Байлгаагүй УЛСЫН ЭРЭЛД

ОРШИЛ

Баруун зүг, наран шингэх өрнө. Тэнд авралын од бий. Яагаад ч юм тал нутгийн догшин нүүдэлчдэд дорноос л аюул учирч, өрнө авар­сан байх юм. Дорныг сөрөн довт­логтун, ялагдваас өрнө зүгт одог­тун. Ийм бодол өнөөг хүртэл амь бөхтэй байна.

Хятадын анхны нэгдмэл төр улсыг байгуулагч Цинчүүд угтаа бол нүүдэлчдээс Хятадын хойд хилийг хамгаалах үүрэгтэй цэрэгж­сэн, морьт болоод тэрэгт цэрэг олонтой жижиг вант улс байсныг бодвол нүүдэлчдээс тариачдад уч­руулах дарамт Хүн нараас ч өмнө тун сүрхий байж. Бүр тусгай, цэ­рэгж­сэн халхавч улс байгуулсан нь хамгаалах тогтолцоо-систем бий болсны шинж юм.

Өрнө зүг зугтагсад удаан нас­лаж, өмнө зүгт нүүгсэд уусчихдаг юм аа гэхэд нүүдэлчид яагаад дорно зүг рүү, тэр тусмаа Хянганы уулсын дорнод бэл тал, Амарын сав, Манжуурын зөөлөн уур амьс­галт, сахлаг бэлчээрт тал, Амарын өмнө бие, өнөөгийн Өрөнгөө голын савын сахлаг бэлчээр, Тогоон төмөр хааны харамсан дурсдаг Шандугийн дулаан шар тал руу нүүдэггүй байсан юм бол? Энэ нутгаас Шар мөрний саваас төр улсынхаа төвийг алгуур Хөх мөр­ний савд шилжүүлсэн Хятадуудад сүрхий дарамт учруулж чадах бус уу? Энэ нь ч батлагдсан. Зүрчид, Манж нар яг эндээс Хятадын зүр­хэнд цөмөрсөн. Эрэмгий Төвдүүд шар мөрнийг даган давшиж Хан, Сүйг баруунаас шахамдуулж байв. Үе үе дорноос шахамдуулах ба эцсийн эцэст яг Халхын тал нутгаас л Хятадад том гай гамшиг учруулж байв. Гурван талаас бүслэгдсэн Хятадад Халхын тал нутагт төвлөн тогтногч нүүдэлчид сүйрлийн цо­хилт өгдөг байсан. Татарууд, Зөр­чидүүд, хожмын Манж нар боссон энэ нутгаас хүчирхэгжин өндийх боломж бий. Өнөөгийн Хятадын газрын зураг бол хоёр жигүүрээ найдвартай хамгаалан тэлсэн, гагцхүү Монгол л түрэн орсон хэлбэртэй. Тиймээс Хятадууд Мон­голыг тахианы нуруун дээрх чулуу гэдэг.

Түүхнээ монголчууд баруун Алтайгаас түрсэн төмөрчин Түрэ­гүүдэд ялагдсан тул дорно зүгт зугтаж олон зууныг үджээ. Тэгээд Түрэгийг өрнөдөд одсоны дараа уугуул нутагтаа Ононгийн савд зүтгэн ирсэн байна. Хөгшин Орхо­ны хөндий, эртний Хүн гүрний үеэс их гүрний төв болсон нутгийг эзэмш­дэг нэр хүндтэй, аядуу Хэ­рэйдтэй тулсан монголчуудын араас шалбалзуур татарын тасар­даггүй өсөрхөл, Зүрчидийн хорон явуулга салахгүй байжээ. Мон­голчууд Хэрэйдтэй эвийг хичээж, Татартай эвлэрэшгүй үзэлцэж бай­жээ. Тиймдээ ч Чингэс хааны өвөг дээдэс Хэрэйдийн хан өөрийн “анд” байгаасай гэж хүсдэг, Есү­хэйн хоёронтоо тэнхрүүлсэн Тоо­рил чухам яг тийм хүн мөн. Эцэстээ Зүрчид Татар муудалцах тэрхэн боломжид Тэмүжин Хэрэйдийг ятгаж Татарыг даржээ. Энэ бараг л хувь заяагаа, орших эс оршихоо “дээд тэнгэрээр заалгасан” хэрэг байж. Үүний дараа л нууц түүхэнд товчлогдсон 13 жилийн гачлант амьдралаа Татарын нутгийн хяз­гаар, Балжун нуурын намагт өнгө­рөөжээ. Хэрэв энэ хүнд цагт Тата­рууд хүчирхэг хэвээр байсан бол нууц товчоо тэр чигээрээ товчлог­дож, Хэрэйд, Татарын түүх үргэлж­лэх байв. XIII зуунд Халхад Хүн маягийн Хэрэйд, Түрэг маягийн Найман, Манж маягийн Татар бай­сан ба эдний дундаас Монголчууд цоо шинэ дэлхийн гүрний түүхээ эхлүүлжээ.

Юань гүрний дараа Хятадаас хөөгдсөн Монголчууд тал нутагтаа тэсэн үлдэх ёстой болов. Манай Орос зохиогчтой түүхэнд Хятадууд Монголчуудыг хорон явуулгаар хагаралдуулж, бүдүүлэг Монгол­чууд хямарч байсан гэж бичдэг болохоос яг үнэндээ Юань гүрний үеийн үлдэцээ, нэр нөлөөгөө ашиг­лаж Монголчууд ч Мингийн ордныг сүрхий хутган үймүүлж байжээ. Гуравдугаар хаан нь гэв гэнэт Монгол хүн гарч ирж, удаан хаан­чилснаар Хархорумаа дахин сүйт­гүүлж, хүндхэн байдалд орсон Монголчууд нэгэн жарны турш амсхийж, сэхээ авч чадсан юм.

Гэтэл өрнө зүгт шинэ “дайсан” гараад ирэв. Эндээс бол зохиомол түүх эхэлнэ.

ОРОСЫН НУУЦ ТОВЧОО

Түүхийн яг энэ үед бас л нууц үе гараад ирдэг. Ойрад гэж хэн бэ? БНМАУ-ын албан ёсны түүхэнд нөгөө Худуга бэхийн үеийн “ойн иргэний хойчис” гэж тайлбарлаж байна. Тэгээд эзэнт гүрний үед Ойрад байтугай Хэрэйд, Найман оргүй болсон, гэтэл хавьгүй жижиг Ойрадууд гэнэт сэргээд, Монгол­чуудаа иш мухаргүй хөнөөх ямар учиртайг бодохоор мухардчихаж байгаа юм. Жаахан урагшлаад үзье.

Өгэдэйн дараа их ор Тулуйн угсаанд шилжсэн. Судрын чуул­ганд “Өгөдэйд Сорхугтани бэхи хор өгсөн” гэсэн цуурхал дэгдсэн тухай тун тодорхой бичжээ. Гэвч Сорхуг­тани шиг ухаалаг хүн ийм бузар үйл хийхгүй гэдэгт тухайн үеийн ихэс дээдэс итгэж байв. Алтан орд Сорхугтанийг өмөөрчээ. Гагцхүү тэр цуурхал нь Өгөдэйн бэлэвсэн хатан Дөргөн улс даяар хааны угсааг Тулуйн угсаанд шилжүү­лэхээс сэргэмжилж их хядлага эхлүүлэх шалтаг болжээ. Засгийн эрхийн тэмцэл мэдээж ширүүн байсан. Дөргөн хатан том хүү Гүюгээ хаан болгожээ, Гүюг хаан болоод авга нартаа буулт хийж, эх хатны бүх алдааг шивэгчин Фати­мад үүрүүлж цаазалжээ. Гэвч хям­рал үргэлжилж Гүюг хаан өөрийн авга, Чингэс хааны отгон дүү Отчигин ноёныг цаазалснаар зөр­чил ахин дэвэрчээ. Энд бас асуу­дал бий, жишээ нь голомтоо отгон хүү сахих уламжлалаар голомт сахигч нь хааны отгон дүү Отчигин байх уу, отгон хүү Тулуйнхан байх уу гэдэг бас л асуудал мөн.

Үүний дараа Гүюг Зүчийн­хэн­тэй байлдахаар морджээ. Тэр өвөг Чингэс хаанаас эцэг Өгөдэй хаанд олгосон өөрийн эзэмшлийн нутгийг амжилттай өнгөрсөн ба хаан “өмч нутгаа эргэх” нь ямар ч ажиг сэжиг төрүүлээгүй юм. Гэтэл тэр гэнэт хязгаар давж Зүчийнхний нутагт давшин оржээ. Сорхугтани хатан л Батынханд байдал эвгүйцэж байгааг амжиж сануулсныг түүхэнд мөн л тодорхой бичжээ. Дайнд бэлэн бус Алтан орд үймж эхэлсэн ба Гүюг өөрийн эзэмшлээс дөнгөж гармагцаа учир битүүлгээр нас нөгчсөнөөр дайн болсонгүй.

Үүний дараа хамгийн ахмад ноёд, Алтан ордныхон өөрөөр хэлбэл, Зүчийнхний илгээсэн Бэр­хийн зүтгэл, дэмжлэгээр Тулуйн угсаа их ор суув. Гэвч эзэнт гүрний угсаа залгамжлагчдын зөрчил тасарсангүй, өрнөдөд Тулуй (Ил хаад), Зүчийнхэн (Алтан орд) ту­лал­даж, харин дорнодод Өгөдэй­хэн Цагаадайнхантай хавсарч Тулуйнхантай үзэлцэж эхэлжээ. Их хааны эрхээс салсан Өгөдэйн угсааг Хайду ван толгойлов. Хуби­лай түүнийг ялж чадаагүй ба Наян нарын бослого Хубилайн дараа­гийн хаадын үед л “намжсан” юм.

Гэхдээ энэ намжмал байдал Тулуйн угсааныхныг бүрэн дагас­наар бус, харин бие даан тусгаар­ласанд байна. Өөрөөр хэлбэл, хаан ширээний төлөөх тэмцэл эцэстээ Өгөдэйн хаант улс байх эсэхэд тулжээ. Албан түүхэнд энэ талаар тодорхой бичээгүй, өөрөөр хэлбэл, Өгөдэйн улс гэж байхгүй гэсэн тооцоод түүхийг үргэлжлүүл­жээ. Энэ хагарлыг орчин үеийн албан ёсны түүхэнд ердөө л “бос­лого” гэдэг, БНМАУ-ын түүхийн гурван боть хүрэн номонд “Хайду, Наян нарын бослого” гэсэн нэртэй бүтэн бүлэг бий. Тэгээд яах гэж боссон гэж? Гүрний төвийг Бээ­жинд шилжүүлсэн гэж үү? Энэ бол Оросууд Хятадын эсрэг суртал нэвтрүүлгийн зорилгоор бий бол­госон үндэслэл.

Хубилай хаан ширээг булааж аваад Хятад түшмэлийн ятгалгаар нийслэлээ Бээжинд шилжүүлсэн гэж зүхэгсэд олон. Гэвч Мөнхийн дараа хаан ширээг залгамжилсан Хубилай нийслэлээ Өгөдэйнхний дарамтанд ойр Хархорумаас Бээ­жинд шилжүүлснээр өөрийн угсаа­ны хаанчлах эрхийг баталгаа­жуулсан гэж үзэж болох уу? Чу­хамдаа Хархорум Хубилай, Хайду нарын дайны үед хамгийн их сүйдсэн. Өгөдэйхэн Хархоринд амархан орж ирэх чадалтай нь олонтаа харагдсан. Тэд нийслэлээ булаацалдаж байв. Чухамхүү Өгө­дэйн үед байгуулсан нийслэл учраас Хайду нарт Хархорум тун чухал хэрэгтэй, тэгээд ч Хүннүгийн үеэс хөгшин Орхоны хөндийд гүрний төв байсаар ирсэн. Гэхдээ гайтай нь Халхын тал нутагт Хайду нар бэхжиж чадахгүй байв, учир нь энэ бол Тулуйн өмчийн нутаг юм. Тиймээс Юань гүрний дунд үед Тулуйн угсааны хаад үндсэндээ Өгөдэйнхний дайралтаас хамгаа­лах төдийд ар талаа бэхэлж байв. Энэ бол яг Ил хаад, Алтан ордных­ны зөрчил л гэсэн үг.

Албан ёсны түүхэнд Юань гүрэн мөхсөний дараа Чингэс хааны дөрвөн хүүгийн угсаанаас Өгөдэйн­хэн гэнэт алга болчихсоны учир ийм юм. Өнөөг хүртэл түүхчид үүнийг “анзаараагүй”. Тодорхой хэлбэл, XX зууны Орос “угшилтай” түүхэнд дэх “нууцалсан товчлол”. Шинэ нууц товчоо. Ингээд Мон­голын түүх гажуудаж эхэлдэг.

БАЙЛГААГҮЙ УЛС БУЮУ ӨГӨДЭЙН ХААНТ УЛС

Юань гүрэн унасны дараа Ой­рад гэдэг “Монгол бус /түрэг/ гарал­тай байж магадгүй” аймгуудын холбоо зүүн Монголчуудтайгаа шалтгаангүй үзэлцэж эхэлдэг ба энэ нь “Бүдүүлгийг бүдүүлгээр барих” Мингийн бодлогын үр дүн гэсэн ганцхан тайлбар бий. Үнэн­дээ бараг Монгол-Ойрад хэмээх огт өөр нэртэй хоёр угсаатны зөрч­лийг албан түүхэнд тусгасан нь өнөөгийн Монголд “бага ястан” хэмээх ойлголтыг маш углуургатай суулгаж өгдөг юм. Харин манай ухаалаг түүхчид Ойрад гэдэг нэрийг “баруун Монгол” болгон эерүүлжээ. Энэ томъёолол тун оносон. Учир нь Өгөдэй, Тулуйн хаан ширээний тэмцлээр “Төв” монгол баруун, зүүн болон хуваагдсан юм.

Их хааны угсаа залгамжлалаас зайлуулагдсан Өгөдэйн угсаа­ныхан эхэндээ өөрийн улсыг бай­гуулах хүслээс илүүтэй их улсын орыг авах гэж дайтаж байжээ. Тэдний тулгуур нь Өгөдэйн угсаа­ныханд олгосон нутаг дахь Монгол овгууд. Албан түүхэнд ч Өгөдэйн угсааныханд Тарватай орчмын нутгийг олгосон гэж бий.

Жишээ нь, ойрадын дотор их хааны торгон цэрэг байсан торгууд багтсан ба яагаад ч юм ноёд нь Хэрэйд угсааныхан болчихдог нь гайхалтай. Яагаад хааны торгон цэргүүд “хаанаасаа” хол явдаг билээ? Тэр тусмаа Сорхутани бэх өөрөө Хэрэйдийн Жаха Хамбын охин тул хэрэв угшил баривал торгуудыг захирч байсан “Хэрэйд ноёд” хагаралдааны үед Тулуйн угсааг дагах ёстой. Бүр гайхалтай нь Хорчин хагаралдахад Хошуу­дууд баруун зүгт нүүн одсон ба тэд Хасарын хойчис, өндөр угсаатай атлаа Юань гүрэн мөхөхөд баруун зүгт ургаас салж нүүгээд Тоорил, магадгүй Худуга бэхийн угсааны захирсан ойрадын харъяат бол­дог. Энд нэг л юм болохгүй байгаа биз. Өөрөөр хэлбэл, Хасарын уг­сааныхан “боолынхоо боол” болох учиргүй.

Эндээс ямар дүгнэлт гарах вэ гэвэл Ойрад бол нэгэн үе эзэнт гүрний мэдэлд байгаад эзэнт гүрэн бутрахад толгой даах гэсэн Их монголын өмнөх үеийн овог айм­гуу­дын үлдэл, чөлөөт нүүдэлчин байдлаар Юань гүрэн ба Цагаа­дайн улсын хооронд эзэнгүй, дэл сул явсаар гэнэт хүчирхэгжсэн эртний аймгууд биш “Өгөдэйн хаант улс” байжээ. Түүнээс хоёр талд байсан хүчирхэг улс Юань ба Цагаадайнхан хэдэн зууны турш чөлөөт нүүдэлчдийг байлгаад байх учиргүй юм. Энэ “улс” хоёр талаас зөвшөөрөгдөн удаан оршсон бай­на. Энэ харанхуй товчоонд өнөөд­рийг хүртэл гэрэл тусгаагүй л бай­на.

Овгийн нэрээр хөөвөл Ойра­дын элкэн зүүн Монголын бүх овогтой давхцдаг нь өөр угсаатан ч биш, ойн иргэд ч биш гэдгийг батлана. Их хааны улсын ханлиг-аймгууд задарч хольцолдсон ба Монгол хэмээх шинэ хэт угсаатан нэгэнт бүрэлдээд байсан юм. Тор­гуудууд бол Нууц товчоонд дур­дагдсан Чингэс хааны торгууд мөн ­байж таарах үндэслэл бий. Тэд хаанаасаа хагацаагүй, Өгөдэй, Гүюг хааны угсааг дагаж улсад нь багтсан байна. Тулуйнхан Өгөдэйн торгон цэргээс Хасарынхны захир­сан хорчинг илүүд үзэж их хааны улсын түүхээс торгууд тусгаар­лагджээ. Бас нэгийг ажиглавал хааны торгон цэрэгт байсан хор­чингийн долоон овгийн хоёр нь Юань гүрэн унамагц баруун зүгт нүүсэн нь Өгөдэйн угсааг дэмжих эрмэлзэл Юань гүрний хааны ордонд ч амь бөхтэй байсных. Тиймээс торгон цэргийн хойчис мөн л Өгөдэй хааны угсааныханд очи­хоор зүтгэжээ. Хожим Тогоон тай­шийн үед Хошууд нэртэй болсон Хасарынхан (хошуудууд) Байвгас баатрын үеэс Ханхонгор ноёноор дамжин Хөндлөн увшийн үеийг хүртэл Ойрадын холбоонд нөлөө­тэй болсон авч өөлдүүд санаачилгаа буцаан авч чадсан билээ. Нөгөө л хааны угсааныханд Хаса­рын угсааныхан “гурав туслаж, гурав хорлоно” гэдэг аман түүх Ойрадад бас давтагджээ.

Яг энэ үед алдарт “Жангар” тууль зохиогдсон гэж таамагладаг юм билээ. Өөрөөр хэлбэл, “Жангар заяатай, Хонгор зоригтой” гэсэн санаа буй. Яг л нөгөө Нууц тов­чоонд “Чингэс хааны язгуур дээд тэнгэрээс заяатай төрсөн” гэдэг үзэл давхцаж байна. Өөрөөр хэл­бэл, хошууд бус Өгөдэйхэн улсыг захирах ёстой.

Одоо Орос түүхээс холдож, Монголоор сэтгэе. Эзэнт гүрний задрал их хааны хөвгүүдийн угсаа залгамжлах зөрчлөөс эхтэй. Энэ зөрчлийн явцад манай албан ёсны түүхэнд байгаачлан Өгөдэйн угсаа уусч алга болоогүй ба тэд эзэм­шил нутагтаа “улс” байгуулсан, тэр нь Ойрад. Өгөдэйн угсааны Хайду вангийн тэмцэл удтал үргэлжилс­ний учир нь тэд эзэмшил нутагтаа байсных. Хэрэв Тулуйн угсаа эзэм­шил нутгийг өөрт нэгтгэхийг эр­мэлз­вээс эцэг нь “эргэлзээтэй” Зүчийг эс тооцвол ахмад хүү бол­сон Цага­адайн хойчис зөвшөө­рөхгүй байв. Түүхэнд ч Цагаа­дайнхан ямагт Өгө­дэйнхний талд байсан нь хангалт­тай нотолдог. Өгөдэй Цагаадайг ихэд хүндэтгэдэг байсан тухай Судрын чуулганд бичжээ. Харин Зүчийхэн Өгөдэйн­хэнд жаахан таагүй байв.  Зүчийн­хэн Тулуйн угсаанд засгийн эрхийг авч өгсөний дараа Өгөдэй, Цагаа­дайнхан ойрт­жээ. Хааны гэрээс­лэснээр бол “Өөх­өнд боовч нохой тоохгүй, өвсөнд боовч үхэр тоохгүй” хүн төрсөн ч Өгөдэйнхэн хаан байх ёстой.

Ийнхүү Монголын Орос түүхээр Ойрад буюу ойн иргэдээс гаралтай аймгийн холбоо бий болж, тэднээс буриадыг салгаж нүүлгэжээ.

Чухамхүү Монголын түүхийн гурван ботийг “зохиож” байсан тэр үед Буриадыг Түрэг гаралтай гэж баталсан хүн бүр эрдэмтэн болж байсан юм. Харин өнөөдөр Буриад нь Хүннүгийн угсаа гэдэг албан ёсны түүх эрчимжиж байна. Ин­гэснээр Монголыг Монгол, Ойрад, Бу­риад гэх гурван өөр угсаа гарал­тай болгон салгасан ба Халимагууд нь Тоорил вангийн угсааны за­хир­сан аймаг болж хувирч байгаа юм. Үнэндээ Хэрэйд хасгийн гол най­ман овгийн нэг болсон юм. Одоо Оро­суудын зохиосон түүхийг бу­цааж няцаахад нэн хүнд. Олон хүн Ойрад бол “Өгөдэйн улс” гэвэл яг Орос маягаар салаавч тавих байх даа.

ОЙРАДУУД ХААН ШИРЭЭГ БУЛААЛДАХ ЁСТОЙ ЮУ?

Энэ хамгийн чухал асуулт. Их Монголын олон аймгаас Ойрад л ийм амбицтай байсан байж боломгүй. Тэгээд яагаад огт өөр гаралтай Ойрадуудын амбиц, Мон­голын хаан ширээний төлөө үхэн зүтгээд байсныг, “Чингэс хааны үр хойчистой тэрсэлдэн” зүтгэх ямар шалтгаан, эрхтэйг огт тоохгүй орхисоор иржээ. Хасарын угсаа бодоогүйг Ойрадууд яагаад хэрэг­жүүлэх гээд байгааг ч анзаарахгүй байна гэж үү? Хааны угсааныхны тайж цол Ойрадад яагаад адил атлаа жаахан өөрчилсөн “тайш” цол болж хувирсныг ч тайлбар­лахгүй явсаар байх болно. Тайш тайж бол хятад үг, Тулуйнхан Өгөдэйнхнийг хааны төлөөх амби­цаас салгахын тулд “тайш” хэмээн дорд байдлаар нэрлэжээ. Уг нь бол хааны угсаа мөн, гэхдээ хаан бо­лох эрхгүй гэсэн санаа энэ цолд буй юм.

Галдан хааны эцэг Баатар хунтайжийн үед яагаад Ойрадын тэргүүн тайш биш яг цөхүр хунтайж Цогт шиг “хунтайж” цолтой болж, Ойрадын эрхийг Хасарынхнаас буцааж авав гэдгийг анзаарахгүй цаашилсаар байх уу? Хасарын угсаанаас Ойрадын хаан ширээг авахад чухам энэ “тайж” цол хэрэг­тэй. Ойрадын бусад аймагт тайж байхгүй юм. Нөгөө талаас энэ үеэс цорос бүдгэрч “өөлд” хэмээн шинэ овог түүхэнд тодорно. Баатар­хунтайж уламжлал ёсоор хошуу­даас хатан буулгав. Их хаад хор­чин, хошуудаас хатан буулгах нь ёс байжээ, тэр ч байтугай Манж нар их хааны тамгыг олсон гэх цуурх­лын дараа Их хатнаа заавал хорчин боржигин овгоос буулгах хууль тогтоосон нь захирах эрхээ баталсан хэрэг. Энх-Амгаланг хүртэл эх талаа хөөвөл Манжийн хаад айсингрү овогтой ч Монгол цустай болчихоод байсан юм. Галдан, Өндөр гэгээн, Канси бүгд л эх талаар холбогдсон “хамаат­нууд”.

Өнөөдрийг хүртэл Баруун Мон­голын хаад Худуга бэхийн угсааны өөлд, цорос болох талаарх улам л олон эрдэм шинжилгээний ажлууд гарсаар байх болно. Яагаад Өвөр Монголд ч Ар Монголд ч дөрвөд байгааг, энэ хоёр дөрвөдийн аль нь Нууц товчоонд гардаг дөрвөд болохыг ойлгохгүй эргэлзсээр байх болно. Тэгээд эцэстээ Худуга бэ­хийн үрийн үр Галданг хаан ши­рээний төлөө тэмцсэн харь этгээд мэт үзсээр л байх болно. Харин Зүүнгарын хаант улс нь хожмын Өгөдэйн хаант улс гэвэл асуудал огт өөрөөр эхэлнэ.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛЧУУДАД

Коммунизмын жилүүдэд түүх дангаар оршин байсангүй, үзэл суртлын хэрэглүүр болж байжээ. Оросуудыг өрнийнхөн бүдүүлэг гэдэг авч үндэсний бодлогын хувьд гарамгай улсууд юм. Оросууд оюун­тай, азийнхан аргатай гэж ярьдаг үнэн. Чухамдаа тэр үеийн түүхийн номлолоор Монголчууд 70 жил үндэсний далд хагаралтай явж ирсэн байна.

Тэр нь жинхэнэ Монгол их Халх ба “бага ястан” баруун аймгийнхан. Коммунистууд л ястан гэдэг ойлголт бий болгосон байдаг. Ингэхдээ баруун Монголыг Оросоос огт өөр угсаа, гаралтай Кавказын үндэс­тэнүүдтэй зүйрлэж “бага ястан” гэдэг ойлголтыг шингээсэн байх юм. Дээр нь Халхын шовинизм гэгчийг нэмэх гэж оролддог байсан. Гэвч Халхаас огт асуудал гардаггүй байв. Өнөөдөр урвагч Занабазар, эх оронч Галдангийн дүрийг сөр­гүүлэх коммунизмын үеийн хэ­нээрхэл үе үе илэрдэг. Тэгээд Галдангийн түүхийг товойлгох шалтгаан нь төрийн эрхэнд баруун аймгийнхныг Оросууд гаргаснаас үүдэлтэй гэх хардлага тархаах гэж оролддог байж. Түүхийн нарийвч­лал байхгүй ба яагаад Халхын болон Зүүнгарын удирдагчид адил­хан хошуудаас эхнэр буул­гасныг мартуулчихдаг. Гэвч энэ хөгийн үзэгдлүүд асар хурдацтай устаж байгаа нь сайшаалтай. Үн­дэстнийг хараат байлгах, хуваа­гаад захирах Оросын (Зөвлөлтийн гэвэл илүү зохих байх) бодлого 20 жилд үндсэндээ устаж байна. Гэхдээ өнөөдөр “эрлийзийн” эрин эхэлж байгаа нь аль зүгээс эхтэйг анхааралтай ажиглах ёстой байх.

Энэ мэт засвараас гадна суурь онолыг өөрчлөх шаардлагатай болсон байна. Коммунист фор­мацийн онол ёсоор “Овгийн бай­гууллаас 2000 жил салж чадалгүй феодалын түрүү үед явж байсан Монголчууд” дэлхийг яаж захирч чадав? Хүннү, Түрэг ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, хөгжлийн доод түвшинд буй угсаатан илүү өндөр хөгжсөн үндэстэн улсуудыг яаж хэдэн зуун жил захирав? гэдэг нотолгоогүй юм. Үүнийг профессор Д.Чулуунжав маш нарийн ажиглаж, Монголын түүхийн үечлэлд Мон­голыг өөрийг нь дорд үзсэн ноцтой алдаа байгааг илчилсэн юм. Тэ­рээр Монголын түүхийн онолын үндэслэл нь огт түүхч биш, хэл шинжлэлийн эрдэмтэн В.Я.Влади­мирцовын бүтээлээс эхтэйг шүүм­жилж байна.

Ахиад лавшруулбал “Илүү хөг­жингүй орнуудын “администратор” давхрага буюу түшмэлийг өөртөө үйлчлүүлснээр л бүдүүлэг үндэст­нүүд ноёрхлоо хадгалдаг ба яваан­даа илүү хөгжингүй иргэншилд уусан мөхдөг” гэсэн онолын гаргал­гаа нь ч мөн л Монголын түүхэнд таардаггүй хэрнээ байж л байдаг. Хятадын соёлыг шохоорхсон нүү­дэл­чид үргэлж давуу соёл иргэн­шилд уусдаг тухай нотолгоо Кида­наас эхлээд Тобаг хүртэл, өмнөд Хүннүгээс зүүн Түрэгийн түүхэнд хүртэл бий. Тэгээд яахаараа Хята­дад болохоор уусаад байдаг, өр­нө­дөд очихоороо сэргэн мандаад байдгийг тайлбарлаагүй. Учир нь өрнийн түүхийн судалгаа өндөр түвшинд хүрсэн байв.

Чухам дээрх үндэслэлээр Хята­дын өнөөгийн суртал нэвтрүүлэгт Их Монгол Улсын түүхэнд Кидан угсааны Елюй Чу Цайн үүргийг илэрхий өргөх хандлага ажиглагд­даг. Өөрөөр хэлбэл, Чингэс хааны байлдан дагуулал бол өөрийн авьяас билиг бус “илүү хөгжсөн төрийн бодлогын үр дүн”, бүр на­рийвчилбал Хятадын төрт ёсонд нэвтэрсэн Елюй Чу Цайн нөлөө гэх хандлага илэрхий ажиглагдаж байна. “Чингэс хаан бол бичиг үсэггүй бүдүүлэг” гэх дүгнэлтүүд жишээ нь Ж.Неругийн номд ч буй.

Үүнээс гадна Монгол-Ойрадын цуст тэмцлийн тухай үндэслэлгүй суртал манай түүхэнд бүрэн нэв­шээд байгааг сая тодруулахыг оролдлоо. Надад түүхийн диплом байхгүй учраас  даруу зан гаргах хэрэгтэй байх. Гэхдээ зориглон бичихэд түүхээ эргэн шүүж үзэх цаг ирж байна. Үзэл суртлын хавсарга байдлаар бичигдсэн түүхээ ант­ропологи, хэл шинжлэл, археологи гэх мэт олон арван шинжлэх ухаа­ны нотолгоогоор бодит байдлаар дахин бичихгүй бол хуучин түүхийг маань Хятадууд, орчин үеийн түүхийг маань Оросууд бичиж өгсөн байна. Үүнийг судлаач Д.Ган­хуяг харж, оновчтой хэлсэн. Тий­мээс Монголын түүхийг зөвхөн орос бус хятад, араб, перс өрнийн хэл дээрх сурвалжаас өргөтгөх шаард­лагатай болж.

Түүхээ яаралтай Марксист фор­мацийн онолын үечлэлээс салгах­гүй бол урд зүгт коммунист улс хүчирхэгжиж, гадаад улс төрийн суртал нэвтрүүлэг нь улам бүр хүчтэй болж байна. Лав л ажиг­лахад ЗХУ-ыг задарсаны дараа Хятадын албан ёсны суртал нэвт­рүүлэгт “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” тов­чоор хэлбэл Ү-күний түүх их ашиг­лагдаж байсан. Баталгаатай мэ­дээ­гээр Тан гүрний үед гарцаагүй Хятадынх байсан 90 гаруй мянган км.кв нутгийг Казахстанаас Хята­дууд авсан байх юм.

Судлаач Д.Ганхуяг энэ зун хи­чээн “Нийгэм-түүхийн онолууд” ерөнхий гарчгийн дор зургаан цуврал өгүүлэл бичиж “www.ganaa.mn” сайтдаа гаргасан нь гайхалтай оновчтой бөгөөд оюуны чадал харуулсан даацтай бүтээл болсон байна. Лав л надад “Иргэншлийн онол” илүү бо­ловс­ронгуй бөгөөд Монголд таарах суурь онол мэт санагдсаныг хэлэх юун. Гэтэл А.Тойнбийн “Түүх” ном орчуулагдаад, 500 хувь хэвлэгдээд, худалдаанд гараад бараг таван жил болж байхад борлож дуусаа­гүй байгааг харвал энэ санаа маань ойрд хэрэгжих нь юу л бол, харамсалтай л байгаа юм. Тиймээс харааж бах таваа хангахаас урь­таж түүхээ нэг санана уу гэж хүсэх байна.

Тусгаар тогтнолын 100 жилийн ой ойртож, бүр нэн шинэхэн түү­хийн шинэ баримтууд ч маргаан дэгдээж байна. Зөвхөн XX зууны түүхийг ч бус бүхий л улсын түү­хийг, Монгол үндэстний түүхийг огт өөрөөр бичих цаг болжээ гэвэл та зөвшөөрөх болов уу. XX зууны түүхийн хувьд ядаж Баабарын “Нүүдэл суудал, гарз олз” байгаа нь яамай.

Баатархуяг А


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих