Tоормос ажиллагаагүй болсноос осол гарчээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 1-ний өдөр “Нортбенз” маркийн ….. улсын дугаартай 40 тоннын даацтай ачааны автомашин иргэн М-ийн дэлгүүрийг мөргөсөн зам тээврийн ноцтой ослыг гаргалаа. Энэхүү ослын улмаас долоон иргэн нас барсан бөгөөд дэлгүүрт худалдагч хийж байсан А, автомашины жолооч А, тухайн автомашины кабинд хамт зорчиж явсан З, М, тээврийн хэрэгсэл осолдох үед явган хүний замаар зорчиж явсан Ц, Т, Б нар дайрагдан нас баржээ. Мөн жолоочийн хамт зорчиж явсан М биедээ хүнд гэмтэл авч тус аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байна.

1201608031470221707

Жолооч М нь Булган сумын Ярантын боомтоос 50 тонн цемент ачиж, Өлгий сум руу Шар нуурын хөтлөөс уруудан орж ирэх явцад хөтөл дээрээс тээврийн хэрэгслийн тоормос нь ажиллагаагүй болсны улмаас машинаа зогсоож чадаагүй нь осол гарах шалтгаан болжээ.

Осол гарсан газар нь Улаанбаатар хот, Ховд аймгийн чиглэлээс аймгийн төв рүү орж ирэх гурван замын уулзвар юм байна.

Уг ослын үеэр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч гурван машинтай, цагдаагийн 55 алба хаагч, таван машинтай, Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 алба хаагч болон хүнд техникийн таван автомашин зэрэг нийт 120 албан хаагчдын бүрэлдэхүүн 13 техник хэрэгсэлтэй ажиллажээ.


URL:

Сэтгэгдэл бичих