“Гацсан” шинэ төмөр замыг санхүүжүүлэх хүсэлтийг Японы талд тавилаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар Нарийн бичгийн дарга Накао, ЗТХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан нар оролцсон юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” нь Монгол Улс, Япон Улс хоорондын эдийн засаг, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан бүтээн байгуулалт болж төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэлж байв. Тиймээс энэхүүШинэ нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгалаа.
Мөн Япон Улс, БНХАУ хоорондын агаарын тээврийн салбарын зах зээлд Монгол Улс оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-аар дамжин Япон Улс руу нислэг үйлдэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол-Орос-Хятадыг дамнасан, далайд хүрэх тээврийн коридоруудыг цогцоор бүтээн байгуулах төслүүд хэрэгжих тул Японы тал Монгол Улсад хэрэгжих төмөр зам, авто замын томоохон төслүүдэд зах зээлийн зарчмын дагуу төслийн санхүүжилт хийх, барилгын ажилд оролцох зэргээр хамтарч ажиллах бололцоо байгааг ч илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдах Зүүн чиглэлийн буюу Таван толгой–Сайншанд, Сайншанд –Хөөт–Чойбалсан чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслүүдийг санхүүжүүлэх боломжийг дахин судалж үзэхийг хүслээ.
Япон Улс бол далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудын нэг. Тиймээс сайд Д.Ганбат Япон Улстай далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж, энэ салбарыг шинэ шатанд гаргах саналыг хэлж байв.
Элчин сайд Шимизү Такэнори дээрх саналуудыг хүлээн авч, тээврийн салбарт хоёр улс шинэ түвшинд хамтран ажиллах боломжтой онцлоод “Монгол Улс уул уурхайн баялгийг гаргалгүйгээр хөгжих боломжтой. Үүний тулд гадны хөрөнгө оруулагчдыг татаж Засгийн газраас бодлоготойгоор уялдаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй” гэв.
Мөн тэрээр JICA /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага/–тай хамтарч, техник технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцлоод, Японы тээврийн салбарынханд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд хамтран ажиллах саналыг уламжлахаа илэрхийллээ.
URL: