Төр бужигнах чимээнээр эхнэртээ хүртэл цол олгодог болжээ
Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар зарим агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томиллоо. Ирэх долоо хоногоос үлдсэн агентлаг болон яамдын төрийн нарийн бичгийн даргыг томилох болов уу. Төрийн байгууллагуудын бүтэц, орон тооны хязгаар батлагдсаны дараагаар дарга, мэргэжилтнүүдийг эхнээс нь сольж, заримаар нь өргөдлийг нь өгүүлж байна. Төрийн алба бужигнах цагаар албаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө амин хувийн ажлаа гүйцээгээд явж байгаа нөхөд ч байна. Тухайлбал, иймэрхүү явдал ШШГЕГ-т гарсныг эх сурвалж хэллээ.
ШШГЕГ-ын даргаар ардчиллын партизан Б.Билэгт генерал ажиллаж байгаа. МАН-ын Засгийн газар түүнийг, өөрийнх нь даргын дагуулж ирсэн хүмүүсийг явуулах нь тодорхой шахуу. Үүнийг тааварласан уу, ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир эхнэртээ хурандаа цол олгуулсан тухай тусгай албаныхан хэлж байна. Түүний эхнэр Б.Уранчимэг өдгөө ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн гэгдэх 407 дугаар ангийн дарга. Саяхан л дэд хурандаа цол зүүсэн түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ойн баяр өнгөрчихөөд байхад долдугаар сарын сүүлээр хурандаа цол олгожээ.
Алба хаагч онцгой гавьяа байгуулсан бол хугацаанаас нь өмнө цол олгох тохиолдол байна аа. Ийм жишгээр цол авдаггүй юм гэхэд хугацаа нь өнгөрчихөөд байхад авах ёстой цолоо авч чадахгүй байгаа хорих ангийн дарга, дэд дарга нар ч олон байна. ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргын эхнэр л жил гаруй хугацааны дотор дэд хурандаа, хурандаа цолыг дараалан авч байхад тэдгээр алба хаагчдад цолыг нь өгөх хэрэгтэй.
Үүнээс гадна 407 дугаар ангийн дэд даргаар биеийн тамирын багш мэргэжилтэй Алимаа гэх эмэгтэйг томилж, ахлах дэслэгчээс хошууч цол руу дэвшүүлж, улмаар хоёр сарын дараа гэхэд ангийн даргаар томилж, дэд хурандаа цол олгосон явдал ч эрхэм хурандаатай холбогддог гэх мэдээлэл хэвлэлийн хуудсанд шарлаж үлджээ. Алимаагийн албан тушаалыг Б.Уранчимэг авсан юм. Албан тушаалыг алгасуулан олгодог, албаны цолыг үсэргэж өгдөг энэ мэт явдал ШШГЕГ-т бугшаад байна.
Ахлах дэслэгчээс ахмад хүртэл гурван жил, ахмадаас хошууч хүртэл дөрвөн жил, хошуучаас дэд хурандаа хүртэл дөрвөн жил, дэд хурандаагаас хурандаа хүртэл дөрвөөс дээш жил ажиллаж байж авдаг цол. Үүнд мэдээж ажиллах хугацаандаа гаргасан амжилт болон албан тушаалын зэрэглэлийг харгалздаг. Гэтэл жирийн албан хаагчийн 4-8 жил хүлээдэг хөдөлмөрийг даргын эхнэр, найз нөхөд, нутаг усныхан ингэж товчилжээ.
М.Алтан-Очирын хувьд ч жил орчмын өмнө ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар хэл амтай томилогдсон. Уг нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил зүтгэсэн өөрийн хүн л дээ. Гэхдээ яагаад ч юм, жирийн албан хаагчидтай харилцах харилцаа, олны дунд яригддаг яриа,энд тэнд хийсэн томилгоо зэргээс нь үүдэж ам муутай л болсон юм билээ. Түүнийг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын даргаар томилогдсоны дараа Б.Билэгт генерал Б/458 тоот тушаал гаргаж эхнэрийг нь Эмэгтэйчүүдийн хорихын даргаар томилсон юм.
Тухайн үед Авлигатай тэмцэх газраас энэ нь хуульд нийцэхгүй байгааг сануулж ШШГЕГ-т албан бичиг хүргүүлж байв. Яасан гэхээр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар Б.Уранчимэгийг ангийн захирагчаар томилохоосоо өмнө АТГ-аас дүгнэлт гаргуулах ёстой байж л дээ. Гэтэл тэгээгүй, АТГ-аар хянуулалгүй шууд томилсон юм билээ. Үүний дараа АТГ нэхэн Б.Уранчимэгийн талаар дүгнэлт гаргаж явуулсан байдаг юм.
Тэрхүү албан бичигт, Б.Уранчимэгийн нөхөр нь ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир. Энэ нь албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой. Түүнчлэн олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонихрлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдож байна.
Цаашид дээрх хуульд заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраас хянан үзсэний дараа тухайн албан тушаалд томилоход анхаарч ажиллана уу” гэсэн байдаг.ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн тасгийн дарга, хурандаа А.Гэрэлт-Очид хаягласан ийм албан бичиг тавдугаар сарын 12-нд очжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд АТГ-ын албан бичгийг үл огоорч, М.Алтан-Очир хурандаагийн эхнэрийг хугацаанаас нь өмнө хурандаа цолоор шагнаад байна. Одоо үүнийг хэн сонсч, хэн учрыг нь олох ёстой юм бүү мэд.
Эх сурвалж: http://itoim.mn/index.php/site/news/6017
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
AN in bulhainuud ih bii bugdiig solih heregtei