Монгол хар тамхины наймааны хар зах боллоо

-16102014-1413431587-1718529498-har_tamhi1-153519-1135956461/Энэхүү нийтлэлд таны сэлгэлзүйд нөлөөлж болохуйц зураг байгаа болно/

Бие организмд архины шарталтаас 60-80 дахин илүү хүчтэй нөлөө үзүүлдэг, нийт хэрэглэгчдийн дөнгөж тавхан хувь нь эдгэрч, мансуурахаас татгалздаг хар тамхины аюул Монголыг тэр чигт нь нөмөрчээ. Биднийг хар тамхи худалдсан, борлуулсан залуус баригдлаа, цагаан тахлын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдлээ гэсэн хуурай мэдээ, анхааруулга хийхчээ аядан, нэг мунгинаж, нэг зүүрмэглэж суух зуур Монгол Улсад хар тамхины хар зах аль эрт “нээгдчихжээ”. Тэр хар захын үйлчлүүлэгчид нь зөвхөн залуус гээд бод доо.

Улаанбаатарт нэг хоногт 10 сая төгрөгийн мансууруулах бодис худалдаалагддаг гэсэн мөрдөгчийн яриаг анх сонсоод шүүрс алдаж явсан сурвалжлагч миний бие баримт мэдээллээ нэгтгэх сүүлийн шатанд гэнэн, хуймгай бодсоноо ухаарсан. Монголд, тэр дундаа Улаанбаатарт мансууруулах бодисын худалдааны орлого хоногт 10 сая бол юу ч биш. Энэ бол чинээлэг айлын хэдэн эрх охид, хөвгүүд нэг дор зогсоод л “залгичихдаг” мөнгө юм билээ. Хар тамхийг ингэж хэрэглэдэг залуус манай улсад арваар, зуугаар биш мянгаар л яригдана.

Манайхны мансууруулах бодисын гол хэрэглээ нь “өвс” болон “мөс”. Морфин тарьж хэрэглэдэг хэсэг ч бий. Тэд бол цөөхөн. Эдгээр мансууруулах бодисын хамгийн хортой, хүчтэй нөлөөтэй, өндөр өртөгтэй нь “ice” буюу “мөс”. “Мөс”- ний хэрэглээ залуусын дунд маш хурдтай нэмэгдэж байгааг албаны хүмүүс толгой сэгсрэн ярьж байлаа. “Мөс” хэрэглэгчдийн хүрээ тэлэгдэж буй ч хамгийн гачлантай нь тэд өөрсдийгөө хар тамхинд донтсон, буруу замаар явж буйгаа ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй юм.

Монголд одоогоор цорын ганцаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг 600 орчим үйлчлүүлэгчтэй.

Тэдний олонх нь морфинд донтсон иргэд байдаг тухай нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр ярьсан. Гэтэл мансууруулах бодис хэрэглэгчдийн олонх нь “мөс”-нд толгойгоо мэдүүлээд байхад тэднээс нэг нь ч энэ нийгэмлэгээс тусламж хүсээгүйг тэрээр бас хэлсэн юм. Харин саяхнаас нэг үйлчлүүлэгч хандаж, “мөс”-ний хэрэглээгээ зогсооход туслахыг хүсчээ.

Б.Нямбаяр тэргүүнээр дамжуулж уламжлуулсны хүчээр тэр хэрэглэгч бусдад, үеийнхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Энэ бол шинэ төрлийн гэгдээд буй “мөс”-ийг хэрэглэгч хар тамхины хор нөлөө, залуусыг хэрхэн буруу зам руу татаж буй бодит амьдралыг ярьсан хэвлэлийн анхны ярилцлага болов уу.

“ХАР ТАМХИЙГ НЭГ УДАА ТАТААД БОЛИНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ”

Ярилцагчаа Туул гэж /зохиомол/ нэрлэе. Тэр 21-тэй. 2014 оны наймдугаар сард найзынхаа ятгалгаар хар тамхи хэрэглэж үзжээ. Туул үргэлжлүүлэн ингэж ярьсан юм. “Өөрийгөө хар тамхинд донтсоноо мэдээгүй.

Шоудахын өмнө, найзуудтайгаа уулзаад гоё байхын тулд хэрэглэдэг байсан. Нөгөөхөө татаж л байвал сүүлдээ ганцаараа, хаана ч хамаагүй болчихсон. Хоёр хоног татахгүй бол гэдэс гүйлгээд, зүрх хүчтэй цохилж, гар салганаад байж суухын аргагүй болно. Эхэндээ сонирхоод татаж байсан бол сүүлдээ эрүүл мэндийн шалтгаанаар, биед гарч байгаа зовиурыг дарахын тулд татдаг болсон.

Миний танилуудын дунд “мөс”- ийг 10 хүн тутмын 2-3 нь, өвсийг бараг 6-7 нь хэрэглэдэг. Яг л архинд донтсон хүнтэй адил. “Мөс”-ийг баян чинээлэг айлын хүүхдүүд л хэрэглэдэг. Тэдэнд бодис худалдаж авах мөнгө асуудал биш. Хамаг юмаа зараад ч хотойхгүй. Байр, машинаа зарах бол энүүхэнд. Тэгээд ч тэд дахиад л худалдаж аваад хэрэглэж байдаг.

Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон нэгэн ч байгаа. Нас барсан тохиолдол ч бий. Хар тамхины хэрэглээнд нас бол хамаагүй болсон юм билээ. 15-21 хүртэл насны охид хэрэглэдэг. Нэг гр “мөс”-ийг бид нэг жи гэдэг. Нэг жи 300000-500000 төгрөгийн үнэтэй. Нэг удаагийн хэрэглээнд нэг жи хангалтгүй. Хангалттай татна гэвэл нэг удаа 1 000 000 төгрөгийн жи-гээр хэрэгцээгээ хангадаг.

Монголд хар тамхины зах зээл маш өргөн хүрээтэй болсон. Саяхан Замын- Үүдэд хар тамхины эсрэг баривчилгаа болоход энд хэрэглэдэг найзуудын олонх нь урагшаа Бээжин, Хонгконг, Макао руу явж татъя гэж ярилцаж байсан. Замын-Үүдийн хүмүүс баригдвал Улаанбаатарт бараа ховордож үнэд орно.

Харин урд бол хямд. Хар тамхинаас гарах хүсэлтэй залуус байдаг боловч тэд хаана хандахаа мэддэггүй. Хар тамхи хэрэглэснээс болж миний биед маш олон сөрөг өөрчлөлт гарсан. Өмнөх шигээ гүйж харайж чадахгүй. Таван давхарын шатаар өгсөхөд л зүрх чичрээд хөгшин хүнээс ч дор болсон. Тиймээс энэ байдлаас гарахын тулд тусалж болох байгууллага маш удаан хайсны эцэст Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийг олсон.

Хар тамхийг хэзээ ч нэг удаа татаад болино гэж байдаггүй. Нэг нь хоёр болно, тэр нь дахиад үргэлжилнэ. Бүх амьдралаа үрнэ гэсэн үг. Ойр хавьд чинь хэн нэгэн мансууруулах бодис татаж үзэхийг ятгавал үгүй гэж хэлээрэй. Ганц удаа “Үгүй” гэж хэлснээрээ чи хэзээ ч хохирохгүй. Харин ч амьдралаа аварсан алхам болно шүү” гэж тэрээр захисан.

Амьдралд алдсан алдаагаа засах алхам хийсэн нь түүний хувьд сайн хэрэг. Гэвч өөрийгөө хар тамхинд донтсоноо мэдээгүй яваа олон залуус хаана, ямар нөхцөл байдалд байна вэ.

МАНСУУРУУЛАХ БОДИС ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

Хар тамхийг шөнийн цэнгээний газар, зочид буудалд эмэгтэйчүүд голдуу хэрэглэдэг байна. Энэ төрлийн хэрэгтэй тэмцдэг цагдаа нар хэрэглэгчдийн 30 хувь нь эмэгтэй гэсэн боловч үүнээс хавь илүү хувьтай байгааг бусад албаны хүмүүс ярьж байсан. Мөн биеэ үнэлэгчдийн дунд ч хар тамхины хэрэглээ өндөр болсон гэж байна.

Тэд мөнгө биш хар тамхи авч хэрэглэхийн тулд биеэ үнэлдэг тухай ч яриа байгаа юм. Түүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сонирхож, нэгэндээ уруу татагдаж хар тамхи хэрэглэх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэргэжлийн газрууд судалж тогтоожээ.

Монголд хар тамхи хэрэглэгчид нэмэгдэж байгааг харах нэг сэжим бол энэ төрлийн хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа явдал. ЦЕГ-ын мэдээллээр 2013 онд мансууруулах бодис худалдаж борлуулсан, хадгалсан зүйл ангиар 36 хэрэгт 96 хүн холбогдож байсан бол 2014 онд гэмт хэргийн гаралт 69.4 хувиар нэмэгдэж 61 хэрэгт 153 хүнийг холбогдуулан шалгажээ.

2015 онд ч мөн адил, хар тамхины хууль бус наймааны гаралт өсч 79 хэрэгт 169 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өнгөрсөн оныхоос 29.5 хувиар өссөн байна. Тэгвэл энэ он гараад эхний зургаан сарын байдлаар бүр ч сэтгэл шимшрэм судалгаа харагдаж байна.

Зургадугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдсан хэрэг 43 гарч 130 хүнийг баривчилсан нь өмнөх оны мөн үеэс 75 хувиар өссөн үзүүлэлт юм. Хууль бус наймаачдыг жил ирэх тусам олноор барьж байгаа нь сайшаалтай ч үүний ард худалдаа, хэрэглээ тэр хэрээр нэмэгдэж байгаагийн баталгаа.

Үүнийг баталж хууль хяналтын зарим эх сурвалж “Монгол Улс хар тамхины хууль бус эргэлт, хэрэглэгчдээ хяналтаасаа аль эрт алдсан. Хууль бус наймаа өдөр өдрөөр цэцэглэж байхад үүнтэй хэдхэн тооны цагдаа л тэмцэж байгаа. Зөв оновчтой бодлого гаргаж байж л цэгцрэх асуудал” гэцгээж байна.

Хар тамхины хэрэглээ аль эрт 1990 оноос аюулын харанга дэлдэж, 2000 оноос эхлэн монголчууд хар тамхины тээвэрлэгч болж амь амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөөгөө зольсон олон гашуун түүх байдаг. Үүнийг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олноор хөндөн тавьж, төр засгаас шийдвэртэй бодлого шаардаж ирсэн.

Харамсалтай нь хүний амь нас яригдаж байж сая нэг сэхэл авч анхаардаг өмнөх сургамжууд бий. Тэгвэл энэ цагаан тахал аль эрт монголчуудын амь нас, эрүүл мэндийг сорж эхэлжээ. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн үйлчлүүлэгч, 10 гаруй жил морфин тарьж хэрэглэсэн нэгэн иргэн өнгөрсөн дөрөвдүгээр сард амиа алджээ.

Тэрээр байнгын тариураас болж судас нь бөглөрч нас барсан харамсалтай хэрэг. Мөн залуучуудын дунд “мөс” хэтрүүлж хэрэглэж нас барсан тохиолдол гарсныг Туул ярьсан. Тэгээд зогсохгүй хар тамхины хэрэглээ урагт яаж нөлөөлдөг нүд хальтрам жишээг та зурган дээрээс харж байна. Энэ бол Монголд болсон явдал.

Үргэлжлэл бий.

Б.Энхзаяа

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих