А.Баярцэцэг: Жүжиглэхээсээ илүү бодитоор амьдруулмаар байна

000000

“Марко Поло цувралд жүжигчин А.Амарсайханы төрсөн эгч оролцсон байгаа” хэмээн А.Баярцэцэг яриагаа эхлүүлжээ. Тэр кофег сүүтэй уухыг хүссэн бөгөөд ногоон өнгийн даашинзныхаа дагуу оюу шигтгээтэй бөгж зүүсэн байж. Нүүр дүүрэн инээмсэглэсэн сэтгэл татам охин аж. Аав, ээж нь Говь-Алтайнх гэдгийг нь түүний цэвэрхэн монгол царайнаас тааварлаж болмоор байлаа. Ингээд “Марко Поло” цувралын тухай болон өөрийнхөө одоо тоглох гэж буй “Хотлун гүнж” киноныхоо талаар, мөн залуучууд, мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө хэрхэн ялан дийлэх тухай өгүүлсэн түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

Одоо чамайг Netflix-д ямар дүр бүтээснээ ярьж болох чөлөөтэй цаг ирсэн гэж бодож байна. Юуны өмнө олон улсад яг одоо хамгийн тренд болж байгаа кинонд тоглосонд чинь баяр хүргэе.

Баярлалаа.

-Анх кино шалгаруулалтанд яаж оров. Монголын талыг хариуцаж продюсер М.Оргил ажилласан гэсэн. Кинонд хэчнээн монгол хүн оролцов?

-Би анх “Miss Mongolia 2014″ тэмцээнд орж байхад шүүгчээр ажиллаж байсан М.Оргил ах надад Марко Поло төсөл эхлэх гэж байгаа гэдгийг дуулгасан. Би тэгэхэд Сан Францискод жүжигчний мэргэжлээр суралцаж байсан. М.Оргил ах өөрөө ч Лос-Анжелест жүжигчний мэргэжил эзэшмсэн. Тиймээс англи хэлтэй жүжигчин хэрэгтэй гэдгийг тэр илүү чухалчлан надад хандаж хэлсэн байх. Марко Поло төслийн хоёрдугаар улирлын дүрийн шалгаруулалтыг 2015 оны гурван сард хийх болсон. Энэ үед Чингис хааны дүрийг зохиол дээр нууцлаж, “Жаха Хамбу” гэж бичсэн байсан ба мөн Сорхагтани хатны дөчин насны дүрийг, залуу Хубилайн дүртэй шалгаруулах байсан. Тиймээс эхлээд надад тохирох дүр байгаагүй.  Гэвч шалгаруулалтад оролцож буй хүнтэй харилцан ярилцан ярих болсон. Тэгэхэд зохиолч Жон Фуско, “Хүүе, чиний царай их таалагдаж байна. Хацар дээрээ ястай юм, уншиж байгаа хоолойны өнгө чинь ч гэсэн таалагдлаа. Ер нь жүжиглэх авьяастай юм шиг санагдаж байна. Юу ч гэсэн би чамд дүр бодно оо” гэж хэлээд явсан.

Тэр зун би “Язгуур лугаа” гэдэг баримтат киноны ажлаар Архангай аймагт явж байхад гэрийнхэн “Марко Поло”-оос чамайг хайгаад байна гээд ярьсан. Продюсер Ричард Шарки надтай Skype-р ярихдаа “Жон Фуско Болормаа гэдэг хүний дүрийг зохиолд оруулсан. Энэ дүрд шалгуулаарай” гэсэн дээ.

00000 0000-Чи кинонд эхлээд гарч ирэхдээ уулан дээр хан хүү Чингимийн хатантай хамт гарч ирдэг. Өөрийн чинь дүр шувуу улаан махыг нь идэж буй нөхрийнхөө булшин дээр ирж буй эмэгтэй гэхэд ямар ч гашуудаж, хайлсан зүйлгүй, хоёр эмэгтэй бие, биедээ сэтгэлээсээ хандаж байгаа үзэгдэл байсан. Энэ хэсэг юуг илэрхийлж байгаа юм бэ. Чи анх өөрөө ямар дүр гаргана гэж бодсон бэ?

-Кино зураг авалт эхлэхээс өмнө зохиол дээрээ ажиллаж байсан л даа. Монголчууд ар гэрийнхэн нь нас барвал маш удаан шаналдаг гэсэн бодол толгойд байсан. Өөрийнхөө хэмжээнд бэлдээд очихдоо нөхрөө алдчихсан хүн учраас амьдралын утга учир нь үгүй болчихсон хүн шиг төрх гаргаж, их гуниглана гэж бодсон. Хамгийн сонирхолтой нь зураг авалт эхэлж, яг өөрийнхөөрөө тоглоход найруулагч, “Үгүй, үгүй. Ерөөсөө гуниглах шаардлага байхгүй. Ер нь XIII зуунд хүн үхэж л байдаг, дайн байлдаан өдөр болгон болдог учраас тэрэнд уйлж, хайлсан Ази маягийн тоглолт энд ерөөсөө хэрэггүй. Холливүүдад бол энгийн, бараг л инээсэн тоглолт хэрэгтэй” гэсэн. Тухайн үедээ сонин санагдаж байсан ч найруулагч надаас шал өөр зүйл хийхийг шаардсан. Дараа нь харин киногоо үзэхэд жүжиглэлт маань миний санаанд ихэд нийцсэн.

-Тэгэхээр өмнө нь чиний дүрдээ бэлдэж байсан зүйл, тоглолт хоёр өөрчлөгдсөн байх нь. Ер нь чиний гарах дөрвөн хэсгийн жүжиглэлт дээр хэн чамтай тулж ажиллаж байв?

-Тийм ээ, өөрчлөгдсөн. Ер нь дүр дээр олон хүн ажилладаг ч найруулагч, продюсер болон зохиолч Жон Фуско нэлээн тулж ажилласан. Үзэгдэл бүрийг хийхдээ энэ гурав өмнөх өдөр нь давтаж, хийж үздэг.

-Кино эхлэхэд +16 насны хүн үзэх, секс болон хүчирхийлэл гарна гэсэн анхааруулга харагдсан. Тэгэхээр тэр хэсгүүдийг бас давтдаг уу?

-Тэр хэсгүүдийн зургийг хаалттай авдаг. Гадны хүн оруулдаггүй. “Хориотой бүс” гэсэн бичигтэй тэр шар туузны цаана зөвхөн байх шаардлагатай хүмүүс л байна.

-“Марко Поло гэр бүл” гэж чи нэг ярилцлагадаа хэлсэн байхыг уншсан юм. Энэ нь чамд яаж мэдрэгддэг байсан бэ?

-Ер нь бол Марко Полод ажиллаж байгаа хүн бүрийг тодорхой нэг үнэт зүйл холбодог юм шиг санагддаг л даа. Зургаан сар хамтдаа амьдарч байгаа хүмүүс бүгд бие, биедээ маш их хайртай, киногоо сайн гаргахын тулд өөрийнхөө хийх ёстой бүхий л зүйлийг шавхаж гаргадаг, тэр төслөө хайрласан нийтлэг сэтгэл Марко Поло гэр бүлийг холбодог юм болов уу гэж бодсон. Кино дууссан ч гэсэн дотно анд найз нар болсон.

0000000 000 00 0-Найруулагч, зохиолч, продюсер гурваа чи товчхон, хоёр гурван үгээр тодорхойлж хэлвэл юу гэх вэ?

-Киног модтой зүйрлэвэл зохиолч бол модны үндэс нь. Тэгэхээр үндэс сайтай модноос мөчир яаж ургах вэ гэдэг нь продюсерээс шалтгаална. Хэнийг авч тоглуулах, хөрөнгө мөнгөө яаж хэрхэн босгох, зургаа хаана яаж авах вэ гэж ажиллана. Тэгвэл тэр ишнүүдээс цэцэг, жимс ургуулах бороо нь найруулагч. Зургийн талбай дээр ажилладаг. Мэргэжлийн бус хүнийг ч гэсэн зураглаачтайгаа хамт мэргэжлийн юм шиг харагдуулдаг. Продюсерууд санхүү менежменттэй холбоотой ажилладаг болохоороо чанд хатуу санагддаг. Зохиолч бол илүү судалгаа, шинжилгээ хийдэг, маш их уншдаг хүн байдаг. Найруулагчийн хувьд төсөөлөн бодох чадвар их сайтай.  Марко Поло кинонд судалгааг сайн хийсэн юм шиг санагдсан. Тэд “XIII зуунд монголчууд хэрхэн эх барьдаг байсан бэ” гэж асууж байгаад араг түшин төрж буй эмэгтэйн үзэгдэл хийсэн гэсэн. Тэд судалгааг өөрсдөө сайн хийхээс гадна Монгол талаас соёлын зөвлөхөөр А.Бямбадорж гэдэг хүн ажилласан. Ер нь бол монголоос нэлээн холбоотой байсан л даа. Зураг авалтын олны хэсэгт арваад хүн, орлон тоглогчдын багт арваад хүн, хөөмэйч, уртын дууч, бөх, хөгжимчид урлагийн, спортын арваад хүн гээд нийт гуч гаруй хүн оролцсон. Тиймээс найруулагч кинонд гарч буй жижиг зүйл гэлтгүй “Үүнийг монгол хүмүүс яаж хийдэг вэ” гэдгийг нэлээд анхаарсан. (Киноны титр хэсэгт Netflix-ийн зүгээс “Монголын Засгийн газар соёлын дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэсэн хэсэг байв. Ж.Ч). Түүнчлэн Netflix монголд одоо гардаг болсон болохоор хэн ч гэлээ Netflix-тэй холбогдоод Марко Полог үзэх боломжтой гэдгийг хэлье. Netflix гэхээр хүмүүс монголд үзэж болохгүй нь гэж буруу ойлгодог. Ялангуяа эхний сард нь үнэгүй үзэх эрх байгаа шүү дээ.

-Би Марко Поло киноноос нэг зүйлийг их сониучирхаж анзаарлаа. Өөрийн чинь гол дүрд нь тоглох “Хотлун гүнж” кино удахгүй гарах юм байна. Тэгтэл чиний тоглосон Марко Пологийн дөрөвдүгээр ангид тэрхүү Хайду ханы охин Хотлун гүнж бас гарч байна. “Хотлун гүнж” киноны анхны постер зураг дээр байгаа чиний үсний засалт, хувцас зэрэг зүйлс Марко Пологийн гүнжийнхтэй их адилхан харагдсан. Энэ яг юу болсон юм бол. Надад үнэндээ “copy, paste” гарсан юм биш биз гэх бодол төрсөн шүү. 

-Яагаад та хуулбар гэж бодох болов. Ерөнхийдөө Хотлун гүнж гэдэг маань өөрөө XIII зуунд амьдарч байсан түүхэн хүний дүр. Би дүрийнхээ судалгааг хийж байхдаа тухайн үед өмсдөг байсан хүмүүсийн хувцас хэрэглэл, бөх хүний хувцас болон дайчин хүн аян дайнд явахдаа ямар байдаг вэ гэх зэрэг зүйлс нэг л хэв шинжтэй учраас кино бүр дээр өөрөөр илэрхийлэх боломжгүй гэдгийг олж мэдсэн. Харин тэдгээр хувцсыг хийхдээ деталь нь ямар байх вэ гэдэг нь чухал байх. Түүнээс яг адилхан зүйлийг хуулбарлаад хийчихвэл энэ чинь олон улсын оюуны өмч гэсэн асуудал болно шүү дээ.

-Би чамайг маш сайн ойлгож байна л даа. Бас “Хотлун гүнж” киноны зураач Марко Пологийн Хотлун гүнжийг хараагүй байсан байх гэж найдаж байна. Netflix ч киногоо дөнгөж энэ сарын 1-нд л нээлтээ хийсэн шүү дээ. Тэгэхдээ Марко Полог үзсэн хүмүүс дараа нь “Хотлун гүнж” киноны постерыг үзээд гайхаж мэдэх юм. 

-Бас сонирхолтой л доо. Марко Пологийн зураг авалт өнгөрсөн зургаан сарын 24-нд Унгар улсын Будапешт хотод эхэлсэн. Гэтэл “Хотлун гүнж” кино төслийн зураачдын баг ажилдаа орж эхлээд жил хагас болж байгаа юм билээ. Тэгэхээр таны хэлснээр Марко Поло дөнгөж дөрвөн хоногийн өмнө дэлгэцэнд гарсан шүү дээ.

-Окей, Содура кинонд ажилласан киноны зураач Л.Батбилэгийн ажил бүтнээрээ ямар байхыг тэгвэл бид кино нээлтээ хийсний дараа харах нь байна. Харин чи ямар дүр бүтээх гэж байгаа вэ. Мэдээж би дөнгөж зураг авалт нь эхлэх гэж буй киноны зохиолоос асуухгүй. Тэгэхдээ чи үзэгчдэд ямар эмэгтэйг үзүүлэх вэ?

-Ерөнхийдөө жүжиглэнэ гэхээсээ илүү бодитоор амьдруулмаар байна л даа. Хотлун гүнжийн талаар ном уншихад ч юм уу, интернэтээс судалгаа хийж байхад  дандаа л эрэгтэй хүнтэй бөх барилдаж, авч шиддэг байсан, дайн тулаанд явдаг, Хайду хаан охиноо хаан болгохыг хүсдэг байсан гэх зэрэг арай баатарлаг талаас нь олж харлаа. Гэтэл тэр хүн эмэгтэй хүн байсан шүү дээ. Тэгвэл тэр эмэгтэй хүний уян зөөлөн чанар баатарлаг ахуйтай нь яаж хослож байна гэдэг контрастыг илүү үзүүлье гэж зорьж байгаа.

-Зураг авалт эхэлсэн үү?

-Зураг авалт наймдугаар сарын 1-нээс эхлэнэ.

-Чи одоо тэгвэл дүр дээрээ ид ажиллаж байгаа байх нь. 

-Тийм ээ, одоо тулааны хэсгүүдээ бэлдээд,  түүхийн номоо уншаад байж байна.

-Хотлун киног хийж буй Шүүдэр продакшны “Ану хатан” кино чамд ямар санагддаг вэ?

-Дажгүй ээ. Анх үзэхэд харин их урт санагдаж байсан. Саяхан бас үзсэн л дээ. Мэдээж энэ кино дөрвөн жилийн өмнө хийгдсэн, одоо кино урлаг их хөгжсөн болохоор илүү сайжруулах боломжтой зүйлс зөндөө харагдаж байсан.

-“Хотлун гүнж” киноны зохиолч, найруулагч хоёр чамаас юу хүсч байгаа вэ. Чи гол дүр нь шүү дээ.

-За, ер нь бол найруулагч илүү тулааны тал дээр анхаарах гэрийн даалгавар өгсөн. Ялангуяа бөхийн мэх, дэвээ сурахыг даалгасан. Тэр техникийн чанартай зүйлийг угаас сайн хийхгүй бол болохгүй л дээ. Зохиолч бол хамаг байдаг цаг заваа гаргаад, “Хотлун гүнж” киногоороо амьсгалахыг л хүсч байх шиг байна даа.

МОНГОЛ ХҮН БОЛ ЗАЛХУУ ХЭРНЭЭ ХЭРВЭЭ ХИЧЭЭХ ЮМ БОЛ АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХУРДАН СУРДАГ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС

-Гэрийн даалгавраа чи хэрхэн хийж байна вэ?

-Марко Поло дээр би монголоос явсан зарим орлон тоглогч нартай танилцсан л даа. Одоо бол хүмүүс Циркийн Цогоо гэж сайн мэддэг хүн дээр очиж морь унаж, өөрөө нум сумаар харваад л, тулааны хэсэг дээрээ Нарука гэдэг хүнтэй ажиллаж байна. Удахгүй давхиан дундаа харвах дасгалдаа орно.

-Уран бүтээлчдийг хүндэтгэх үүднээс шинэ киноны талаар илүү асуулт одоохондоо хэрэггүй байх. Харин кино бүтээгчид өмнөх алдаагаа засч илүү сайн бүтээл хийгээсэй гэж хүсч байна. Өмнө нь би “Ану хатан” киног үзээд нэг хурц хэллэгтэй сэтгэгдэл, шүүмж бичиж байсан юм. Яагаад гэвэл тэр кино олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Түүх гэдэг өөрөө том үнэ цэнэ юм. Бидний бахархах сэтгэл тэнд оршдог. Гэтэл “Ану хатан” киноны шийдвэрлэх Зуунмодны тулаанд монгол цэргүүд манжуудын өөдөөс зэвсэггүйгээр, уйлан гүйж очоод шууд үхдэг хэсэг хүртэл гардаг. Ерөнхийдөө зохиолч, найруулагчид нь эмэгтэй хүмүүс байсан тул арай л сул хийсэн санагдсан. Энэ удаа битгий тийм байгаасай. Чи болон киноны баг хамт олны их хүч хөдөлмөрийг жилийн дараа үзэх хүмүүс шүүмжлэх биш харин баяр хүргээсэй гэж хүсч байна. 

-Баярлалаа. Шүүмжлэл гэдэг хэрэгтэй зүйл юм. Яагаад гэвэл “Ану хатан” кино бол Шүүдэр продакшны хамгийн анхны уран бүтээл. Тэр бүтээлээсээ зохиолч тодорхой хэмжээний урам бас тодорхой хэмжээний сургамж авсан байгаа. Тэгэхээр тэр сургамж нь туршлага болоод, туршлагаа дараа дараагийн уран бүтээлээ илүү сайжруулахад ашиглах байх гэж би бодож байгаа. Дээрээс нь хүмүүс түүхэн киног уран бүтээл гэдэг талаас нь биш баримтат кино гэж харах гээд байдаг.

-Тэнцвэрийг хадгалах нь л чухал гэж хүмүүс хэлдэг. 

Хэдийгээр түүхэнд болсон зүйлийг үзүүлээгүй байлаа ч магадгүй тэнд найруулагчийн уран сэтгэмж, эсвэл уран бүтээлч байдлаар ингэх юм бол илүү сонирхолтой болно гэсэн шийдэл байж болно. Марко Поло дээр ч бас ийм зүйл сая гарч ирсэн. Марко Пологийн аравдугаар анги дээр Хайду ханыг … /Та энэ хэсгийг өөрөө үзвэл амттай болов уу. Ж.Ч/  илдээр хөнөөчих жишээтэй. Үүнийг үзээд хүмүүс “Бодит амьдрал дээр ийм байгаагүй шүү дээ” гээд л ярьж гарах байх. “Хотлун гүнж” киноны нэг онцлог бол түүхэн кино гэхээсээ илүү домгон дээр сэдэвлэсэн тулаант кино болж гарна. Хотлун ийм хүн байсан юм гэж өгүүлж, нурших нь сонин биш зөвхөн тулаанд, адал явдалт үйл явдалдаа төвлөрч байна.

-Чиний дайсан хэн бэ?

Кинон дээрх дайсныг хэлж болохгүй шүү дээ.

-Амьдрал дээр хэн нэгэн чамайг буруугаар хүлээж авах тохиолдолд чи хэрхэн хүлээн авч, ямар хариу үзүүлдэг вэ?

-Заавал тэр хүн буруу бодож байна гэдгийг батлах шаардлага байхгүй шүү дээ. Ерөнхийдөө хүн, хүнийг өөрчилж чадахгүй. Бидний өсч төрсөн орчин, үзэл бодол бүгд өөр юм чинь. Бодоод байхад хэн ч өөрийгөө муу хүн, буруутай хүн гэж боддоггүй, өөрийнх нь үзэл бодол дандаа өөртөө үнэнч байдаг шиг бусдыг өөрчлөх гэж хичээхээсээ илүү аль болох өөрийнхөө бодолдоо үнэнч, тууштай байна даа.

иний хувь хүн төлөвшиж бүрэлдэхэд хэн, юу нөлөөлөв. Чиний төлөвшил ер нь юу вэ?

-Миний төлөвшил олон л доо. Нийгмийн нэгдэл, найзуудын маань надад нөлөөлсөн нөлөөлөл, гэр бүлийн хүмүүжил. Ялангуяа ээж  гэдэг хүн их нөлөөлсөн. Арван жилдээ би Пауло Коэльогийн хувь хүний хөгжлийн тухай юм шиг хэрнээ үлгэрчилсэн байдлаар илэрхийлсэн номуудыг унших маш дуртай байсан. Тэндээс би асар их урам зориг, өөдрөг үзлийг авсан гэж боддог.

-Чамайг хөдөлгөгч гол зүйл юу вэ?

-Миний хүсэл мөрөөдөл.

ЭНЭ БҮХЭН ЕРӨНХИЙДӨӨ ОРГҮЙ ХООСОН ЦАГААН ЦААСАН ДЭЭР БАГА, БАГААР БИЧИЖ ЭХЛЭХИЙН НЭР Л ДЭЭ.

-Тэр нь юу вэ?

-Маш чадварлаг жүжигчин болно гэж бодож байна. Тэгэхдээ олон улсын хэмжээнд.

-“Биелүүлэхэд хэцүү, хэт том зорилго гэдэг хамгийн сайн хөдөлгөгч” гэж уншсан юм байна. Чи зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бизнесийн удирдлагаар мастер хамгаалах сонголтоо орхиж, Сан Францискод жүжигчний ангид орсон. Тэнд очоод хийсэн анхны чухал алхмынхаа тухай ярихгүй юу. 

-Сургуулийнхаа хариуг хүлээж байхдаа би загвар өмсөгчийнхөө хувиар загварын агентлагт орсон юм. Тэд намайг илүү рекламны шалгаруулалт руу илгээдэг байлаа. Сүүлдээ богино хэмжээний киноны шалгаруулалтанд явуулж эхэлсэн. Нэг удаа би нэг баримтат кинонд оролцсон юм. Тэр киноны найруулагч нь Николас Кэйжийн төрсөн ах, “Загалмайлсан эцэг” киноны найруулагч Фрэнсис Форд Коплагийн үеэл дүү байсан л даа. Түүний кинонд тоглосноос хойш дараа, дараагийн шалгаруулалтад ороход хандлага нь арай өсөөд эхэлсэн. Энэ бүхэн ерөнхийдөө ор хоосон цагаан цаасан дээр бага, багаар бичиж эхлэхийн нэр л дээ.  Монгол сэтгэхүйгээр бид СУИС-ыг дөрвөн жил сурч дуусаад жүжигчин болно гэдэг. Орос “школ”-той хүмүүс заавал бакалавр хамгаална гэдэг. Гэтэл америк сургуульд маань долоо хоногт нэг удаа ордог бүлгийн хичээлд биднийг аль хэдийнэ магистр хамгаалчихсан мэргэжлийн жүжигчидтэй хамт оруулдаг байлаа. Яг ижилхэн шалгаруулалтад ороод яваад байдаг. Тэгээд би гайхаад, багшаасаа “Би бакалавраа хамгаалчихсан ч гэсэн дахиад дөрвөн жил зориулах гэж ирсэн. Гэхдээ надтай хамт магистраа хамгаалсан хүмүүс хамт суралцаж, нэг шалгаруулалтад оролцож байна. Үүнд ямар давуу тал байгаа юм бэ” гэж асуусан. Багш хариуд нь “Чи одоо 23 настай. Жүжигчин гэдэг бол зөвхөн сурснаар биш, яг л gym-д явж байгаа юм шиг өдөр болгон бэлдэх хэрэгтэй байдаг. Дөрвөн жилээр юу ч тодорхойлогдохгүй. Тиймээс “Acting class”-аа аваад, шалгаруулалтадаа ороод л, илүү сайн уран бүтээлд тоглож байх хэрэгтэй. Бакалавраа дуусахад чи бараг гучин нас хүрнэ, залуу насандаа хийж болох бүх л дүрийг алдчихсан байна. Тэгэхдээ энэ бол чиний шийдвэр” гэж хэлж байсан. Ингээд би америкт нэг жил болсныхоо дараа Miss Mongolia тэмцээнд оролцож, дараа нь залгуулаад Марко Поло төсөлд нэгдсэн дээ.

-Чи Америкт сурч, Малайз, Унгарт, Словак улсуудад хийсэн кино зураг авалтад орсон гэдгийг бид мэдэж авлаа. Тэгвэл чиний нүдээр монгол эмэгтэйчүүд эдгээр орны хүмүүсээс юугаараа өөр харагдаж байна вэ?

-Хүмүүжил тал дээрээ илүү ялгаатай юм болов уу. Монголчууд илүү гэр бүл төвтэй. Өрнийн хүмүүс биеэ даасан байдаг бол монгол хүмүүс энэ талаар сул хэрнээ илүү ээж, аавыгаа асарч халамжилдаг. Ер нь зөвхөн монгол эмэгтэй хүн гэлтгүйгээр монгол хүн бол залхуу хэрнээ хэрвээ хичээх юм бол аливаа зүйлийг хурдан сурдаг чадвартай хүмүүс юм шиг надад санагддаг.

-Чамд иймэрхүү нөхцөл байдлыг туулдаг арга байдаг уу? Эсвэл залхуурал байдаггүй юу?

-Залхуурах үе байна шүү дээ. Ганцаараа байх юм бол арай илүү үр бүтээл багатай. Хүнтэй хамт байх юм уу, хамтарч хийсэн зүйл илүү үр дүнтэй.

-Миссийн тэмцээнд оролцсоноор чамд юу туршлага болж үлдэв?

-Туршлага болж үлдсэн зүйл мэдээж байна л даа. Өөртөө итгэх итгэл, дурсамжаас эхлээд л. Сая болоод өнгөрсөн Miss Earth тэмцээн маш их дурсамж, туршлага болж үлдлээ л дээ. Юу хийж чаддаг юм бэ, яаж хийж болох юм бэ, яаж сайжруулах вэ гэдгийг би харсан.

Д.Од


URL:

Сэтгэгдэл бичих