“Сайн дурын уран сайханчид” буюу дотоодын аялал жуулчлал

189524-26072016-1469496464-527860032-hogМонголчуудын хувьд долоо, наймдугаар сар ид амралтын үе. Наадамлаж, хөдөөлөхөөс гадна бас ч гэж сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ аялах нь түгээмэл болжээ. Он цаг улирах тусам илүү ихээр хотжиж байгаа үр хүүхдэдээ монгол ахуй, зан заншлаасаа бага ч атугай таниулах гэсэн эцэг эхийн далд санаа, өргөн уудам газар нутгийнхаа гоо сайхныг нүдээр үзэж баясах хүүхдүүдийн хөөрч догдолсон бахархал нэг цэг дээр огтлолцож байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ үүний цаана хөндөх сэдэв дэндүү олон. Наад зах нь арабын шейхүүд шиг алтан суултуур дээр тухлахгүй ч гэлээ энгийн, цэвэрхэн 00-той байж яагаад болдоггүй юм бэ гэдгээс асуудал эхэлдэг. Үнэндээ хөдөө явлаа л бол байгаль эхээ баар бас жорлон, хогийн цэг болгоод байх юм.

Эмэгтэйчүүд ийшээ, эрэгтэйчүүд нь тийшээ гэх маягаар замын хоёр талд ил задгай бие засч, гол нуурын эрэг, уул овооны ойр орчмыг архины шил, пивоны лааз, хүүхдийн памперс зэргээр хогийн цэг болгочихсон. Амрагч, зугаалагчдыг явсаны дараа 00-ийн цаас, гялгар уут салхинд хийсээд үлддэг. Газрын хөрсөн дээр хаясан нэг ширхэг гялгар уут 100 жил болж байж бүрэн задарч дуусдаг гэдэг эрдэмтдийн судалгаа бий.

Тиймээс зарим нь огт мэдэхгүй учраас ямар ч анзаараггүй, нөгөө нь мэддэг ч тоодоггүйгээсээ дотоодын жуулчид байгаль дэлхийг ямар ихээр бохирдуулдаг юм бэ дээ.

Анх адуу мал үргэж бусгаад болохгүй байхаар нь хөгшинтэйгөө явж, гэрийнхээ ойр орчмын 00-ийн цаас, гялгар уутыг бүгдийг чулуугаар дарж байлаа. Харин одоо мал хүртэл энэ их хогонд дасах шинжтэй. Хогийг гадаадын жуулчид биш монголчууд өөрсдөө л тарьдаг юм хэмээн хөдөөний малчин ярьж сууна.

Уг нь монголчууд нүүхдээ гэрийнхээ буурийг цэмцийтэл цэвэрлэдэг уламжлалтай ард түмэн. Энэ нь малчин айлд төдийгүй амарч зугаалж буй дотоод, гадаадын жуулчин, тэднийг хүлээн авч буй жуулчны баазууд гээд хэн бүхэнд хамаатай асуудал. Гэтэл зарим жуулчны бааз стандартын байтугай стандарт бус 00 ч үгүй л явж ирлээ.

Энэ нь эргээд хөрс, ус, агаарыг бохирдуулж ойр орчимд нь нутаглаж буй хүн малд сөрөг нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Нэгэнт хэл соёлыг нь мэдэхгүй учраас гадаадын жуулчид голж шилсэн ч гэлээ аюулгүй байдлаа бодоод хээр хөдөө буудаллахаас зүрхшээн болсон болоогүй жуулчны баазуудыг бараадаж, хоноглодог нь нууц биш.

Харин дотоодын жуулчид бол ондоо. Тэднийг жуулчны баазууд ерөөсөө жуулчин гэж хүлээж авдаггүй, “Өө, монголчууд явж байна” гэдэг юм. Тэгээд л мөнөөх монголчууд буюу дотоодын жуулчдын довтолгоонд байгаль дэлхий өртсөөр. Үнэндээ эсрэг өнцгөөс нь харвал бас тэдний буруу биш ч юм шиг. Үзэж харах юу ч үгүй газарт мөнгө төлж гэрт буудалласнаас агаар салхинд майхнаа бариад хоночихъё гэдэг сонголтыг тэд хийдэг юм.

Ямар хэл усаа мэдэхгүйн зовлон байх биш. Гэхдээ эндээс л аялал жуулчлалын салбарын алдаатай бодлого эхэлж буй юм. Нэгэнт аль нэг баазад буугаагүй учраас тэд байгалийг буудал, баар, бас 00, хогийн цэг болгох нь ойлгомжтой. Харин тэдэнтэй хэн ч хариуцлага тооцохгүй. Шаардлага тавьсан нэгнийг хүлээж авах ч үгүй.

“Хорвоо дэлхийг чамд өмчлөөд өгчихсөн юм уу” гээд үзэж тарах нь энүүхэнд. Жуулчны баазуудад буусан хэд нь болохоор “00 чинь ямар муухай юм бэ” гээд шүүмжлэхэд л “Тэгвэл болихгүй юу даа хө” гээд эхний сөргөлдөөн эхэлдэг. Ингээд л ямар юмных нь амарч тухлах манатай болж байгаа юм.

Энэ нь зөвхөн дотоодын төдийгүй гадаадын жуулчдад ч хамаатай асуудал. Иймэрхүү чанаргүй үйлчилгээтэй улс орныг тэд дахиад зорих болов уу даа. Монголчуудтайгаа бол хэрэлдээд, хөөгөөд явуулчихдаг юм билээ. Харин гадаадын жуулчдыг арай тэгдэггүй л байх. Гэхдээ тэднийг эргэж ирнэ хэмээн найдах хэрэггүй шүү.

Санамсаргүй тохиолдлоор тэдгээр жуулчны нэгтэй нь таарсан юм. Тэрээр энэ асуудлыг бизнес болгох сэргэлэн арга сийлжээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мишээл экспо”-д дэлгэгдсэн “Бугатын өдрүүд” хэмээх БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаан дээр 00-ийн суултуур тойруулаад тавьчихсан нэг хүн байна.

Гайхаад, та үүгээр яах гэж байгаа юм бэ гэтэл “Танайд 00-ийн асуудал үнэхээр хүнд шүү. Жуулчны баазууд гэлтгүй нийтийн эзэмшлийн зам, талбай, зах, дэлгүүрт ч 00-д орох хүндрэлтэй юм билээ. Би өмнө нь Монголд аялж байсан. Харин энэ удаа бизнес хийхээр ирлээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай газруудад зөөврийн жорлон нийлүүлэх хүсэлтэй” гэдэг байгаа.

Түүний зарж буй 300-900 мянган төгрөгийн үнэтэй гурван төрлийн суултуур нь усаар биш хөөсөөр цэвэрлэдэг технологитой. Энэхүү зөөврийн суултуураас авч, тэдэнтэй хамтарч ажиллах нэг компанийг олжээ. Албан ёсоор хамтарч ажиллахаар яг таг шийдсэн нь энэ. Харин сонирхож судлаад явж буй хэд хэдэн компани бий гэнэ. Тэдэнтэй үнэ ханш, яг ямар суултуур авах сонирхолтой зэрэг ярилцаж тохирох бас бус асуудал байгаа юм байх.

Уг нь эднийх инженер техникийн компани юмсанж. Өөрөөр хэлбэл, жорлонгоос ч том зүйлийг хийдэг гэсэн үг. Гэхдээ өмнө нь Монголд ирж байсан туршлага, судалгаан дээрээ үндэслээд зөвхөн зөөврийн суултуураа л энэ удаагийн үзэсгэлэнд авч иржээ. Түүнээс биш эднийх бас барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг “Жюй жей” компанийн менежер Ү.Баяраа хэлж байна.

Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай болоод 25 жилийн нүүрийг үзэхдээ энэ мэтийн асуудлыг шийдэж, аялал жуулчлалын салбараа нүүр бардам хөгжүүлчихэж чадаагүй нь үнэн. Нэг салбарыг сэргээхэд л бусад салбар нь дагаж хөгждөг гэдэг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбараа дагаад үндэсний үйлдвэрлэгчид хөл дээрээ босох цаг байсан ч учраа ололгүй өдийг хүржээ.

Уулзаад уулзаад учраа олдоггүй бизнес уулзалтууд, хэлэлцэж ярилцаад хэргээ бүтээдэггүй хэлэлцээнүүдийн хажууд Өвөр Монголын бизнесмэн Ү.Баяраа харин ч сүйхээтэй сэтгэж, хурдан хөдөлж байгаа юм байна. Гэтэл монголчууд жорлон ч хийж чаддаггүй үндэсний үйлдвэрлэгчидтэй юм болов уу. Эсвэл жуулчны баазууд урд хөршөөс л суултуур авах сонирхолтой юм болов уу гэдэг нь бас бодууштай.

Г.Ганчимэг

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих