Урссан гэрийнхээ араас ус руу морьтойгоо орсон ах дүүс алга болжээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 10-нд хүчтэй аадар бороо орсны улмаас хэд, хэдэн аймагт үер буужээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 2 хашаа, 1 гэр усанд автаж, 5 автомашин голд сууж, 60 орчим хүн усанд боогдсон байна.
Аймгийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн Алтан амсар гэдэг газарт иргэн Б-ийн гэр усанд урсчээ.
Ингээд гэрээ үерээс гаргахаар 26 настай Б, 16 настай Б нар морьтой ус руу орсон ч ор сураггүй алга болсон байна. Тэднийг одоогоор олоогүй байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 2 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Ийнхүү ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байгаа тул үер усны аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа.
URL: