Хохирогч хийгээд гэмтний гэрээслэл

190247-08082016-1470640008-134052579-zgmДэлхий ертөнцийг зөвхөн Холливуд, McDonald’s зэргээр төсөөлөгсөд байхад эсрэгээрээ тэдгээрийг үзэн ядагсад бас бий. Энэ бол хүмүүсийн таашаал, хандлага, үзэл бодлын ялгаа. Үзэл бодлын ялгаа үнэт зүйлсийн хийгээд оршихуйн өөр өөр хэлбэрийг бий болгодог.

Эцэст нь хоёр өөр үнэт зүйлийн ялгаанаас үл хамааран бүх хүн адил байдгийг, гарцаагүй өгөгдсөн нөхцөл байдал бүгдэд үйлчилдгийг, хамгийн чухаг нь орчин цагийн соёл иргэншилтэй хүмүүсийн нүдэнд үзэгдэх байнгын хувьслыг, үүнд хүмүүс бие болон ухаан, сэтгэлээрээ хэрхэн хандаж, дасан зохицож буйг кино дэлгэцнээ харуулсан найруулагч бол Цай Мин Лянь.

“Кино урлаг өөрөө намайг сонгосон” гэж тэр хэлдэг

1957 онд мэндэлсэн тэрбээр зөвхөн төрөлх үндэстэн Малайз, цаашлаад дорно дахины тухай бус, орчин цагийн хотожсон нийгэм дэх хүмүүсийн бодит амьдралыг киногоороо харуулдаг. Техник технологийг амьдралынхаа хэвшил болгоогүй, ахуй амьдрал нь анхдагч түүхээсээ төдийлөн хувьсаж өөрчлөгдөөгүй улс үндэстэнд Цайгийн бүтээлүүд хамааралгүй.

Эрээ цээргүй, уйтгартай, тэгсэн атлаа оньсого мэт тааварлашгүй, үсэглэх мэт удаанаар хөврөх кадр, уй гунигтайгаа эвлэрсэн, эс бөгөөс яах ч учраа олохгүй тарчилж байгаагийн алин болохыг онож хэлэх аргагүй дүрүүд нь ертөнцийн хаана ч байх боломжгүй мэт харь хөндлөн, тэгсэн атлаа ойр… Өнөө цагийн хамгийн утгагүй, сонирхолтой найруулагчийг цөөн үгээр тодорхойлбол ийм. Цайгийн намтар ийн эхэлжээ. Гудамжинд гоймон зардаг өвөө нь ач хүүгээ кино урлагт дуртай болгочихож. Үүнийг мэдсэн Цайгийн эцэг хүүгээ гэртээ эргүүлэн авчирсан ч

Цайгийн ухаан бодолд кино, дүрсээр илрэх урлаг хэдийнэ чухал байр суурь эзэлсэн байв. 1960-1970 онд буюу кино урлагийн алтан үед түүний хүүхэд нас өнгөрч, өвөөтэйгөө хамт хамаг цагаа кино театрт өнгөрүүлдэг байв. Өөрийнх нь хэлснээр, тухайн цаг үед одоогийнх шиг арилжааны кино гэж байгаагүй нь кино урлагийн талаар тогтсон хэмжүүртэй болоход нөлөөлжээ.

Хятадын урлагийн их сургуулийг төгсөн 1982 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн Цай Тайванийн шинэ давалгааны хоёрдугаар үеийн гол төлөөлөгчдийн нэг. Тэрбээр оюутан байхдаа театр, телевиз хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болж. Их сургуулиа төгссөний дараа телевиз, театрын салбарт туршилт хийсэн ч тэрбээр телевизийг ч биш, театрыг ч биш, харин киног сонгов. “Кино урлаг өөрөө намайг сонгосон” гэж тэр хэлдэг.

Түүний хувьд найруулагч байна гэдэг анхнаасаа л юу хийх нь тодорхой, өөр зүйлд өөрийгөө хөгжүүлэх шаардлагагүйгээр нэгэн бүхэл болж өгөгдсөн хувь тавилангийн замнал байж. Бүрэн хэмжээний есөн кино, богино хэмжээний хэд хэдэн бүтээл, 11 телевизийн бүтээл хийсэн эл эрхэм хамгийн их эсэргүүцэл, гутаан доромжлол, мөн хамгийн их магтаал хүртдэг.

Анхны бүрэн хэмжээний кино “Неон бурханы босогчид “ / Rebels of the Neon God/ нь 1992 онд дэлгэцэнд гарсан цагаас л Цай кино урлагт шинэ үзэгдэл болсон юм. Уг кинонд түүний хожмын алтан хамтрагч нь болох, жүжигчин Ли Кан-Шен тогложээ. Өдгөөг хүртэл Ли Кан- Шен бүх киноных нь гол дүрийг бүтээсэн болохоор Цайгийн кино нэг хүний амьдралыг харуулж буй олон ангит цуврал шиг санагдах нь бий.

1994 онд “Мөнхийн хайр” /Vivе I`Аmour/ нь дэлгэцэнд гарч, зохиолыг бичихэд оролцсон Ли Кан-Шен өөрөө кино хийхийг хүсэх болж. Хожим нь Ли Кан-Шен Цайг продюсерээр нь ажиллуулж, хоёр ч кино зохиол бичин, өөрөө найруулсан удаатай. Бараан комеди, эмгэнэлт хошигнол, драмыг сүлэлдүүлсэн Цайгийн кинонууд өөр хоорондоо ялгаатай ч ойлгомжгүй байдал, гол бэлгэдэл болох ус, харилцан яриа гэх юмгүй дүнсгэр, зовлондоо тарчилсан дүрүүд нь найруулагчийн үндсэн хэв маяг юм.

Цайгийн бүтээлүүдийг ямар ч түвшний үзэгч үзэхэд дарамттай, хамгийн хүнд уур амьсгалыг бүрдүүлж тийн түлхэлт, ухамсаргүй автуулалт нь дунд хэсэгт киног ухаж ойлгосон мэт мэдрэмж төрүүлэвч төгсгөл үедээ эргээд эхний нөхцөлд нь үлдээдэг. Найруулагч үзэгчээсээ бясалгалын хэмжээний бодрол шаарддаг.

Үүнийг та “Гол” /The River/, “Би ганцаараа унтмааргүй байна” /I don`t want to sleep alone/ киноноос нь илүү мэдрэх болно. Киноны зураг авалтын талаас илүү хувьд нь шөнө дүрслэгддэг. Орчин цагийн хүмүүс гагцхүү шөнөөр л /ганцаараа байх гэсэн утгыг давхар агуулна/ жинхэнэ сэтгэл хөдлөл, өөрт мэдрэгдэж буй дотоод бүх зүйлсээ чөлөөтэй гаргадаг болохыг тэр үүгээрээ харуулсан юм.

Сэтгэл хөдлөл хүнийг хад чулуу биш болохыг илэрхийлдэг. Харин хүн төрөлхтний өдийг хүртэл бүтээж байгаа, хэзээ ч нуран унахгүй нийгэм хүмүүсийг сэтгэл хөдлөлөө барьж, гадагш илэрхийлэхгүй байх нөхцөл рүү түлхэж, ингэснээрээ хүмүүс улам бүр чулуужиж байгаа нь хөрш зэргэлдээ байтугай гэр бүлийн хүмүүсийн харилцаанд өөрчлөлт оруулж байгаагаас харагддаг. Чухам үүнийг л Цай кинондоо гол агуулгаа болгодог.

Тиймдээ ч түүний кинонд уйлах, гутрах, ганцаардах, тачаадах зэрэг үйлдлүүд кадрын нэлээд хэсгийг эзэлнэ. Ус, бие засах, хоол идэх зэрэг хүний үйлийг Цай зүгээр нэг харуулдаггүй. Хүн утгатай, утгагүй ямар ч нөхцөлд амьдарч байг хамаагүй амьд байхын тулд биологийн үүднээс ухамсаргүй хийгдэж буй үйлдэл болохыг илэрхийлдэг. Дүрүүд яаж ч шаналж ганцаардсан ч амиа хорлох гэж оролддоггүй нь амьдрал бол байгаа чигээр нь туулж гарах жам гэх Цайгийн үзлийн илрэл аж.

Хүний секс илэрхийлэл орчин цагт улам илэн далангүй болж, нүцгэлэлт, ил задгай байдал хэвийн зүйл болсон гэх ч Цайгийн үзлээр бол тийм биш. Харин ч галзуурсан их эротик хүсэл контемпорари орчинд дутагдаж байгаа гэж үздэг бөгөөд энэхүү үзэл бодлоо “Баяртай, Луу дэн буудал” /Goodbye Dragon Inn/, “Нүх” /The Hole/ бүтээлдээ гүн гүнзгий тусгажээ. Хоёр хүний харилцан ярианаас илүүтэй сексийн хэрэгцээ нь тэднийг ойртуулж, хамтдаа байх бас нэг шалтгаан болж байдгийг ч давхар агуулна.

Ганцаардал гэдэг олон хүнээр хүрээлүүлэн байна уу, эсвэл дэргэд чинь хэн ч үгүй юу гэдэгт биш, огт өөр асуудал болохыг Цай үзэгчдэд шинээр нээж өгнө. Хэн нэгний амьдрал өөр нэгнээсээ нягт хамааралтай болох цагт хүмүүс өөрсдийгөө юунд үнэхээр дуртай, хэнд хайртай вэ гэх асуултаар ээрч, асуулт нь утгагүйтэлд хөтлөн амиа хорлох, эс бөгөөс юуг ч эс таалах зовлонт байдалд хүргэдэг.

Тэр зовлонт байдал нь ганцаардлаар илрэх тэмцэл болж хувирдаг. Түүний бас нэг сонирхолтой бүтээл бол 1998 онд дэлгэцнээ гарсан “Нүх”. Уг бүтээлээсээ эхлээд Цай кинондоо үндэсний болон 1930-аад оны мaндарин поп хөгжмийг ашигласан хөгжимт хэсгийг нэмэв. Миленхолик комеди болох тус бүтээлд тахалд нэрвэгдсэн нэгэн хотын хөрш эр, эмийн харилцааг харуулна.

Нам гүмээс гэнэтийн цочирдом кадраар солигдох нь эхэн үеийн “Цаг хэд болж байна” /What is there time/, “Баяртай, Луу дэн буудал” зэрэгтэй харьцуулбал үзэгдэх байдлын хувьд өргөжиж, үзэгчдэд илүү сонирхолтой болсон төдийгүй түүний бүтээлүүд улам мастерын түвшинд хүрч буйтай маргахын аргагүй байв. Удаанаар хөврөх кадрын уйтгарт дүрүүд гэнэт өнгөлөг, гял цал орчинд тун ч хөгжилтэйгөөр дуулах нь Цайгийн бодож олсон хамгийн суут солиорол. Түүний дүрүүдэд харилцан яриа байдаггүй нь амьдрал, харилцааг ийм л байх учиртай, ийм л байдаг гэж харж буй бодлынх нь илрэл гэлтэй. Энэ бүхнээс үзвэл Цайгийн бүтээлүүд орчин цагийн хүмүүсийн хамгийн тод томруун зураглал.

Түүний бас нэгэн шуугиан тарьсан бүтээл бол 2005 онд хийгдсэн “Адармаат үүлс” /The Wayward clouds/. Урьдны бүх киноноос нь ч бага харилцан яриа, хөгжимт хэсэг нь төгс болсон, сексийн хэсгүүд нь порно кино шиг ил тод уг бүтээл Цайг анти-порно найруулагч гэгдэхэд хүргэв. Түүний киноны сексийн зураглал зөвхөн дур хүсэлтэй холбоотой биш.

Түүний дараагийн нүүдлийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй

Энэ илэрхийлэл бол өөрөө үзэж, шүүн тунгааж байж л ойлгох тийм хүчин. Цай хамгийн сүүлийн бүтээл болох “The Face” кинондоо өөрийнхөө хамгийн дуртай найруулагч Франсуа Трюффогийн “400 цохилт” /The 400 Blows/ киноны гол дүрд тоглосон Францын нэрт жүжигчин Жан Пьер Леотой хамтарч ажилласан юм.

Энэ нь гэхдээ тэдний хувьд хоёр дахь тохиол. Уг бүтээл Цайгийн өмнөх кинонуудын адил хөгжимт хэсэг, үг хэлгүй харилцаа, уйтгарт уур амьсгал, ус, бие засах, хоол идэх, унтах, ганцаардсан дүрүүдээс бүтсэн. Илүү өрнөдийн шинжтэй болсон уг бүтээл гэхдээ найруулагчийн уналт гэхэд болно. Цайгийн бүтээлд симбол утга бүхий үзэгдэл үгүй юм шиг хэрнээ үзэгчид өөрийнхөөрөө ойлгох олон утга байдаг.

Ямар ч утгаар тайлбарлаж болох олон ургальч үзлийг төрүүлдэг атлаа эцэст нь мянган үзэгчийн өөр өөр бодлыг нэгэн цэг дээр огтлуулж чаддаг. Түүний дараагийн бүтээлд эдгээр чанараас өөр юм үгүй л байх биз ээ. Тааварлахад амархан юм шиг хэрнээ түүний дараагийн нүүдлийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Энэ л түүнийг бусад найруулагчаас ялгаруулдаг арга барил нь юм.

Д.Оюунномин

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих