Эдийн засаг: Хууль зөрчин зарлагаа өсгөж ард түмний өрийг нэмэгдүүлжээ

Манай улсын эдийн засгийн хямрал сэхэх цаг ирээгүй бололтой. Гадаад валютад дарлуулж, төгрөг суларсаар байна. Төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй байгаа. Ээлжит бус чуулганыг зарлаж хийнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл чимээ алга. Гэтэл манай улсын өр зээлний асуудал сэтгэл зовоож эхлэв.

Монгол улсын төсөв энэ сарын 08-ны байдлаар зарлага нь орлогоо давсан үзүүлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 1.024.858 сая төгрөгийн алдагдалтай төсөв гарсан гэсэн үг юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын нийт гадаад өр:

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна.

Нэгдсэн төсөв:

Сүүлийн гурван жил дараалан Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 4 хувиас буюу 974,9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл эхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байна. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10,3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5,1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21,1 хувийг давахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсвийн алдагдал төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэхээр байна.

Төсвийн орлогын тасралт:

2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.

Хууль бусаар санхүүжүүлсэн, төсөвт тусгагдаагүй хөрөнгө:

Нэгдсэн төсвийн орлого 1,8 их наяд төгрөгөөр тасарч байхад, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарлагаа өсгөн ард түмний өрийг нэмэгдүүлсэн байна.

Тухайлбал “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд нийт 1 их наяд 135 тэрбум төгрөг баталж, 596 тэрбум төгрөгийн зээл аван, 553,8 тэрбум төгрөг олгожээ.

Засгийн газрын өрийн үйлчилгээ:

2011 онд нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нийт 37,2 тэрбум төгрөгийг зээлийн хүүний төлбөрт төлж байсан нь 2016 онд 1 их наяд 85 тэрбум болж, өнгөрсөн 4 жилд 29 дахин нэмэгдсэн байна. Өмнөх Засгийн газар төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг өр тавин санхүүжүүлсэн, төсөвт ирэх ачаалал, өрийн дарамтыг нэмэгдүүлсэн зэргээс үүдэн зээлийн хүүгийн төлбөр цаашид ч хурдацтай нэмэгдэхээр байна. Мөн ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл –В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал 1 их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болохыг анхааруулж байна.

Засгийн газрын өр:

Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилтэнд үүссэн хүндрэл:

Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5,8 их наяд төгрөг шаардлагатай болно. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих