Баялагийн хараал буюу Ховдчуудын сүйрэл
Дэлхийд байгалийнхаа баялгийн үр шимийг хүртээд эдийн засаг нь тогтвортой байж, ард иргэд нь тансаг баян амьдарч байгаа улс орон нилээд бий.
Харин дэлхийд байгалийн баялагаараа толгой цохих Монголчуудад л энэ байгалийн баялаг гээч нь зохихгүй бололтой. Манайхан байгалийн баялагаа ашиглаж байгаа ч эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаггүй, уул уурхай дагасан ямар ч хөгжил байхгүй гэхэд хилсдэхгүй. Цөөн хэдэн уурхайн эзэн баялаг гарч байгаа үедээ баян байгаад, уурхай нь зогсонгуут дагаад модоо барьчихдаг нь баялагийн хараал хүрсэн гэлтэй.
Төр засаг барьж байгаа томчууд нь ашигтай гэрээ хэлцэл хийгээд байгалийн баялагаа ашиглаад ард иргэддээ эн тэнцүүхэн хүртээдгүй юмаа гэхэд улс орноо өөд нь татах ганц ч ашигтай хэлцэл хийсэнгүй. Харин чиг ард түмнээсээ нуусан, хаалттай гэрээнүүдийг байгуулсаар байгаагийн тод жишээ өдгөө Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Мянган угалзатын нурууны Цагаан эрэг хэмээх газар болоод байна.
Цэцэг сумын нутагт орших Мянган угалзатын нурууг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 1960-1970 онд гянтболд буюу вольфрамын орд илэрч судлагдаж албан ёсоор олборлолт хийгдэлгүй хамгаалалтанд авчээ. Харамсалтай нь бидний нэрлэж заншсанаар нутаг нутгийн ”нинжа” нар ирсээр нэг л мэдэхэд 2000 гаруй нинжа цуглаж, Цэцэг сумыг там болгож эхэлжээ. Нутгийн удирдлагууд, ард иргэд хичнээн тэмцээд ч нинжа нарыг хүчрэлгүй нэг л мэдэхэд Цэцэг сумын 13 орчим га талбай сүйдэж, нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байгаагаа төр засагт дуулгажээ.
Гянтболд буюу вольфрам гэж юу вэ?
Вольфрам буюу гянтболд нь дэлхийн зах зээлд маш өндөр үнээр борлогддог бөгөөд манай орны хэд хэдэн газарт нөөц илэрсэн байдаг. Тухайлбал: Төв аймгийн Эрдэнэ Баяндавааны гянтболд, цагаантугалгын орд Баянчандмань суманд, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Улаан-Уулын орд, Цэцэг сумын Цагаан эрэг гэх газруудад орд бий.
Вольфрамын ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширгээдэг, хүчилд тэсвэртэй. Вольфрамын нэгдлүүдийг химийн урвалд будагч болгож, өндөр чанартай бензин үйлдвэрлэхэд каталазатор болгож хэрэглэдэг гэнэ лээ. Гянтболдоор хийсэн сэлэм маш сайн хаттай, бат бөх байдаг гэнэ. Учир нь гянтболд өндөр хэмийн халууныг тэсвэрлэж чаддаг төдийгүй хамгийн хүнд металлд тооцогддог байна. Атомын зэвсэг, сансрын техник, бидний мэдэх айл болгонд байдаг чийдэнгийн гол зэрэг амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйлс хийдэг төдийгүй, зэр зэвсэг хийхэд өргөн ашигладаг.
Өнөөдөр зах зээлд чулуутай вольфрам нэг кг нь 12 000 төгрөг, цэвэр нь 24 000-28 000 төгрөгийн ханштай байна.
Нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг хөөж явуулсан Ховдчууд амаа барьж байна
Дээр бид Ховдынхон нинжад сүйтгэгдсэн 13 га газраа нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтээ төр засагт явуулсан тухай дурьдсан. Энэ дагуу Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон, унаган төрхөө алдсан газруудад нөхөн сэргээлт хийх зорилгоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталжээ. Энэ журамд эвдэрч сүйдсэн газар нутагт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах эсвэл нөхөн сэргээлт хийх туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд хяналт тавих, нөхөн сэргээх талбайн хүлээн авахыг журмын зорилго гэж тодорхойлжээ. Мөн журамд нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно гэж заажээ.
Түүнчлэн нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгж нь тусгай зөвшөөрөлтэй, ажиллах хүч, тоног төхөөрөмжөөр хангагдсан, татвар нийгмийн даатгал, банкны хугацаа хэтэрсэн өргүй, хуулийн этгээд байх тухай шаарлагыг тусгаж өгчээ.
Нөхөн сэргээлт хийхээр тендэрт ялсан компани нь ажлаа эхэлсэнээс хойш эхний 2 сар нь нинжа нартайгаа тэмцэлдсээр ажил нь урагшилсангүй. Нөхөн сэргээлт хийхээр очсон компанийханы гэрийг техникээр дайрч, зарим гэрүүдийг нь галдан шатаах гэх мэтээр нинжа нарын санаанд оромгүй харгис үйлдэл ажлыг нь урагшлуулсангүй. Ард Аюушийн өлгий нутаг угаас цөс ихтэй Ховдын жирийн ард түмэн хүртэл нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг хардаж сэрдэж, бослого тэмцэл хийсээр нэг л мэдэхэд хүйтний улиралтай золгож, нөхөн сэргээлт хийхээр очсон компани ажлаа зогсоосон байдаг.
Чонын амнаас гараад барын аманд орсон Ховдчууд
Тендэрт ялж нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг хууль бусаар гянтболд олборлож байна гэж хардсаар ажил хийлгээгүй Ховдын Цэцэг сумынхан өдгөө амаа барин халаглаж хүчтэний өмнө хүчин мөхөстөж сууна.
Учир нь энэ жилээс Цэцэг суманд Хятадын томоохон компани эзэн сууж орхижээ. Өнөө хэл амтай гянтболдын уурхайг нь өөрийн нутагт байгаа мэтээр дураар эзэмших болсон Хятадын компани Монголын цагдаагийн нүсэр хамгаалалтан доор өдөр шөнөгүй олборлолт явуулсаар даруй 3 сар болж байна. МАН үнэмлэхүй ялалт байгуулсанаас хойш техникээ улам ихээр нэмэх болсон энэ компани сэрүү орохоос урьтаж Ховдын Цэцэг суманд байх гянтболдыг дуусгахаар улайран дайрч байгаа нь ардаа маш том улстөрчтэй байгаа нь илт байна. Олборлолт, нөхөн сэргээлт ер нь ямар ч бичиг баримт зөвшөөрөлгүй атлаа ийнхүү буу шийдэм, монголын цагдаагийн хамгаалалтан доор олборлолт явуулж байгаа Хятадууд Ховдын Цэцэг суманд аль хэдийнэ эзэн суучихсан дураараа авирлаж хэн ч халдах эрхгүй байна. Өмнөх жил нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг элдвээр хардаж сэрдэж, хавчиж дээрэлхэж байсан нөгөө олон нинжанууд, нутгийн удирдлагууд, нутгийн иргэд өдгөө яаж ч чадахгүй хүчин мөхөсдөж байгаа аж.
Бид дараагийн удаад Монголын нэгэн суманд эзэн суусан Хятадуудын ард чухам хэн байгааг олж нийтлэх болно.
Үргэлжлэл бий…
WORD.MN
URL: