“Бодлын хулгайч”-д асар их хөрөнгө оруулжээ

Монголын кино урлагийн түүхнээ хамгийн өндөр өртгөөр бүтсэн нэгэн бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ бол “Бодлын хулгайч”. 1990-ээд онд дуулиан тарьж байсан “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны зарим зураг авалтыг хорих ангид хийсэн бөгөөд мөн Хайнанд зураг авалт үргэлжилжээ. “Бодлын хулгайч”-ийг удам дамжсан мэргэжлийн уран бүтээлчид бүтээсэн гэнэ. Энгийн даруу, алиа хошин дүр төрхөөрөө ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн МУГЖ Л.Жанчивдорж агсны хүү Ж.Сэнгэдорж ерөнхий найруулагчаар нь, Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэнгийн хүү Д.Ангараг ерөнхий зураглаачаар нь ажилласан байна. Үзэгчдийг хоёр цагийн туршид 1990-ээд оны үеийн амьдралаар “аялуулах” энэхүү онц сонирхолтой киног бүтээхэд “Мэргэн” бизнес групп хөрөнгө оруулж, “Wisdom” кино продакшны захирал А.Уянга ерөнхий продюссерээр нь ажиллажээ.

Хэдийгээр “Бодлын хулгайч” үзэгчидтэйгээ хараахан “уулзаагүй” байгаа ч энэ нь сэдэв, шийдэл, жүжигчид, найруулагч, зураг, ахуй орчин, нүүр хувиргалт, хөгжмийн зохиол, гэрэлтүүлгийн хувьд орчин цагийн кино урлагийн хөгжлийг тодорхойлох даацтай бүтээл гэдэг нь хэдийнэ тодорхой болжээ. Адал явдлаар дүүрэн амьдралыг харуулах уг киног бүтээх үед уран бүтээлчдэд ч багагүй адал явдал тохиолдсон гэнэ.

Сэтгүүлч Д.Төрмөнх зохиолыг нь бичсэн “Бодлын хулгайч”-ийн гол дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглосон бол хорих ангийн 300 хоригдол зураг авалтад оролцсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих