Олон Улсын Жүдогийн Холбооноос Монголчуудад хандаж мэдэгдэл гаргажээ
Рио 2016-ийн жүдо бөхийн 57 кг-ийн жингийн аваргын барилдааныг тойрсон маргаан бидний дунд өрнөж байгаа билээ.
Олон Монголчууд шүүлтийн талаарх өөрийн сэтгэгдлээ Олон Улсын Жүдо бөхийн Холбооны Фэйсбүүк хуудсанд илэрхийлж байсан тул тэд хариу мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдлийн агуулгыг орчуулбал:
Хүндэт Жүдогийн фэнүүдээ!
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн аварга шалгаруулах барилдааны дараа олон тооны сэтгэгдэл манай сошиал хуудсанд нийтлэгджээ.
Тэдгээрийн зарим нь доромжилсон утгатай байна. Бид хуудсан дээрээ ийм агуулгатай зүйл нийтлэхийг зөвшөөрөхгүй.
Манай ёс зүйн дүрмэнд бусдыг хүндлэх, эелдэг харилцах зэрэг хүний ёсны бусад чухал зан чанарыг дээдлэхийг заасан байдаг. Тиймээс цаашдаа ийм утгатай сэтгэгдэл бичсэн болон бичих хүмүүсийг хуудаснаасаа блоклон, зохих газарт нь гомдол мэдүүлэх болно.
Техникийн хувьд аваргын төлөө барилдааны шүүлт төгс үнэн зөв болсон.
Шүүлтийн гарын авлагын 22 дугаар хуудсанд үүнийг “хэрвээ өрсөлдөгчийн (Тори) хоёр гар үнэхээр Куми Ката барьцтай байгаа тохиолдолд довтлогчийн (Уке) хөлд хүрж болно” (зургаас хар) гэж тайлбарласан байгаа.
Энэхүү дүрэм 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн бөгөөд хэд хэдэн удаагийн шүүгч нарын сургалт семинар дээр заагдсан болно.
Олимпийн наадмын үеэр хүмүүсийн сэтгэл хөдлөл өндөр байдгийг бид ойлгож байгаа ч өөрийн бичих сэтгэгдэлд бодолтой хандаж, бид бүгдээрээ адилхан жүдод дуртай гэдгийг санахыг хүсэж байна.
Өчигдөр барилдсан хоёр бөхийн гайхалтай амжилтанд бид хоёуланд нь баяр хүргэж байна.
Биднийг ойлгож, бидний агуу жүдогийн спортод дуртай байдагт тань талархаж байна.
Тэмцээний дөрөв дэх өдрийг гайхалтай сайхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!
URL: