Д.Сумъяа: Х.Эрдэнэт-Од багшийнхаа үргэлжлэл болж яваагаараа бахархдаг
Монголын жүдоч бүсгүй Доржсүрэнгийн Сумъяа “Рио-2016”-гаас мөнгөн медаль хүртэж, Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, манай тамирчдын медалийн салхийг хагаллаа.
ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин тэрээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Бразилын Д.Сильвад дийлдэн мөнгөн медаль авсан юм.“А” хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Сумъяа эхний тойрогт хийлж, удаах даваанд Нидерландын Санне Верагеныг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Т.Монтейрог, мөнгөн медалийн төлөө олимпийн нэг алт, дэлхийн хошой аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, Японы домогт бөх Каори Мацүмотог цэвэр ялж, олимпийн наадмын аваргын төлөө барилдах эрх өвөртөлсөн юм.
Ийнхүү Доржсүрэнгийн Сумъяа “Рио-2016”-гаас мөнгөн медаль хүртэж, олимпийн медальт анхны Монгол жүдоч боллоо. Монголчууд бид Риогийн олимпийн анхны медальтнаа өлгийдлөө.
Түүнийг “Астана-2015″ ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэний дараа ийн ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.
-Юуны өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Өнгөрсөн жил (2014)-ийн “шарх”-аа нөхөж чадлаа.
-Баярлалаа. Дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтаж, медаль хүртсэндээ баяртай байна. Нийт дөрвөн барилдаан хийлээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэн, V байрт шалгарсан. Тэр “шарх”-аа энэ жил нөхөж чадлаа. Энэ амжилтад би олон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд хүрсэн.
Багшийгаа бага ч атугай ч баярлуулж чадсанаараа бахархаж байна. Гэхдээ амжилтдаа ханаж болохгүй
Багшийгаа бага ч атугай ч баярлуулж чадсанаараа бахархаж байна. Гэхдээ амжилтдаа ханаж болохгүй. Одоо дахиад олон том тэмцээн хүлээж байна,үүнээс том олон зорилго надад бий.
Би өнөөгийн энэ амжилтад хамтын хүчээр хүрсэн. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг МЖБХ, шигшээ багийн дасгалжуулагчид, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын үндэсний олимпийн хороо, “Хилчин спорт хороо”, 0253 дугаар анги, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хамт олон, гэр бүл, найз нөхдөдөө маш их баярлаж явдгаа илэрхийлье.
Бидний энэ амжилт МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ахтай салшгүй холбоотой. Бэлтгэл дээр бидэнд үргэлж зөвлөж, туршлагаасаа хуваалцдаг Х.Баттулга ахдаа баярлалаа.
Өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэн, V байрт шалгарсан. Тэр “шарх”-аа энэ жил нөхөж чадлаа.
-Энэ жилийн “Чингис хаан” гран при, оюутны Универсиадад түрүүлж, форм сайтай байсан. Хүрэл медаль авна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?
-Бид энд тэмцээн болохоос тав хоногийн өмнө ирсэн. Энд ирэх замдаа бид Кыргызстан улсад түр саатсан юм. Тэр үед нэлээн даарснаас болоод ч тэр үү, ханиад хүрчихсэн. Түүнээс болоод бие бага зэрэг сулбагар байлаа. Тэмцээн эхлэхээс өмнө чадах ядахаараа өөрийгөө эмчиллээ. Бэлтгэл сайтай, өнгөрсөн жил медалийн оосроос атгаад алдсан нь надад их туршлага боллоо.
Төрийн далбаагаа мандуулах мөчид төрж өссөн эх орон, төрүүлж өсгөсөн ижий аав, шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч нараараа л их бахархаж байлаа. Хэдийгээр дэлхийн аваргын дэвжээнд эгшиглүүлж чадаагүй ч сэтгэл дотроо төрийн дууллаа эгшиглүүллээ
-Хүрэл медалийн төлөөх барилдааны өмнө юу бодогдож байв. Канадын Кэтрин Бушемин-Пинардтай хэрхэн барилдах тактик боловсруулж, дэвжээнд гарсан бэ?
-Энэ тэмцээнээс өмнө түүнтэй огт барилдаж байгаагүй. Хамтарсан бэлтгэлийн үеэр л хэдхэн удаа барилдаж байсан юм. Цаг сунгасан нэлээн хүнд барилдаан боллоо. Уян, надаас өндөр, нуруулаг байсан болохоор барилдаан таарахгүй, эхэндээ бага зэрэг эвгүй байлаа. Барилдааны эхнээс санаачлагыг гартаа авч, санасан мэхээ зоригтой, өөртөө итгэлтэй хийгээд барилдахыг хичээсэн. Цаг сунгах мөчид “Бүх зүйлээ дайчлаарай. Заавал ялах ёстой шүү” гэж өөрийгөө зоригжууллаа. Ялсандаа маш их баяртай байна. Дараа дараагийн тэмцээнд түүнтэй олон удаа таарах байх. Хэдийгээр ялсан ч өөрийн барилдаанаа сайн дүгнэж, алдаа гаргахгүйн төлөө хичээнэ ээ.
-Өнгөрсөн жил (2014)-ийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдсэн. Өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар дэвжээнд гарахын өмнө тэр ялагдал тань бодогдож байв уу?
-Тэр үнэхээр харамсалтай ялагдал. Одоо бодох бүрт муухай мэдрэмж төрдөг. Сая дэвжээнд гарахын өмнө тэр бүхнийг тас мартаж, аль болох сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээлээ.
-Том давааны ард гарч, медалиа энгэртээ зүүх мөчид юу бодогддог юм байна вэ?
-Их сайхан юм байна. Төрийн далбаагаа мандуулах мөчид төрж өссөн эх орон, төрүүлж өсгөсөн ижий аав, шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч нараараа л их бахархаж байлаа. Хэдийгээр дэлхийн аваргын дэвжээнд эгшиглүүлж чадаагүй ч сэтгэл дотроо төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэмцээний турш намайг дэмжиж, “Монгол, Монгол” хэмээн уухайлан дэмжсэн монголчууддаа их баярлалаа. Ялалт, ялагдлын бүхий л мөчид хамт байснаар нь бахархахгүй байхын аргагүй.
-Дэлхийн дэвжээнээс Ц.Мөнхзаяатай хамт хүрэл медаль авсан нь өөрт тань бүр их сайхан санагдаж байгаа нь мэдээж.
-Тэгэлгүй яах вэ. Манай тамирчдын хэнд нь ч олимп, дэлхийн аваргаас медаль авах нөөц бололцоо байна, авчихсан байхад гайхах зүйл огт байхгүй болчихсон байна хэмээн дүгнэж сууна, би.
-Хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы К.Мацумотод дийлдсэн. Түүнийг энэ жил (2015)-ийн “Чингис хаан” гран прид ялсан болохоор дахиад дийлнэ гэдэгтээ итгэлтэй байсан нь дамжиггүй.
-Их харамсаж байна. Түүнтэй дөрөв дэх удаагаа барилдаж байгаа нь энэ. Хожино гэдэгтээ итгэлтэй байсан.Даанч тактикийн алдаа гарган, ялагдлаа. Намайг сэжихээр нь шүүгчид хандахад Мацумотог торгосон. Гэтэл дахиад сэжихээр нь шүүгчид хандах гэж байгаад оноо алдчихлаа.
-Энэ тэмцээнээс медаль авах гол найдварууд болох Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нар тэмцээнээ өндөрлүүлсэн нь амжилтад тань хэр нөлөөлсөн бэ?
-Хоёулаа ДАШТ-ээс медаль авах бүрэн боломжтой тамирчин. Болдбаатар ахын хувьд их харамсалтай барилдаан боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, V байрт шалгарлаа. Яг түүнийх шиг ялагдлыг өнгөрсөн жил би амссан. Болдоо ах, Төмөрхүлэг хоёр дараа жилийн ДАШТ-ээс медаль авах байх.
-Энэ спортоор хэдэн настайгаасаа хойш хичээллэж байна вэ. Анхны багштайгаа учирсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Миний бага нас Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрсөн. Үе үеийн мундаг тамирчдын өлгий нутагт төрснөөрөө их бахархдаг. Би багын барилдах дуртай, бөхийн спортод их хорхойтой хүүхэд байлаа. Манайх 2003 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. 14 настайгаасаа “Би барилдмаар байна” гээд ааваасаа гуйж эхэлж билээ.
Багшийнхаа барилддаг байсан 57 кг-д зодоглож, үргэлжлэл нь болж яваагаараа бахархдаг.
Эхэндээ аав маань “Арай болоогүй ээ” гээд халгаагаагүй. Харин 14 настайдаа “Монгол охид” клубийн Ч.Бзарсүрэн, С.Эрдэнэбат багш нараараа энэ спортын “А” үсгээ заалгаж байлаа. Тэгж л энэ спортод хөл тавьсан юм. Өдгөө Х.Эрдэнэт-Од багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ базаж байна. Багшийнхаа барилддаг байсан 57 кг-д зодоглож, үргэлжлэл нь болж яваагаараа бахархдаг.
-Одоо хамгийн том даваа болох Риогийн олимп таныг хүлээж байна. Хоёр дахь олимпоо хэрхэн төсөөлж байна вэ?
-Риогийн олимп их ойрхон санагдаж байна. Өнгөрсөн жил (2014) медалиас мултарчихаад дараа жилийн тэмцээн мөн ч хол байна даа гэж бодогдож байсан юм. Гэтэл өнөөдөр ингээд медаль аваад зогсож байна. Их хурдан өнгөрч. Нүд ирмэхийн зуур л олимп эхлэх мөч ирэх бололтой.
Тиймээс формоо сайн хадгалж, өрсөлдөгчдөө судлан, бэлтгэлээ сайн хийж, хичээх хэрэгтэй. 57 кг эмэгтэйчүүдийн хувьд яг дундаж жин. Тиймээс өрсөлдөөн ихтэй. Миний хувьд намхан нуруутай тамирчдын тоонд багтддаг. Өндөр тамирчинтай барилдаад сурчихсан нь миний давуу тал.
Харин өөртэйгөө адил нуруутай тамирчинтай барилдах арга барилаа улам сайжруулж, техник, тактик, хурд хүчээрээ илүүрхэж барилдахын төлөө хичээнэ ээ. Юун түрүүнд 2015 оны сүүл, 2016 оны олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд амжилттай оролцож, олимпийн эрх авах нь чухал байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Б.Буяндалай eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Les absents ont toujours tort.