Америкийн монгол муж
Монгол дахь гадаад улс гүрнүүдийн бодлого хоёр хөршийн маань анхаарлын төвд байдаг нь маргаангүй хэрэг. Ялангуяа АНУ-ын Монголтой холбоотой алхмууд ихээхэн дуулиан тарьж, хөрш орнуудын судлаачдын дүн шинжилгээний нэгээхэн хэсэг болдгийг доорх ярилцлага уншигч танаа тодорхой харуулна.
ВАШИНГТОН ЯАГААД УЛААНБААТАРЫН “САЙН НӨХӨР” БОЛОХЫГ ХИЧЭЭХ БОЛОВ
АНУ нь Орос, Хятадтай адил түвшинд Монголын гурав дахь сайн нөхөр болохыг зорьж байна. Ингэхдээ Улаанбаатарт Москва, Бээжин хоёрын аль нэгийг сонгохыг уриалсангүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Төв Азийн орнуудаар албан ёсоор айлчлахдаа энэ тухай мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлэв.
Америкийн Төрийн департаментын тэргүүн Монголд зургадугаар сарын 5-ны ням гарагт айлчилснаар аяллаа эхэлж, Монгол маршрутынх нь эхний орон болов. Үүнээс өмнө Керри Монголд хэзээ ч ирж байгаагүй. Өөрөөр хэлбэл АНУ-ын гадаад эдийн засгийн байгууллагын тэргүүний хувьд хийсэн анхных нь айлчлал энэ байлаа.
Өрнөдийн хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатарт буугаад Монголын ГХЯ-ны сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзсан байна. Америкийн хөгжлийн агентлагийн (USAID) хэрэгжүүлж байсан “ардчиллын болон улс төрийн үйл явцад иргэдийн оролцох оролцоог дээшлүүлэхэд” чиглэсэн төслийг татан буулгав. Мөн түүнчлэн Монголын уламжлалт наадмын сурын харваанд амжилт үзүүлсэн гэх.
Гэвч хамгийн ихээр шуугиулсан зүйл нь мэдээж түүний энэхүү хязгааргүй тал нутаг, уулс, нууруудын орныг “ардчиллын баян бүрд” хэмээн өргөмжилсөн явдал юм.
“Та бүхний нэг талд Хятад улс, нөгөө талд Орос улс байна. Тиймээс та бүхэн байнгын дарамтад оршиж байгаа ч гэсэн та нар ардчиллын баян бүрдийг бүтээж чадсан. Та бүхэн үндэстнийхээ оршихуйн төлөө тэмцэж байгаа” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлжээ. Тэрээр цаашлаад Америкийн эрх баригчид Монголыг “Орос, Хятад, эсвэл өөр хэн нэгнийг сонго” гэж шахахгүй гэжээ. “Энэ бол бидний та бүхнээс хүсч байгаа зүйл биш. Бидний хүсэл бол бүрэн ардчилал руу тэмүүлэх хөдөлгөөн юм” гэсэн байна.
Америкийн гадаад бодлогод Азийн чиглэл улам бүр тулгамдсан асуудал болоод байгаа нь нууц биш билээ. Санаа зовоож байгаа өөр нэг зүйл байна. Вашингтоны төлөөлөгчид хаана “ардчилал” гэсэн үгийг чангаар хэлнэ тэнд нь удалгүй ямар нэгэн таагүй зүйл заавал тохиодог.
Монгол дахь АНУын идэвхжил ямар шалтгаантай байж болох талаар “СП” сонинд түүхийн ухааны доктор, Дорно дахины судлалын сургуулийн захирал Алексей Маслов ярьжээ.
АЛЕКСЕЙ МАСЛОВ: ОБАМА АЗИЙГ АЛДСАН СУЛ УЛСТӨРЧ ГЭСЭН ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА
-Монгол дахь АНУын идэвхжил ямар шалтгаантай вэ?
-Энд хоёр хүчин зүйл байж болно. Нэгд дэлхий нийтийн, нөгөө нь бүс нутгийн. Сүүлийн хэдэн жилд, Обамаг АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш АНУ нь Ази дахь, тэр дундаа Төв Ази дахь байр сууриа алдаж эхэлсэн.
1990-ээд оны үед америкчууд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад амжилттай ажиллаж байсныг сануулмаар байна. Жишээлбэл, Киргизид гэхэд Манас нисэх онгоцны буудлыг нь хянаж байсан бол Тажикистанд ч дутахааргүй байр суурьтай байсан. Эдгээр нь АНУын хувьд Төв Ази дахь улс төрийн төдийгүй цэргийн чухал бааз суурь нь болж байв.
Гэвч Обамагийн үед тэд оролцоогоо багасгасан. Миний бодлоор бол тус бүс нутаг дахь АНУын нөлөө мэдэгдэхүйц унасан. Үүнээс үүдэн барааны болон санхүүгийн урсгалыг ч хянах чадваргүй болсон. Тэгвэл энэ чиглэлд Хятад болон Орос улс идэвхтэй нэвтэрч эхэлсэн. Харин сүүлийн өдөр хоногуудаа өнгөрүүлж буй АНУ-ын засаг захиргааны хувьд эерэг үнэлгээтэйгээр явах нь нэн чухал.
Ерөнхийлөгчийн хувьд мэдээж тодорхой хаашаа ч алга болохгүй. Мэдээж Обама Азийг алдсан сул улстөрч гэсэн шүүмжлэлд өртөхийг хүсэхгүй байгаа нь тодорхой. Тиймээс Керригийн айлчлал болон түүний мэдэгдлүүд нь зөвхөн гадаад ертөнцөд төдийгүй мөн дотооддоо зориулагдсан зүйл билээ.
-Монгол дахь АНУ-ын ашиг сонирхол юу вэ?
АНУ бол урт хугацааны турш Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг байв. 1990-ээд оны үед томоохон тоглогч болох ЗХУ Монголоос гарсны дараа ЗХУ Монголын хамтран байгуулсан олон аж ахуйн нэгжүүдийг Монгол Хятадтай ч, АНУтай ч хамтран ашиглах болсон. Жишээлбэл, зэс молибдений боловсруулалт байна.
Монгол нь ашигт малтмалын хувьд бол маш сонирхолтой объект зэс, молибден, вольфрам, нүүрс, алт гээд олон зүйл бий. Мөн хямд ажиллах хүчин. Хямд бөгөөд экологийн хувьд цэвэр хөдөө аж ахуй. Хүн амын сийрэг суурьшилт. Тэгэхээр энэ улс орныг болон хүн амыг нь авч явахад шаардагдах хөрөнгө санхүү тийм их биш гэсэн үг.
Тэгээд мэдээж газар зүйн өвөрмөц байрлал. Монгол бол Орос, Хятадын хооронд бараа тээвэрлэхэд хамгийн ашигтай орон. Өнөөдөр манай тээвэр ихэвчлэн Оросын Алс Дорнодоор буюу асар ширүүн уур амьсгалтай газар нутгаар дамжин хийгдэж байгаа.
Тэгвэл Хятадаас Орос руу Монголоор дамжуулан тээвэр хийвэл хүн ам шигүү суурьшсан Забайкальск муж руу шууд хүргэх боломжтой байгаа юм. Дээр нь энэ нь Оросын төв хэсэгт хамаагүй ойрхон болохоор бас нэг нэмэх болж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ зам нь тээврийн зардлыг хэмнэнэ, мөн үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчид хүргэх боломжийг нээж байгаа билээ.
Тиймээс Монголд өөрийгөө зах зээл дээр үнэ хүргэн зарах томоохон боломжууд бий.
Дашрамд дурдахад өнөөдөр ч олонхи монголчууд ЗХУ-тай нөхөрлөж байсан үеэ халуун дулаанаар дурсдаг бөгөөд ОХУ-тай бүрэн дүүрэн харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээхийг идэвхитэй дэмждэг. Ингэх болсон энгийн нэг шалтгаан буй. Тэд Хятадын ч, АНУ-ын ч хатуу чанд нөлөөн дор оршихыг хүсэхгүй байгаа.
Шинэ үеийнхэн нь болохоор хамгийн гол нь худалдааны ашиг гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс талуудын алинтай нь ч хэт их ойртохгүйгээр өөрийн нөөц баялаг, ажил үйлчилгээгээ идэвхитэй зарж борлуулж болох юм. Нэн тэргүүнд, тээврийн үйлчилгээгээ.
- Энэ бүхэнтэй “Ардчиллын баян бүрд” хэмээх тодотгол хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байна?
-Миний үзэхэд Керригийн ардчиллын тухай мэдэгдлүүд нь Монголд юу болж байгаа болон энэ орон юуг хүсээд байгааг огт мэдэхгүй байгаагийн илэрхийлэл. Бид АНУын гадаад бодлого сайтар нягтлагдан боловсруулсан зүйл гэж бодоод сурчээ. Гэвч Керригийн магтаал нь өнөөгийн Монголд тулгараад байгаа асуудлууд, түүний эрмэлзлээс тэс зөрсөн зүйл юм.
Тиймээс мэдэгдэл нь бухимдал төрүүлэх нь байтугай тохуу болоод өнгөрсөн хэрэг. Өнөөдөр Монгол улс тэс өөр асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Нэн тэргүүнд нийгмийн тогтвортой байдлын асуудал тавигдаж байна. Мөн шинэ төрлийн боловсон хүчнийг бэлдэх асуудал. Технологийн шинэчлэл. Энэ талаас нь авч үзвэл боловсролын хэлхээ холбооны хувьд Орос, Хятад нь АНУ-аас илүү гүн Монголд нэвтэрч чадсан.
Хамгийн наад зах нь гэхэд Монголын газар нутаг дээр Оросын их дээд сургуулиудын салбарууд ажиллаж байна, гэтэл Америкийнх огт байхгүй. Монголд иргэдийнх нь бүхэл бүтэн үе орос хэлээр төрөлх хэл шигээ ярьдаг. Олон хүний хувьд орос хэл нь хоёр дахь хэл нь болсон байдаг. Тэгээд үүнийг хэвийн үзэгдэл гэж үздэг. Бодитойгоор харах юм бол Керригийн энэхүү аялал нь Азийн орнуудтай Орос улс харилцаагаа сэргээсэн үр дүнгээр хийгдсэн гэмээр.
-Та тодруулахгүй юу?
-Миний бодлоор 2014 он, мөн 2015 оны эхэн үед Оросын Азид явуулсан бодлого амжилтад хүрээгүй. Учир нь бид бүх бооцоогоо Хятад дээр тавьсан байсанд оршино. Тэгэхдээ Хятадыг улс төрийн холбоотон хэмээн бооцоо тавьсан болохоор эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх боломж бидэнд байгаагүй.
Хамгийн сонирхолтой нь Москвагийн Бээжинтэй хэл амаа олох гэсэн эв дүй муутай оролдлого АНУд таалагдаж байсанд оршино. Гэхдээ Орос өөрийн алдааг олж харж, хурдан засч сурсан л даа. Тиймээс 2015 оны зургадугаар сараас манай гадаад бодлогод Азийн орнуудтай харилцах бодлогын өөрчлөлтүүд хийгдсэн. Орос улс өнөөдөр Хятадыг цорын ганц түншээ гэж түшихгүй байгаа. Тэр улам их цаашлаж Монгол, АСЕАН руу нэвтэрч, Японтой хэлэлцээр хийж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, олон векторт дипломат бодлогыг баримталж байгаа.
Хоёрт, Орос улс хамтын ажиллагааны эдийн засгийн агуулгыг илүү гүнзгий хөндөх болсон. Өөрөөр хэлбэл, тоогоор хэмжиж болох зүйлсийн талаар барааны эргэлт, эсвэл хөрөнгө оруулалт. Зарчмын хувьд бол энэ хэл нь Азид хамгийн ойлгомжтой хэл билээ.
Тэгээд эцэст нь Орос улс тодорхой төсл үүдийг хэрэгжүүлэх хүртэл түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийр үүллээ. Өөрөөр хэлбэл “бизнес тү бизнес” хийх болсон. Энэ бүхэн нь сүүлийн 5-7 долоон жилд барааны эргэлтийг өөрчлөөд зогсохгүй Ази дахь Оросын байр суурийг тодорхойлох болно гэж би хувьдаа үзэж байна. Мэдээж дээрх бодлогоо эцэст нь хүртэл баримталбал шүү дээ.
Үйл ажиллагааны иймэрхүү тодорхой байдал америкчуудын бухимдлыг төрүүлж байгаа бололтой. Тэдэнд Орос улс Азид хоосон ярьсан хэвээрээ байх нь илүү ашигтай байсан бизээ. Ийнхүү бидний үйл ажиллагаа тодорхой болоод ирэх үед Керригийн айлчлал гараад ирсэн. Гэвч дээрхи сонин мэдэгдэл нь АНУ өөрөө ч Азитай харилцаагаа шинэчлэхэд бэлэн биш байгааг харууллаа.
-Тэглээ ч Монголд бэхжин батжих боломж хэнд нь илүү их байгаа вэ?
-АНУ-ын бизнесийн хувьд аваад үзвэл тэд хөл дээрээ баттай зогсч байгаа. Харин улс төрийн тухайд бол Хятад болон Орост илүү их боломж бий. Монгол энэ хоёрын дунд хавчуулаастай байна. Өнөөдөр Монгол Улс улс төр, эдийн засгийн үндсэн төсөл болгон “Талын зам” төслийг маш идэвхитэй урагшлуулж байгааг сануулмаар байна.
Мөн чанартаа бол энэ нь Орос, Хятадыг холбосон тээврийн магистралиуд юм. Тэгвэл энэ хоёр оронтой харилцаагаа бэхжүүлэхгүйгээр дээрхи төсөл хэрэгжих боломжгүй гэсэн үг. Харин АНУ энэ төслийн тухайд Монголд хэрэггүй. Ингэхээс ч аргагүй. Учир нь Монголын эдийн засаг бүхэлдээ хөрш хоёр орноос нь хамаарч байна.
Түүний газар зүйн байрлал нь Орос, Хятадаар дамжуулахаас өөрөөр баялгаа гадагш гаргах боломжгүй болгож байгаа. Хүдэр зэсийг онгоцоор тээвэрлэхгүй шүү дээ, тэгээд ч ашиггүй. Тиймээс Монголын хувьд мөнгийг бол бүгдээс нь аваад, харин Орос болон Хятадтай харилцаагаа бэхжүүлэх нь чухал байгаа юм.
Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын институтийн тэргүүлэх судлаач Владимир Гайворонский 2017 онд АНУ болон Монгол улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно гэж сануулав. Тэрбээр “Мэдээж энэ бол тийм их хугацаа биш. Тэгсэн ч америкчууд зөвхөн саяхнаас л энэ орныг жинхэнээсээ сонирхож эхэлж байна.
Сүүлийн үед америкийн компаниуд ашигт малтмалын орд газруудын ашиглалтын тендерүүдэд идэвхитэй оролцож байгаа. Гэвч миний бодоход Монгол нь АНУ-ын хувьд эдийн засгийн гэхээсээ илүүтэй геополитикийн ач холбогдолтой. Орос, Хятад гэсэн их гүрнүүдийн дунд байрлах стратегийн өвөрмөц байрлалаараа илүү чухал. Харин АНУ бол энэ хоёр их гүрэнд зүгээргүй. Тиймээс тэд энд ажиглалтын төв байгуулж, нөхцөл байдлыг хянахыг хүсч байгаа бизээ” гэв.
Гэвч Монгол ийм зүйл хийх болов уу даа.
Эх сурвалж: svpressa.ru
Т.Ананда
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Gol sanaa ni strategiin asuudal shdee, Bidend 2 horshoos ilyy bololzoo baihgui ,,,umiig zov tungaan bodoh baih gej naidaj l bna, tord baigaa hymyys zaluu, nariin um, ireeduin tuhai muu toloololtei baigaa um shig sanagdaad baigaa um, amerikiig ih dagaval yneheer hezee neg zagt sonodog umdaa