнийг хараад зогсоод байв. Цус бараан хүрэн нөж болж, дүүрч бүдүүрсэн судас нь хөөж дусаад урсахад л Ёшисабурогийн сэтгэл зүрх огцом хийгээд хүчтэй дэлсэхийг гүн мэдэрчээ.

Амьдралынхаа туршид нэг ч үйлчлүүлэгчийн хацрыг зүсэж байгаагүй Ёшисабурогийн сэтгэл санаа ер бусын хүч гаргах цаг ирлээ. Түүний амьсгаа давхцаж, бие хийгээд сэтгэл нь зүсэгдэх шиг боллоо. Тэгээд юу ч хийж чадахгүй болж, мэдрэмжээ эрслэж тэрслэхийн аргагүй ажээ. Улмаар тэр сахлын хутгаараа хоолой руу нь алгуурхан дүрэхэд сахлын хутга гайхалтай хурдан хүзүү рүү нь живж оржээ. Залуу цусаа ч арчсангүй. Хэсэг хугацааны дараа цус олгойдож, удалгүй залуугийн царай гангар шаазан шиг цайв. Ёшисабуро бараг унах шахаад сандал дээр суун тусчээ. Түүний бүх айдас, хүйдэс гэнэт үгүй боллоо. Гайхмаар их ядарсан нүдээ аниад тэрбээр үхдэл шиг хөшив. Тэр шөнө гадаа ч мөн нам гүм байжээ. Энэ бүх явдлын учир тодорхой биш хэвээр үлдсэн гэдэг. Бүх юмс гүн нойронд автав. Гагцхүү тэнд байсан толь л болсон бүх явдлыг хүйтэн хөлдүү нүдээр харсан гэрч нь болсон ажгуу.
Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан С.Оюунбилиг


URL:

Сэтгэгдэл бичих