Н.ЭНХБАЯРЫГ БАЙЦААХ АЖИЛЛАГАА

olloo_mn_1470615677_1459128525_enkeeӨнгөрсөн баасан гарагийн үдээс хойш МАХН-ын хэвлэлийн албанаас Н.Энхбаярын барихаар албаныхан ирлээ гэсэн мэдээлэл нийтэд цацав. Гэвч албаныхан түүнийг баривчлахаар ирээгүй байж.

Харин АТГ-ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ өдөр түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулсан байна.

Дээрх үйл ажиллагааны талаар Н.Энхбаяр “Мэдээж намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад ороод “Н.Энхбаяр дарга намайг дарамталсан” гэх ярилцлага өгөөд гүжирдэж байна. Би Г.Шийлэгдамбаас хувьдаа нэг ч төгрөг авч үзээгүй. Гэтэл би түүнээс мөнгө авсан юм шиг, намайг Г.Шийлэгдамбын хийсэн ажилтай хамаатуулж байна. Тэр мөнгө нь 50 мянган ам.доллар гэж байгаа юм. Тэр надад ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдэв.

АТГ-аас зургаан удаа дуудаж, өмгөөлөгч олж өгсөн ч Н.Энхбаяр очоогүй. Иймээс тэд ажлын байран дээр ирж байцаах ажиллагаагаа явуулсан байх.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй байдаг. Гэвч Н.Энхбаяр очихоос татгалзаж, АТГ-ынхан МАХН-ын байранд ирж Н.Энхбаярыг байцаав.

Н.Энхбаярын ялтай хугацаа ирэх жил дуусна. Тодруулбал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263,2 зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн шүүхийн 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-нд гарсан. Ялтай байдал энэ өдрөөс эхлэн таван жил үргэлжилнэ. Энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд 2017 оны наймдугаар сарын 2-оос эхлэн Н.Энхбаярыг ялгүйд тооцох хуультай” гэсэн.

Гэвч тэр ийнхүү АТГ-т дуудагдаж, байцаагдаж эхэллээ. Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй юм” гэсэн.

Гэхдээ Н.Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн очиж мэдүүлгээ өгөх үүрэгтэй гэдгээ мартсан бололтой. Энэ талаар үг унагасангүй. Хэлмэгдүүлэлт, зохиомол хэрэг аль нь ч байсан иргэн хүн хуулийн байгууллагын шаардлагыг хүлээн авч, очих үүрэгтэй…

П.УНДРАМ
Оллоо.мн

URL:

Нэр: Зочин Огноо: 10 August 2016

Ундрам гэж нэг муу авгай хэнээс хэдийг авчихаад хуцаад байгаа юм болдоо. АТГ одоо болноо. Бусдыгаа шалгаачээ. С.Баяр, Баярцогт гэсэн хулгайчдаа шалгаачээ. 60 тэр бумаа, Эрдэнэтээ, Оюу толгой, таван толгой гээд шалгах асуудал монголоор дүүрэн байна шүү дээ. Энхбаяр гэдэг нөхөртэй л тэмцээд байх юм. АТГ нэрээ ЭТГ гээд өөрчилсөн нь дээр юм бишүү

Сэтгэгдэл бичих